Манай улсад байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хор уршиг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буй. Тэгвэл Соёлын өвийн үндэсний төвийнхөн “Соёлын өвд нөлөөлөх гамшиг, эрсдэл ба уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэг нь соёлын өвд нөлөөлөх гамшиг, эрсдэлийн мөн чанарыг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга зам, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг салбарын мэргэжилтнүүдтэй хэлэлцэхээр зорьсон гэнэ.
Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат “Соёлын өвийг хамгаалах хуулийн хүрээнд соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг манай төв бүрдүүлж ажилладаг. Өдгөө Монголд 362 соёлын биет бус өвийг 11 200 орчим хүн өвлөн уламжилж байна. Мөн манай төвд бүртгэлтэй байгаль дээр буй түүх, соёлын үл хөдлөх 80 мянга орчим дурсгал бий. Тиймээс бид бүртгэлтэй соёлын өвүүдэд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг өнөөдөр хэлэлцлээ. Мөн цаашид гамшгийн эрсдэлийг хэрхэн бууруулж, даван туулах талаар холбогдох байгууллагуудтай санал солилцож байна” гэв.
Соёлын өвд нөлөөлж буй байгалийн болон нийгмийн нийт 29 хүчин зүйл байдаг аж. Тухайлбал, байгалийн гаралтай хүчин зүйлсийн дотор үлийн цагаан оготно, царцааны нүүдэл зэрэг орох бол хүний буруутай үйл ажиллагаанд бэлчээр ашиглалт, даац, малын тоо толгой болон уул уурхай ордог. Нүүдлийн мал аж ахуй нь байгальтайгаа хамгийн ойр учраас малчид амьтдын хөдөлгөөнийг ажиглаж, тухайн жилийн цаг уурын нөлөөллийг тодорхойлдгоороо онцлогтой. Тиймээс уламжлалт арга барилыг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулж, залуу малчдад энэ мэдлэгийг өвлөн уламжлуулахад анхаарах хэрэгтэйг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо. Бас тухайн бүс нутгийн онцлогт тохирсон арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх ёстой гэнэ.
Э.Сүйлэн