Далайн аварга хөлөг “Титаник”-ийг Ирландын “Harland and wolff” үйлдвэрт “White star line” компанийн захиалгаар бүтээжээ. “Олимпик”-аас арай урт учраас түүнийг дэлхийн зорчигч тээврийн хамгийн том хөлөг онгоц гэдэг, живэхгүй гэж ч сурталчилдаг байв. Гэвч энэ онгоц далайд анхны аялалдаа гараад л живсэн юм.
1912 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө “Титаник” мөсөн уултай мөргөлдөж, хоёр цаг, 40 минут өнгөрөхөд далайн ёроол руу одсон байдаг. Уг онгоцонд 2208 хүн явснаас 712 нь аврагдсан гэсэн баримт бий. Онгоцны суудал зорчигчдодоо хүрэлцэхгүй байсан юм гэнэ лээ. Амиа алдагсдын дотор тухайн үедээ олны танил болсон бизнесмен Жон Якоб Астор, Бенжамин Гугенхайм, Конгрессын гишүүн Исидор Штраус гэргийн хамт байсан юм билээ. Хожим нь илүү олон хүн амиа алдсан эмгэнэлт явдал манай гаргийн их усанд тохиолдож байсан ч өнөө хэр нь “Титаник”-ийн ослыг л дэлхий дахин сайн мэддэг бас мартдаггүй юм. Үүнд мэдээж мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэсэн үүрэг их. Энэ сүйрлийн тухай анхны кино зургийг 1912 онд авсан байна. Өнгөрсөн 100 гаруй жилд ослын талаар маш олон өгүүлэл, ном олны хүртээл болсон, одоо ч гарсаар байгаа. Хөлгийн түүхийг судлах зорилготой нийгэмлэг 1963 онд АНУ-д байгуулагджээ.
Амиа алдагсдын төрөл төрөгсөд хийгээд элдвийг санаж сэдэгчид хөлгийг бүхэлд нь юм уу ядаж хэсэг хэсгээр нь ч гэсэн далайгаас гаргаж авах хүсэлтээ илэрхийлж байв. Усанд живсэн үедээ “Титаник” тэгтлээ эвдэрч сүйдээгүй гэх бодол олон арван жилээр хүмүүсийн тархинд байж. Онгоцон дээр байгаад ослын үед амьд үлдэгсэд хөлгийг эвдэрсэн гэж хэлдэг ч тэднийг сонсохыг хүсэхгүй байв. “Титаник”-т тохиолдсон ослыг албан ёсоор мөрдөн шалгасан британичуудын ажлын үр дүнгээр хөлгийг бүрэн бүтнээрээ живсэн гэж үзсэн. Амьд үлдсэн ахлах офицер Чарльз Лайтоллерын мэдүүлэг гол нотолгоо болсон байдаг. Гэтэл ослын дараа ч үргэлжлүүлэн ажиллаж байсан хөлөг онгоц үйлдвэрлэгч “White star line” компанийнхаа нэр хүндийг сэвтээхгүйн тулд Лайтоллер баримтыг гуйвуулсан байж болохыг гэрчлэх зүйл хожим нь олдсон гэж Оросын түүх-судалгааны “Титаник” хамтын нийгэмлэгийн дарга Максим Полищук ярьсан нь бий. Хөлгийг эвдэрч хэмхрэлгүй живсэн гэх таамаглалыг дэмжигчид байр сууриа айхтар хамгаалдаг байна. АНУ-д болсон “Титаник” нийгэмлэгийн хуралдаан дээр ослоос амьд үлдсэн нэг эмэгтэй уг хөлөг харсаар байтал нугарч хугарсныг хуруугаа дарж байгаад тоочиход түүнийг “будилж самуурч байна” хэмээн хурал даргалагч мэдэгдсэн нь үүний нэг тодорхой жишээ болжээ.
Осол болсны дараах эхний өдрөөс л хөлөг болон түүний тээж явсан эрдэнэс, амиа алдагсдын цогцсыг уснаас гаргаж авах талаар янз бүрийн үзэл, санал гарах болсон аж. Соронзонгийн хүчийг ашиглахыг зарим нь санал болгож байсан бол авах гэсэн юмнуудаа усны мандал дээр хөвж гаргаж ирүүлэхийн тулд тэсэлж дэлбэлэх нь зүйтэй гэсэн бодолтой хүмүүс ч байв. 1960-аад оны дундуур нэхмэлийн үйлдвэрийн ажилтан Дуглас Вулли агаарын бөмбөлөг хийлж, хөлгийн их биед бэхлээд онгоцны эвдэрсэн хэсгүүдийг уснаас гарган, Ливерпульд аваачиж янзлаад хөвдөг музей байгуулахыг санал болгож байв. Үүний тулд мөнгө цуглуулах компани хүртэл байгуулсан ч агаарын асар том бөмбөлгийг хэрхэн хийлэхийг бодолцоогүй нь тодорхой болсон байна. Усны даралтыг тэсэхүйц хий бий болгоход 10-аас доошгүй жил шаардагдах байлаа гэж мөнөөх Максим Полищук ярьжээ.
Энэ бол цорын ганц гайхалтай санаа биш байжээ. “Титаник”-т 180 мянган тонн хайлсан лав (эсвэл вазелин) хийж зайлах тухай ярьж байв. Эсвэл хөлгийг пинг-понг-ийн бөмбөгөөр дүүргэх, гэтэл хөлгийн байгаа 3800 метрийн гүнд хүрэхээс өмнө тэдгээрийн хий нь гараад шалчийх аюул бий. Клайв Кассерийн “Титаник”- ийг татаж гаргах нь” номын баатар Дирк Питт хөлгийн их биед байгаа нүхнүүдийг бөглөөд агаараар дүүргэвэл “Титаник” орчин цагийн усан доогуур явдаг завь шиг л уснаас үсрээд гараад ирнэ гэж үзсэн байдаг.
Үнэн хэрэгтээ “Титаник”-ийг өргөж гаргахаас өмнө байршлыг нь олох гэж айхтар ажил байв. Учир нь хөлгийн ахмадын дөрөвдүгээр туслах Жозеф Боксхолл хөлөг сүйрсэн газрын солбицлыг ташаа тодорхойлсны улмаас эрэн хайгчдыг буруу замаар оруулсан байлаа. 1980- аад оны эхээр тухайн газар руу хэд хэдэн экспедиц явуулсан ч амжилт олсонгүй. Зураач Кен Маршалл уран бүтээлийнхээ үлэмж хэсгийг “Титаник”-т зориулсан байдаг. Нэг зурагтаа тэнгисийн ёроолд бүрэн бүтнээрээ байгаа хөлөг, түүний шургууд, өргөх кранууд, түүгээр ч барахгүй нэг хоолой нь эвдрээгүй харагдаж байгаагаар дүрсэлсэн буй.
“Титаник”-ийг аврах талаарх мөрөөдөл 1985 оны есдүгээр сарын 1-нд бут үсрэв. Хүйтэн дайн ид өрнөж байлаа. Далай судлаач, гүнд шумбах аппарат бүтээсэн Роберт Баллард Америкийн Тэнгисийн цэргийн хүчний нууц даалгаврыг биелүүлэхээр ажиллаж байв. “Титаник”-ийг олох нь түүний мөрөөдөл хэдий ч нууцлах ёстой дэглэмийнхээ улмаас түүнд санал тавьж, бусадтай өрсөлдөж чадахгүй байлаа. Гэлээ ч санхүүгийн тусламж хүсэж, флотын удирдлагад хандав. Тэд зөвшөөрсөн ч эхлээд усанд живсэн Америкийн хоёр завийг олох болзол тавьжээ. “Титаник”-ийн хайгуул үүнд тун аятайхан далим байлаа.
Хөлгийг даруй олж чадсангүй, Жан-Луи Мишелийн удирдсан Францын далай судлаачид бүрэлдэхүүнд нь орсон экспедицийнхэнд сүйрсэн хөлгийг “ангуучлах” ердөө 12 өдөр үлдсэн байв. Гэтэл найм хоногийн дараа экспедицэд аз тохиожээ. Олдвор дэлхий дахинд шуугиан тарив. Далай судлаачийн хэлснээр тэд 1500 хүний амийг авч одсон хөлгийг олсон байна. Хөлөг айхтар сүрхий эвдэрч сүйрсэн байв. “Титаник”-ийг өргөж гаргах, тэгэхдээ хэвээр нь хадгалах боломжгүй болохыг түүнд учирсан эвдрэл сүйрэл бидэнд ойлгуулсан. 70 гаруй жил усан дор байж муудсан, үжирсэн онгоцонд ямар нэг хамгийн бага ч гэлээ хүч хэрэглэхэд л хог үртэс болж хувирах нь гарцаагүй. Түүнийг байгаа газар нь үүрд тайван орхих нь л цорын ганц гарц байж хэмээн Максим Полищук тайлбарлажээ.
Зураач Кен Маршалл үүнийг дуулаад нулимс унагахад хүрчээ. Түүний шүтээн хөлөг дахин “амьсгал хураасантай” адил болох нь тэр. Ийм мэдрэмжийг олон хүн авсан гэдэг. Гэлээ ч олдсон хэсэг бусаг юм “Титаник”-ийн түүхийг судлахад нэмэр болжээ. Кэмероны ховорхон кино бүтээл төрөхөд ч бас тус болсон байна.
“Титаник”-ийн өвийн төлөөх тэмцэл Америкийн шүүхэд өрнөлөө. Хөлгийг сүйрсэн газраас нь татаж гаргах эрхийг “RMS Titanic inc” компани авав. Доторх тавилга, чимэглэл, хана туурга, зорчигчдын эд зүйлс гээд уснаас гаргаж авсан юм олон. Сүүлчийнхийг нь 2004 онд гаргаж авсан, одоо тэдгээрийг музей, үзэсгэлэнгүүдэд үзэж болно. Мөнөөх Максим Полищук сэтгэгдлээ хуваалцахдаа “Мөсөн уулыг хармагцаа аюулыг урьдчилан таамагласан Фредерик Флит, Режинальд Ли нар гурван удаа цохиж дохио анхааруулга өгсөн “Шувууны үүр” дэх хонхыг харснаа санаж байна. Түүнээс төрсөн мэдрэмжийг хэлэхийн аргагүй” гэсэн байдаг.
Хөлгийг судлахад Орос улс чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэхгүй байх аргагүй. Гүн усны “Мир-1”, “Мир-2” аппаратыг Оросын баатар, далай судлаач Анатолий Сагалевичийн удирдлагаар “Титаник”-ийн сүйрсэн газар руу нэг бус удаа явуулсан байдаг. Максим Полищукийн хэлснээр “Мир” аппаратууд хөлгийн чухал зүйлийн нэг болох залуурч Роберт Хиченс хөлгөө мөсөн уултай мөргөлдүүлчихгүйн тул хичээн эргүүлж байсан залуурын суурийг уснаас гаргаж ирсэн аж.
Эмгэнэлт явдал болсон газрын эргэн тойронд үл тасрах шоу үргэлжилсээр байна гэх бодол далайчдын дунд байдаг. Зохиолч, нэгдүгээр зэргийн ахмад Владимир Шигин “РИА Новости” агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Энэ бол аль ч талаараа ах дүүсийн бунхан юм. Үүнийг шоу болгож, ухаж төнхөх, ямар нэг юмыг нь дурсгал болгож ава¬хыг олон улсын хэмжээнд хориглосон байдаг. Гэвч үүнийг хайхрахгүй байна” гэсэн байна.
Хөлөг далайн ёроолд аажмаар эвдэрч, сүйрсээр байгаа ч түүний түүх манай гаргийн сая сая хүний ухаан санаанд одоо хэр нь байсаар байна. Эрсдэлээс үл эмээгчид хөлөг сүйрсэн ус руу орсоор байгаа. Зарим хөлөг онгоц шиг “Тита¬ник” тэр даруйдаа живчихээгүй. Амьдралаа устай холбох урам зориг хүмүүст өгсөн түүн шиг ядаж нэг ч гэсэн живээгүй хөлөг олдоно гэж үү.
Эцэст нь тэмдэглэхэд, тухайн үеийн далайн холын аяллын хамгийн туршлагатай гэгдэж байсан Эдвард Жей Смит хөлгийн ахмад байжээ. Тэрбээр толгой гудайлгүй хөлгийнхөө хамт далайн ёроол руу “явсан” гэдэг. Саутгемптоноос Нью-Йоркийг зорьсон хөлгийн эхний дөрвөн өдөр аялал аятай сайхан байснаа Атлантын далайд хэд хэдэн газар мөс байгааг тав дахь өдрөөс нь хөлгийн радио мэдээлж эхэлсэн байна. Аюулаас хамгаалах бүхий л арга хэмжээг даруй авсан ч ганц “гайхалтай” алдаа гаргасан нь хурдаа хассангүй. Мөсөн уултай мөргөлдөх нь гарцаагүй болсон үедээ тусламж хүсэж дохио өгөхөд хэд хэдэн онгоц түүнийг хүлээж авсан ч хамгийн ойр 33 километр зайд байсан 6000 тонн-ын “Калифорни” хөлөг радио холбоогоо ердийнхөөрөө тэр шөнө унтраачихсан байж...
Р.Жаргалант