МУИС-ийн Номын сангийнхан Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан жил бүрийн есдүгээр сард “Номын сан: өнөөдөр, маргааш” форумыг уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл эл форумын хамрах хүрээ, хэлэлцэх асуудлыг өнөө жил өргөжүүлэн “Академик номын сангийн хөгжлийн чиг хандлага” сэдвийн хүрээнд олон улсын хурал, семинар хэлбэрээр энэ сарын 8-9-нд зохион байгууллаа. Тус форумд гадаад, дотоодын номын сан, эрдэм шинжилгээний байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож, нийт 16 илтгэл хэлэлцүүлсэн юм.
МУИС-ийн Номын сангийн захирал Г.Цэрэн “Энэхүү форумын хүрээнд бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд юу хийж, ямар чиглэлд илүү анхаарах шаардлагатай талаар хэлэлцэж, санал солилцлоо. Гадаадын судлаачдын илтгэлээс харахад Монголын номын сангууд дэлхийн хөгжлөөс үйлчилгээ, технологи, техникийн хувьд төдийлөн хоцроогүй байна. Гэхдээ гадаадын орнуудад номын сангийн үйлчилгээндээ хиймэл оюуныг хэдийн нэвтрүүлчихсэн. Тиймээс номын сангийн салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мөн номын санчийн статустай холбоотой асуудлыг энэ үеэр хөндлөө. Олон улсад их, дээд сургуулиудын номын санчид багшийн статустай ажилладаг. Харин манайд бол доогуур. Үүнийг дагаад цалин хөлс ч харьцангуй бага байдаг” гэв.

“Springer nature” олон улсын байгууллагын Монгол, БНХАУ, Макао улсыг хариуцсан туслах менежер Рожер Ху “Монгол Улс бусад оронтой харьцуулахад цахим мэдээллийн сангийн хөгжлийн хувьд одоогоор эхний шатандаа явж байна. Улсын санхүүжилттэй цөөн хэдэн их сургууль болон судалгааны байгууллагууд л зарим эрдэм шинжилгээний сэтгүүлийг ашиглаж байгаа. Харин номын сангийн салбараа эрчимтэй хөгжүүлсэн орнууд судалгаа, шинжилгээний олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг өргөнөөр ашиглах болсон.
Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухаан, технологийн бодлогын газын дэмжлэгтэйгээр сүүлийн 10 жилд төрийн өмчийн таван их сургууль болохМУИС, ХААИС, МУБИС, АШУҮИС, ШУТИС, ШУА гэсэн зургаан байгууллагад “Springer nature” сангийн эрдэм шинжилгээний сэтгүүлийг үнэ төлбөргүй үзэх боломж олгосон. Энэ нь бидний хамтын ажиллагааны нэг хэлбэр. Түүнчлэн бид Монгол эрдэмтдийн судалгааны бүтээлүүдийг хэвлүүлэхэд дэмжин ажиллаж байгаа. Энэ бүхний үр дүнд Монголын судалгаа шинжилгээний салбар улам боловсронгуй болж, дэлхийн хөгжлийн чиг хандлагад ойртон ажиллах боломж бүрдэнэ” гэв.
У.Цэцэг