Японы Чибаши дүүргийн Чиба хотын бага сургуульд өнгөрсөн жил нэгдүгээр ангид элсэн орсон монгол хүүгийн багш зуны амралтаар нь шавь руугаа болон ээжид нь тусгайлан гараар бичсэн захидал сэтгэл хөдөлгөж, битүүхэн атаархал төрүүлмээр. “Эх орондоо эрүүл агаар, байгалийн сайханд аялж, амарч, тоглож наадаж яваа бяцхан шавь минь зуны амралтаа дурсамж дүүрэн өнгөрүүлээд ирээрэй. Аялал, амралтынхаа тухай нэг хуудас тэмдэглэл бичиж ирэхээ мартуузай. Зуны даалгаврыг нь илгээлээ, өдөрт 10 минутаас хэтрүүлэлгүй хийлгээрэй. Хамгийн гол нь хүүхдээ залхааж огт болохгүй шүү. Хичээл, сургуулиас халширчих вий” гэх мэтчилэн аргадах, зөвлөх, урам өгөхийг хослуулсан япон багшийн сэтгэлд талархмаар. Нэгдүгээр ангийн сурагч байсан ч хамаагүй, хүүхэд өөрөө л алхаж ирэх ёстой учраас гэр, сургуулийн хоорондох зай нь ихдээ л таван минут зарцуулахаар бүх хуваарилалт, зохицуулалтыг цаанаасаа хийдэг тэгш, хүртээмжтэй нийгэмд ерөнхий боловсрол эзэмших ийм байдаг байх нь.
“Хорин минут хичээллээд, 5-10 минут амарч тоглох хуваарьтай, хоёр цаг болоод л сурагчдаа гадаа гарган, нэг цагийн турш гүйж харайх, бөмбөг өшиглөх, нэгэнтэйгээ ноцолдон сэргэх боломж олгодог” хэмээн голыг минь гогдон хэлж байна. Бага насны хүүхдэд цаанаасаа нэхэгдээд байдаг өтөнгөр зангийн хэрэгцээг нь дарахын тулд хангалттай хугацаагаар тоглуулж, зугаацуулдаг сургууль байна гэхээр монгол аав, ээжүүдийн хувьд сонсоход л атаархахаас аргагүй байгаа биз. Энэ ажлыг туслах нь хариуцах тул үндсэн багш нь тэр хооронд тухтай цайлахаас эхлээд дараагийн хичээлдээ бэлдэх зэргээр өөр бусад ажлаа амжуулдаг гэж байгаа. Ингэж сэргэсэн багш, хүүхдүүдийн аль аль нь дараагийн хичээлдээ эрч хүчтэй, урам зоригтой, соргог шинэлэг сэтгэл зүйтэй орох нь дамжиггүй шүү дээ. Дээрээс нь үдийн цайгаа уух 40 минутын завсарлага нь тусдаа, үдээс хойших дугуйлан секцийг нь нэмэхээр Японд бага ангийн сурагчид хичээл, сургуулийг ар араасаа хөөгдсөн мэт хичээлээр “бөмбөгддөг” залхаан цээрлүүлэлтийн газар биш, цэцэрлэг шигээ, орон гэр шигээ санаж, тайвнаар бие даах, ачаалал хүлээж авах чадварт суралцдаг байна.
Гэтэл XXI зууны Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө долоо хоног үлдээд байхад ерөнхий боловсролын 36 сургуулийн 20- иод мянган сурагч гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдалтай, хэзээ ч юм, хаанаас ч юм төсөв санхүүг нь шийдвэл 27 барилга байгууламжийг түрээсэлж тэдгээр хүүхдийг суралцуулах “төлөвлөгөөтэй” сууж байв даа. Гол усаар л нэг шүүмж, маргаан өрнөсөн хэрнээ гурав хонолгүй мартчихаад, дараагийн сенсаац руугаа шумбан орлоо. Энэ хооронд гурван ээлжээр хичээллэдэг хоцрогдсон, бүдүүлэг, хүндхэн нөхцөл байдлыг халж чадахгүй байгаагийн буруутан нь сүүлдээ төрөлт болж таарна лээ. Жил бүр хорь гаруй мянган суралцагч төгсдөг ч 30 гаруй мянган хүүхэд шинээр ерөнхий боловсролын сургуульд элсээд байгаа учраас энэ зөрүүг нийслэл дэх хөрөнгө оруулалт нь гүйцдэггүй юм байх. Энэ жил гэхэд нийслэл хотод 41 мянган хүүхэд шинээр нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа нь бас бидний буруу бололтой. Арайхийж шинээр ашиглалтад оруулсан сургуулиудынхаа сандал, ширээ, хичээлийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг ч шийдэж чадахгүй есдүгээр сарын 1 болгож хөгөө хөлдөө чирсний эцэст Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, зохицуулснаа ид хав болгон сайд, дарга нар нь уралдан яриад байсан.
“УУХ ЮМ АВЧ ЯВАХГҮЙ ЭЭ, ШЭЭС ХҮРНЭ” ГЭЖ УХААН ЗАРТАЛ НЬ МОНГОЛ СУРАГЧДЫГ БИТГИЙ ЗОВОО
Нэн хорлонтой нь, энэ жил олон сургуулийн их, бага гэлтгүй засварын ажлын хөрөнгө оруулалт оройтож шийдэгдсэний улмаас нэг хэсэг нь цахимаар хичээллэж, заримынх нь жорлон түгжээтэй, гал тогоо нь ажиллахгүй хоёр дахь долоо хоногтойгоо золголоо. Арга буюу тэдгээр сургуулийн захиргааны зүгээс эцэг, эхчүүд, хүүхдүүдэд хандан мэдэгдэл гаргаж, “Нөхцөл байдлыг ойлгож, хүлээцтэй байх”-ыг сануулав. Томчууд нь яаж ийгээд аргалдаг юм байгаа биз гэхэд бага, дунд ангийн хүүхдүүд бол хэчнээн тэвчээртэй, хүлээцтэй байх гэж хичээгээд ч бие засахгүй 5-7 цагийн хичээлийн ард гарна гэдэг боломжгүй зүйл. Хүүхдүүдийг физиологийн наад захын хэрэгцээгээр нь хавчиж буй энэ аргагүйдэл бол шууд утгаараа яргалал билээ. “Уух юм авч явахгүй ээ, шээс хүрнэ” гээд бяцхан оюундаа физиологийн асуудлаа хүртэл төлөвлөж, ухаан зартал нь Монголын үрсийг битгий зовоо.
Ямар ч хатуу дэглэмтэй цэргийн хуаран, шорон гянданд хүртэл хүнийг бие засах эр¬хээр нь хавчин боодоггүй сэн. Гэтэл монгол хүүхдүүдийг өдгөө “давсгаа хагартал шээсээ хураа” хэмээн захиргаадаж буй дунд сургуулийн эдгээр цээрлэлт өдрүүдийн ар дээр ирээдүйд тэдэнд эрүүл мэндийн ямар урхаг асуудал тулгарч болохыг тааварлахад бэрх байна. Ерөөс нэг ангид 50, 60-аараа хичээллэдэг нийслэлийн сургуулийн хүүхдүүдэд их завсарлагааны 20 минут нь ч хүрэлцэхгүй, жорлонгийнхоо үүдэнд дугаарлаж зогссоор байтал зарим нь бие засаж амжилгүй буцаад анги руугаа хар хурдаараа дэгддэгийг манай сайд, дарга нар мэддэг болов уу. Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил. Хүний эрхийн үндэсний комисс гэж газар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад байдаг энэ мэт асуудлыг анхааралдаа авч, шалгадаг болоосой. Хэрэв Японд ийм асуудал үүссэн бол эцэг, эхчүүд нь аль хэдийн сургууль, дүүрэг, орон нутаг, холбогдох яам, агентлагт гомдол гарган, эсэргүүцлээ илэрхийлж, эцсийг нь үзэх байсан гэх.
Харин Монголд хичээлийнхээ дундуур бие засаж ч амжихгүй байгаа хүүхдүүдэд амныхаа цангааг тайлах хэрэгцээ бол дараагийн асуудал болсон. Цайны газар нь ажиллахгүй, ажилладаг байлаа ч тэнд мөн л дугаарлаж зогссоор их завсарлагааны цаг нь дуусна. Ийм “дайчилгааны” нөхцөлд бага ангийнхан байтугай, учир мэдэхтэйгээ болсон дунд ангийн сурагчид хүртэл гэрээсээ бэлдэж авч явсан жаал жуул юмаа ч үнэндээ идэж, ууж амжсангүй гээд буцаагаад авчирдгийг Японд төгссөнөөрөө гайхуулан гангардаг үе үеийн боловсролын сайд нар таамагладаг болов уу. Боловсролын чанар, эрх тэгш байдал зэргийг ярьж тэр төгсөрчихсөн системтэй улстай “барьцах” гэсэнгүй. Зүгээр л япон, монгол сурагчид бага боловсрол эзэмших орчин, нөхцөл, хүртээмжийн хооронд хэдэн зуун бээрийн ялгаа байгааг хэлээд өгөөч. Нэг умгар өрөөнд бүтэн зургаан цагийн турш 50-60-аараа чихцэлдэн суудаг монгол хүүхдүүдэд ядаж дунд нь 10 минут ч болов гадаа агаарт гарах цаг завдал байдаггүй. Таван минутын зайтай нэг хичээлээс нөгөө хичээлийн хооронд буухиалан замчлах хонхны чарлаа дуунаар багш, сурагчгүй дэв дав хийн уухирдаж тэвдсээр дараагийн ангидаа зайгаа тавьж өгөхөд хүрдэг. Энэ бол манай боловсролын салбарын өнөөгийн бодит төрх.
ЯПОНД НОМ, СУРАХ БИЧГЭЭ САР САРААР НЬ ХЭВЛЭЖ ӨГДӨГ
Манайд нэг, хоёрдугаар ангийн сурагчдын цүн¬хийг аав, ээж, эмээ, өвөө, ах эгч нар нь байнга үүрч, хүргэж өгдөг учраас хүүхдүүдэд зориулсан элдэв өнгө, дүрстэйг биш, өөрсдөдөө тохирсон сонголт хийх тухай хошин яриа жилийн жилд гардаг. Тэгвэл Японы нэгдүгээр ангийн сурагчид таван минутын зайтай бүсэд орших бага сургууль руугаа алхаж очдог тул цүнхээ ч өөрсдөө “маллах” шаардлагатай. Гэхдээ тэдний цүнхэнд монгол хүүхдүүдийнх шиг хичээл бүрд ашиглах 60-100 нүүр бүхий, шохойтой цаастай зузаан зузаан ном, сурах бичиг байдаггүй. Ном, сурах бичгээ сар сараар нь буюу 12 хуудастай нимгэн дэвтэр шиг, хамгийн хөнгөн, шохойгүй, хүүхдийн эрүүл мэндэд элдэв сөрөг нөлөөгүй цаасан дээр хэвлэдэг.
Хамгийн гол нь гэрийн даалгаврыг өдөр өдөрт нь хуудас цаасанд хувилаад өгч явуулах тул өнөөх 12 хуудастай номнуудаа анги дээрээ тус тусын шүүгээндээ үлдээдэг байна. Хааяа нэг мартаад цүнхэлсэн байлаа гэхэд өдөрт 3-4 хичээл л орох тул дэвтэр, ном нь хүнддээд шалихгүй. Тэгэхээр зургаан настнуудыг цүнхэндээ “дарагдаад” хаа нэгтээ өеөтсөн байх вий гэж лав санаа зоволтгүй. Харин хүүхэд л болсон хойно, төөрч будлих асуудал гарвал замдаа таарсан ямар ч айлын хонхыг дараад тусламж гуйх боломжтой, өнөөдүүл нь ч заавал гэрт нь хүргэж өгөх үүрэг хүлээдэг гэнэ. Сурагч бүрийн цүнхэнд сургууль гэрийнх нь чиглэлийг тодотгосон өнгө өнгийн тууз зүүж өгдөг учраас аль хэсгийн, ямар гудамжных болохыг таних тэмдгээр нь төвөггүй мэддэг аж.
Бага ангийнхны цүнхний жингийн асуудал зүгээр нэг тоглоом наргиа биш болж, хаа сайгүй анхаарал татах хэмжээнд хүрчээ. Сүүлийн жилүүдэд сурагчдын 79.1 хувь нь хэт хүнд цүнхтэй явдаг, 65.7 хувь нь зөвхөн энэ ачаанаас болж ядардаг, 50 хувь нь үүний улмаас нуруу өвддөг болохыг тогтоосон байна. Олон улсын стандартаар бол бага ангийн сурагчийн үүрэх ёстой цүнхний жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байх ёстой гэдэг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан судалгаагаар зургаан настай монгол эрэгтэй хүүхдийн биеийн жин дунджаар 19.2 кг, эмэгтэй сурагчийнх 18.8 кг байдаг гэнэ. Тэгэхээр зургаан настай сурагч ихдээ л хоёр кг хүртэл жинтэй цүнх үүрэх ёстой гэсэн үг байх нь. Япон, ОХУ-д хүүхдийн цүнхний стандартыг тогтоохдоо биеийн жин гэхээс илүүтэй анги болон цүнхний ачааны дундаж хэмжээг харгалзан гаргажээ. Тухайлбал, I-II ангийн сурагчийнх 1.5 кг-аас илүүгүй, III-IV анги бол хоёр, V-VI ангийн хүүхдүүдийн цүнхний жин 2.5 кг-аас илүүгүй байх ёстой гэж үздэг байна.
Гэтэл монгол сурагчид яадаг билээ. Өчнөөн номтой бул хар чулуу шиг цүнхээ үүрээд хайнагийн шар шиг зүтгээд л байдаг. Үүнийг бүгд мэддэг, шүүмжилдэг ч бодитой үйлдэл хийж, бага боловч өөрчлөх санаачилга гаргасан нь үгүй. Адаглаад олон хуудас хүнд хар номуудаа ангидаа үлдээгээд, багш нар нь гэрийн даалгаврыг нь хувилж өгөөд явуулдаг бичиг цаас, принтерийн хор зэрэг зардлыг сургууль, улсаас шийддэггүй юм бол эцэг, эхчүүдээс нь авсан ч болно шүү дээ.
Л.Аргамжин