Тухайн үед далайн чанадын газар орон Оросын сонирхлыг татахгүй байв. Хилээс нь цааш дорно зүгт Номхон далай, Япон, зүүн өмнө тийш Хятад, умардад Мөсөн далай хүртэл судлагдаагүй, онгон зэлүүд нутаг олон мянган километр үргэлжилж байлаа. Тэр цагт Николай Михайлович Пржевальскийн нэр ихэнхдээ түүний нэрийг хадгалсан Монголын цөлийн зэрлэг адуутай холбогдож байв. Тэрбээр зөвхөн аялж явахдаа л өөрийгөө жаргалтай, ер бусын эрх чөлөөтэй байгааг мэдэрнэ. “Надад уул шиг алт өгсөн ч өөрийн зэрлэг онгон эрх чөлөөгөө түүгээр худалдахгүй” гэж 1886 оны наймдугаар сард эгчдээ бичиж байжээ. Зах хязгааргүй газар нутаг руу хөтөлсөн зам түүний хувь тавилан, амьдралынх нь учир утга байв. Бядан явагч, эрдэнэс баялгийн ангууч түүхэнд цөөнгүй байсан ч Пржевальский тэднээс өөр зорилготой эрдэмтэн, авах биш, өгөхийг эрмэлзсэн эх оронч байлаа.
оронч байлаа. Эхний экспедицүүдээ өөрийн хөрөнгөөр зохион байгуулж, бүхнийг өдөр өдрөөр, газар нутгийн өндөр, нам, цагуурын хэлбэлзэл, хөрсний байдлыг маш нягт нямбай бичиж, төлөвлөж, ургамал, шавж, шувуу, загас цуглуулж, дүрслэн бичдэг байжээ. Шинжлэх ухаанд мэдэгдээгүй амьтныг хэдэн долоо хоног ажиглаж, тэднийг олж аваад дараа нь судлуулахаар Оросын ШУА-д өгөхийн тулд нямбай гэгч нь хадгална. Түүний үнэнч сэтгэл, харамгүй байдал, ил шулуун зан нь өнөө үеийнхний гайхлыг төрүүлдэг юм.
Пржевальскийн удам Зампорожийн казахаас гаралтай гэж үздэг. Түүний хэдэн үеийн эрчүүл нь цэргийн алба хааж байж. Пржевальский айлын дөрвөн хүүхдийн том нь, эцгээ хорвоог орхиход ердөө долоон настай байв. 12 настай байхад авга ах нь буу өгч анд хорхойтой болгосон байна. Үүнээс өмнө нум сумаар, тоглоомон буугаар мэргэн харваж, буудаж чаддаг болсон байв. Пржевальский насан туршдаа ангаас салаагүй, мэргэн бууддаг нь түүнийг өлсгөлөн хийгээд дээрэмчдээс нэг бус удаа аварч байсан аж. 16 настайдаа гимназ төгсөөд Рязанын явган цэргийн хороонд очив. Гэвч цэргийн амьдрал төсөөлж байснаас нь өөр байлаа. Хорооны цэргүүдтэй хөзөр л тоглоно. Гайхалтай ойтой тэрбээр сайн тоглоно. Анхны экспедицийн зардлын ихэнхийг хөзрөөр мөрийтэй тоглож байж олсон гэдэг. Сүүлдээ хорооныхноос нь түүнтэй тоглох хүн олдохоо больсон тул чөлөөт цагаараа аялал жуулчлал, газар зүйн нээлтийн тухай ном уншиж, ан хийж, ургамал цуглуулах болов. Тэр үед Дэвид Ливингстон Викторын хүрхрээг нээсэн тухай, Замбезийн хөндийд түүний экспедицийн хийсэн ажлын тайлангийн тухай л бичиж байлаа.
1856-1857 онд Петр Семёнов шинжлэх ухаанд Тянь-Шаний аварга уулсын орныг нээж, 1860 онд Хятадтай байгуулсан гэрээгээр Амар мөрнөөс Уссури мөрний хоорондын уудам газар нутаг Оросын эзэнт улсын мэдэлд очжээ. Энэ газар нутаг хүн ам цөөтэй, бараг судлагдаагүй байв. 1864 оны хоёрдугаар сард Оросын газар зүйн нийгэмлэг Пржевальскийг өөрийн жинхэнэ гишүүнээр сонгов. 1867 оны эхээр түүний хү¬ сэлтийг биелүүлж Эрхүүд Зүүн Сибирийн цэргийн тойргийн мэдэлд шилжүүлж, тавдугаар сар гармагц Уссурийн хязгаарт Манжуур, Солонгосын хилийг чиглэх замыг тодорхойлох даалгавар өгч илгээв. Хажуугаар нь Оросын газар зүйн нийгэмлэгийн Сибирийн салбарт зориулж эндхийн ургамал, амьтны байдлыг зураглан би¬ чиж, амьтан, ургамлын цуглуулга хийх ёстой байв.
Пржевальский, түүний нөхдийн явсан зам маш хэцүү, асар аюултай, хаанаас ч, хэнээс ч тусламж авах боломжгүй байв. 27 хэмийн хүйтэнд шөнө, майхан байхгүй, шууд цасан дээр нойр авахад хүрч байжээ. “Ямар нэг төмөр эд зүйлд гар хүрэх аргагүй, нуруугаа галд ээхгүй бол хөлдчих гээд, байсхийгээд эргэж хөрвөнө. Хүйтэн жаварт унтана гэж санахын ч хэрэггүй. Амьсгалахад үүссэн уур сахал, үсэнд цан болж хөлдөөд, тэгснээ гэсэж ус болоод цамцан дотуур бие дээгүүр урсана” хэмээн тэрбээр өдрийн тэмдэглэлдээ бичиж байв. Уссурийн хязгаарт Пржевальскийн хийсэн цуглуулгад 300 төрлийн ургамал байжээ. 310 ширхэг чихмэлээс бүрдсэн шувууны цуглуулга нь маш үнэ цэнтэй, урьд нь шинжлэх ухаанд мэдэгдээгүй зүйл ч түүний дотор байв. Академич Александр Штраухын үзсэнээр энэ цуглуулга нь “Манай эх орны сонирхол татсан хязгаар нутгийн шувууны ертөнцийг бүрэн харуулахуйц, дараа үеийнх нь олон эрэл хайгуул түүнд багахан нэмэр болсон төдий” байв.
Уссурийн хязгаарын уужим тал хөндий Пржевальскийн баяр бахархлыг төрүүлж, ажил нь эндхийн унаган нөхцөл байдал дунд өрнөж байлаа. Мөнгө төгрөг дутахаараа Пржевальский амьдралын гүнд ороод явчихна. 1868 оны өвөл Владивосток, Николаевскод очиж хөзөр тоглоод 12 мянган рубльтэй болж, нутгийнхан түүнийг “Алтан гургуул” гэж хочлох болсон байна.
Эндхийн амьдрал байдлыг архи, хөзрөөр тодорхойлж болохоор. Хөзөр, архи-нутгийнхны уриа энэ. Оюуны амьдрал нь Шинэ Гвинейн папуасчуудынхаас арай дөнгүүр” гэсэн байдаг. Аливааг дүгнэж цэгнэхдээ тэрбээр хулгаж халгадаггүй, тал алдчихвий хэмээн болгоомжилдоггүй, ил шулуун биччихдэг байсан аж. Хилийн ойр Оросын газар нутаг дээр байсан хятад, солонгос хүмүүс эзэнт улсын энэ нутаг оронд аюул учруулж болзошгүйг нууж хаалгүй мэдээлж байжээ. 1868 оны тавдугаар сард Япон тэнгисийн эрэг газар Хятадын хунхуузууд (улаан сахалт)-ын зэвсэгт дээрэмчид гарч ирсэн нь түүний энэ болгоомжлолыг нотолсон байна. Тэр хятадууд гурван орос тосгон, харуулын хоёр байрыг шатааж, хэд хэдэн орос хүнийг алжээ. Нутгийн хятадууд тэднийг дэмжиж, энэ бүс нутагт дайны байдал бий болов. Пржевальскийг цэргийн отрядуудын штабын даргаар томилж, нэг сарын хугацаанд “улаан сахалт”-нуудыг бут цохиж, үлдсэн хэд нь Манжуур луу зугтжээ. Сучан гол дээр явуулсан ажиллагааны нь төлөө Пржевальскийд ахмад цол олгов.
Энэ экспедицийнхээ ажлын үр дүнг Пржевальский 1870 онд хэвлэгдсэн “Уссурийн хязгаарт хийсэн аялал” номдоо бичжээ. Уг ном түү¬ нийг олон түмэнд танил болгосон аж. Түүнээс гадна сар бүр гардаг Оросын хамгийн олон уншигчтай, нөлөө бүхий “Европын мэдээлэл” хэвлэлд нийтлэгдсэн Пржевальскийн өгүүлэлд алс хязгаар нутгийн оршин суугчдын ядуу зүдүү амьдралыг нүдэнд харагдтал дүрсэлж, эрх баригчдынх нь үйл ажиллагааг хатуу ширүүн шүүмжилжээ. Түүний зэрэгцээ нөхцөл байдал ийм байгаагийн шалтгааныг илчлээд зогсохгүй, түүнийг сайжруулах, Уссурийн ард иргэдийн амьдралыг огт өөр болгох арга замыг ч санал болгосон байна. Өөрсдийнх нь үйл ажиллагаанд ийм үнэлгээ өгсөнд Дорнод Сибирийн удирдлага бухимдсан ч нийслэлд Пржевальскийг өндөр үнэлж, 1870 онд түүний санал болгосныг хожим нь Стольпиний хэрэгжүүлсэн ХАА-н өөрчлөлтийн явцад ажил болгосон аж.
Хоёр жил гаруйн хугацаанд хийсэн ажлаа Пржевалський тайлагначхаад дараачийн экспедицийнхээ төлөвлөгөөг зохиох ажилд оров. Уг экспедицийн зорилго нь европчуудад огт танил бус Тянь Шань, Памир, Гималай, Алтай Саяны хоорондох өргөн уудам газар орон байв. Энэ газар нутгийн үлэмж хэсгийг говь хийгээд Төвдийн уулс эзэлнэ. Түүний тухай олигтой ойлголт төсөөлөл байхгүй, ядаж газрын зураг ч үгүй. Цуу яриа, үнэмшихэд бэрх домог л элбэг. 1870 оны наймдугаар сард Пржевальский СанктПетербургээс Эрхүүд ирж, улмаар 1871 оны эхээр Бээжин хүрч, Оросын Элчин сайд, генерал Александр Влангалийн дэмжлэгээр дээрх газраар явах зөвшөөрөл олж авлаа...
Төв Ази, Монгол, Төвөдөд хийсэн аялал нь онцгой хүнд хэцүү байжээ. Пржевальский өдрийн тэмдэглэлдээ бичсэн нь “Нар мандахад хүйтэн нь 32 хэм, дээр нь хүчтэй салхи, заримдаа шуурга тавина. Зун нь энд 37 хэм хүрнэ гээч. Төвөдийн уулархаг нутагт хүйтэн гэж айхтар, тэгсэн хэрнээ Алшаний цөлд шатаах шахна, 47 хэм хүрнэ. Замд ховор тааралдах худгийн ус уух аргагүй, хажуугаар нь дунгаанууд монгол хүмүүсийг алаад цогцсыг дотор нь шидчихнэ. Нэгэнтээ ийм худгаас авсан усаар цай чанаж уучхаад тэмээгээ услахаар худгийн усыг шавхсан чинь ёроолд нь илжирч муудсан гурван цогцос байсныг бодохоор одоо хэр нь зүрх шархирдаг юм”.
Хятадын ислам шашинт замын дээрэмчид судлаачдад багагүй аюул учруулж байлаа. Экспедицийнхний эр зориг, сайн зэвсэг, мэргэн буудах чадвар нь хэд хэдэн тохиолдолд тэднийг аварсан байна. Нэг удаа эд дөрвүүлхнээ гучаад хятад дээрэмчний үйлдийг зогсоож чаджээ.
Пржевальский нөхдийн хамт очсон газруудад урьд нь европчууд мөрөө гаргаж байсангүй, барааг нь ч хараагүй байлаа. Тиймээс хожим нь тэнд очсон хүмүүсийг тэр газрынхан оросууд, цагаан хааны албатууд гэдэг байж. Холын зайд гайхалтай мэргэн бууддаг, эр зориг, ер бусын царай төрх, байнга авч явдаг байсан ургамлын цуглуулга, амьтдын чихмэл нь Пржевалскийг алс хязгаар болон харь нутгийнханд мундаг бөө, гэгээн хувраг гэж харагдуулдаг байв. Тэд түүнийг өвдөг сөхрөн, мөргөн залбирч угтаад, эмчлүүлэхийн тулд өвчтэй хүүхдээ авчирч, хувцсанд нь ч болов хүрэхийг хичээж, цаашдын зам мөрөө даатгахыг хичээнэ. “Над дээр ирэхдээ ирээдүйгээ төдийгүй алдсан мал, гээсэн гаансаа хүртэл хаана байгааг мэдэх гэнэ. Тангадын нэгэн хэргэмтэн жирэмсэлдэггүй эхнэрээсээ хэд хэдэн хүүхэд төрүүлэх арга чарга олж өгөхийг хүссэн удаатай” гэж Пржевальский тэмдэглэсэн байдаг.
Пржевальский, түүний хамтрагчид гурван жилийн дотор 12 мянган километр зам туулж, түүнийхээ 5.5 километрийг нь газрын зурагт буулгажээ. Төвөдийн уулсын өндрийг тодорхойлсон байна. Цаг агаарын байдлыг хоногт дөрвөн удаа тэмдэглэж байв. Пржевальскийн экспедиц нийтдээ 18-19 мянга буюу жилд 5000 орчим рубль зарцуулж байсан аж. Эргэж ирмэгцээ Хятадын байдал, Зүүн Хятад дахь дунгаануудын бослогын тухай дэлгэрэнгүй тайлан бичив. Цэргийн яамны сайд нь түүнийг хүлээн авч, талархал илэрхийлээд насан туршид нь 600 рублийн тэтгэмж олгож байхаар болсныг дуулгасан байна. II Александр хаан Пржевальскийн цуглуулга, газар зүйн зураглалыг нь үзэж сонирхоод Жанжин штабын дэд хурандаа цол олгож, Оросын эзэнт улсын Төв штабын офицер болгов. Бас бүх цуглуулгыг нь Эзэн хааны Шинжлэх ухааны академид өгөхөөр худалдаж авсан байна. Уг цуглуулгыг үзэж сонирхсон Австрийн Эзэн хаан Франц Иосиф Пржевальскийг Леопольдын одонгоор шагнажээ.
Пржевальский экспедицийнхээ цуглуулсан материалаар “Монгол Улс ба тангадын орон” хэмээх гурван боть ном бичиж хэвлүүлснийг тэр даруйд нь франц, герман, англи хэл дээр хөрвүүлсэн байна. Францын академи түүнийг Алтан дал модны навч одонгоор шагнаж, өөрийн хүндэт гишүүн болгов.
1876-1885 онд Пржевальский Төв Ази руу гурван экпедиц зохион байгуулжээ. Тухайн үед Британи улс дэлхийд ноёрхохыг эрмэлзэж, Хятад, Төвөдөд үзүүлж буй Оросын нөлөөг төлөвлөгөөнд нь аюул учруулах зүйл гэж үзэж байжээ. Тэндхийн сонинд “Судалгаа шинжилгээний зорилготой мэт харагдуулж байгаа генерал Пржевальскийн аялал үнэн хэрэгтээ улс төр, цэргийн зорилготой бөгөөд Лхаст очоод тэрбээр Далай ламтай нууц гэрээ байгуулахыг үгүйсгэх аргагүй” гэж бичиж байсан аж.
Зөвшөөрөл авахад улам төвөгтэй болж байлаа. Хятадуудаас эмээн орон нутгийн эрх мэдэлтнүүд оросуудад газарчин гаргаж өгөх, тэмээ болон хоол хүнс худалдахаас татгалзаж байв. Оросуудыг урагш гишгүүлэхгүйн тулд элдэв цуу яриа дэгдээнэ. Тухайлбал, “Харийн энэ хү¬ мүүс гурван нүдтэй (малгай дээрх тэмдгийг нь хэлж байна), тэдний барьж яваа буу нь алс хол тусдаг, сумаар зогсоо зайгүй шүршинэ, өөрсдөө суманд оногдохгүй. Тэднээс мөнгө авч болохгүй, тэр нь илбэ жатгын төмөр байдаг юм гэнэ лээ” гэх. Төвөдийн нийслэл Лхасад очих нь Пржевальскийн мөрөөдөл байв. Дөрвөн удаа тийш нэвтрэх гэж оролдохдоо тэр ариун хотын захад хоёр ч удаа хүрч байжээ. Эхний удаад өвчин, хоёр дахид нь англичууд хийгээд хятадуудын өшөө авахаас эмээсэн Далай ламын хориг саад болсон байна. “Ийнхүү Лхаст бид хөл тавьж чадаагүй юм. Хүмүүсийн бүдүүлэг боловсролгүй, зэрлэг байдал давшгүй саад болж байсан...” гэж Пржевальский тэмдэглэлдээ бичсэн байна.
Төв Азид хийсэн аялалд Пржевальский нийтдээ есөн жил, хоёр сар, 27 хоног зарцуулж, 30 мянга гаруй километр зам туулжээ. Энэ хугацаанд урьд нь мэдэгдээгүй байсан амьтны хэд хэдэн төрлийг нээсний дотор Төвөдийн баавгай, зэрлэг тэмээ (хавтгай), шувуу, загас, хэвлээр явагчид ордог. Олонд хамгийн нэрд гарсан нээлт нь зэрлэг адуу (тахь) юм. Энэ маш ховор амьтны сургийг Пржевальский нутгийн анчдаас дуулсан байв. Төв Азид хийсэн хоёр дахь аяллынхаа үед энэ зэрлэг адууны цөөн тоотой сүргийн барааг хоёр удаа харсан ч асар болгоомжтой, хурдан хөлтэй тэр адгуус руу буудах хэмжээнд ойртож чадаагүй аж. Энэ адууны арьс, гавлын ясыг орос худалдаачин Тихонов түүнд бэлэглэжээ.
Эцсийн эцэст, хятадууд Пржевальскийг 16 хүний хамт Лхаст очихыг зөвшөөрч буйгаа 1888 оны хавар Оросын Засгийн газарт уламжилжээ. Есдүгээр сарын 23-нд Николай Михайлович Пржевальский Пишипек (одоогийн Бишкек)-т ирэв. Аян замд хэрэг болох зүйлсээ хүлээж байх зуураа аравдугаар сарын 3-нд тэрбээр анд явжээ. Халуун өдөр, нутгийн киргизүүдийн дунд гэдэсний хижиг өвчин дэгдсэнийг мэдээгүй Пржевальский бусдадаа өгдөг өөрийн зааврыг зөрчин голын хүйтэн уснаас ууж орхисон байна. Пржевальский 1888 оны аравдугаар сарын 20-нд Каракал хотын эмнэлэгт амьсгал хураав. ИссыкКуль нуурын өндөр эрэг дээр, экспедицийн үед өмсөж байсан хувцастай нь оршуулж, ердөө “Аялагч Пржевальский” гэж чулуун дээр бичихийг гэрээсэлснийг нь ёсоор болгосон байна.
Р.Жаргалант