Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба огцрохоор шийдсэнээ өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн нь Либерал-Ардчилсан нам нь Парламентын сонгуульд ялагдсантай холбоотой аж. Тус нам Парламентын Дээд танхимд олонхын байр сууриа алдсанаас эгнээнд нь хагарал гарахаас сэргийлж ийм алхам хийх шаардлагатай болсон байна. Улс төрчид нь ч Шигэрү Ишибаг огцрохыг уриалсан аж.
Дараагийн Ерөнхий сайдыг гаргаж ирэх намын удирдлагын санал хураалтыг ирэх сард хийх товтой байна. Тэр болтол Исиба Засгийн газраа тэргүүлэх юм.
Шигэрү Ишиба өөрийн саналыг намаараа зөв¬шөөрүүлэх ёстой. Энэ тийм ч амар алхам бас биш. Нам зөвшөөрмөгц Ерөнхий сайдын суудлын төлөө түүний нөлөө бүхий хүмүүсийн хооронд тэмцэл өрнөнө. Тэгэхдээ шинжээчдийн таамаглаж буйгаар удирдлагад халаа сэлгээ хийлээ ч Японы гадаад бодлогод дорвитой өөрчлөлт орохгүй гэнэ. Ерөнхий сайдын суудалтай зууралдахгүй ч АНУ-ын тогтоож буй тарифтай холбоотойгоор албан тушаалаа өгчих гэж бас яарахгүй гэдгээ Шигэрү Ишиба хэлсэн байна.
Эрх баригч нам болон түүний холбоотнууд Парламентад олонх байхаа больсноос өөрийн санаачилсан хуулийн төслүүдийг хууль тогтоох дээд байгууллагаар оруулахын тулд жижиг намуудтай тохиролцоо хийхэд хүрнэ. Улс төрийн гол гол асуудлаар сөрөг хүчний намууд ч бас хэл амаа ололцохгүй байгаа юм байна. Тэглээ ч Либерал ардчилсан нам Засгийн газрын тэргүүний суудлаа хадгалж үлдэх аж. Гэхдээ тус намын дотоод хямрал ихэд хурцадсанаас өндөр дээд албан тушаалтнууд нь бараг бүгд Шигэрү Ишибагийн араас албан ажлаа өгөхөөр шийдсэн байна. Оросын ШУА-ийн Хятад болон орчин үеийн Азийн хүрээлэнгийн Япон судлалын төвийн удирдагч Валерий Кристанов “Шигэрү Ишиба Засгийн эрхэнд гараад л намаа удирдах ажлыг үнэн хэрэг дээрээ унагасан хэмээн буруутгагдаж байгаа. Тэрбээр бүх сонгуульд ялагдлаа. Ингэснээр Либерал ардчилсан нам олонхын суудлаа алдаж, цөөнхтэйгөө хамтарч ажиллахаас аргагүй болсон юм. Энэ байдал нь либерал ардчилагчдын бие даан шийдвэр гаргаж, бодлогоо хэрэгжүүлэх боломжийг нь сулруулжээ. Үүний улмаас Шигэрү Ишибаг ширүүн шүүмжлэх болсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай тарифын талаар бүтэлгүй яриа хөөрөө хийсэн нь ч зохих ёсоор нөлөөлжээ. Түүнээс гадна Японд Америк цэргээ байрлуулж буйн төлөөх төлбөр, цэргийн зардлаа нэмэхийг Трамп бас шаардсан нь Японы хувьд тун таагүй явдал юм. Япон уг нь 2027 онд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хоёр хүртэл хувийг цэргийн зардалд зориулах шийдвэр гаргачхаад байсан юм. Гэтэл Трамп энэ хэмжээг таван хувь болгохыг шаардаад байгаа. Үүнийг хүнд дарамт гэж япончууд үзэж буй. Шинжээчдийн үзэж буйгаар Японы Засгийн газрын өмнөх тэргүүнүүд ч нийгэм-эдийн засгийн хүрээнд олигтой амжилт олоогүй байж. Тэгээд ч Шигэрү Ишибад түшиж тулах өөрийн фракц гэж ерөөс байсангүй. Талийгаач Ерөнхий сайд Шинзо Абэгийн фракц Шигэрү Ишибаг хүчтэй эсэргүүцэж байв.
“Фракцууд нь бусдын өглөг тусламжаас орлого олчихдог, түүнийгээ нуудаг байснаас ЛАН-ын нэр хүнд унасан байдаг. Шигэрү Ишибад фракц гэхээр юм байхгүй ч нам доторх ийм дэглэмийг хадгалсаар байсан гэж түүнийг зэмлэдэг. Ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдөх хүмүүсийн тухайд Шигэрү Ишибатай эн тэнцэх хүн одоогоор алга. Ерөнхий сайд асны хүү Синзиро Коизуми, хэт барууны үзэлт эмэгтэй Саннэ Такаити нарын тухай хэвлэлүүд бичиж байна” гэж Кистанов онцлон тэмдэглэсэн байна. Японы эрх баригчдын дотор халаа сэлгээ хийх нь Оростой тогтоосон харилцаанд нөлөөлөх, эсэх тухайд Кристанов “Огт нөлөөлөхгүй. Шин¬зо Абэ 2012-2020 онд Оростой хэл амаа ололцож, энхийн гэрээ байгуулахыг хичээж байсан. Түүнийг залгамжлагчид харин үүнээс татгалзсан. Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш Оросын эсрэг хориг, суртал нэвтрүүлэгт Япон идэвхийлэн оролцох болсон. Энэ бүхэн нь НАТО, Европын Холбоо, “Их долоо”-той уялдаж байдаг. Киевийн зүгээс зарим буулт хийх замаар Украины хямралыг зохицуулах гэсэн Трампын оролдлогыг Японы эрх баригчид шүүмжилж байсан” гэж сэтгүүл¬ чийн асуултад хариулахдаа Кристанов хэлсэн байдаг.
Шигэрү Ишиба нэгэнтээ “Суудлаас зууралдахгүй гэдгээ би хэлсээр ирсэн, тохиромжтой цаг нь болохоор шийдвэрээ гаргана. Америкийн тарифын хэлэлцээрийг нэгэнт шийдсэн болохоор тэр цаг нь иржээ гэж үзэж байна. Тэгээд би явахаар, шинэ үедээ замыг нь өгөхөөр шийдлээ” гэж хэлжээ. Тэрбээр намынхаа дотоод сонгуульд ялж 2024 оны эцсээр Ерөнхий сайд болсон юм. Тэгэхдээ халаагаа өөрт нь өгсөн Фүмио Кишидагийн адил дахин сонгогдохоос татгалзсан байдаг. Тэгсэн хэрнээ энэ оны долоодугаар сард болсон парламентын сонгуульд эрх баригч эвсэл ердөө 47 мандат авчихаад байхад огцрох бодолгүй байна хэмээн мэдэгдэж байсан аж. Гэвч парламентын Доод танхимын сонгуульд эвсэл олонх болж чадаагүйгээс Либерал ардчилсан нам цалин буурсанд сэтгэл нь хувирсан сонгогчдын итгэлийг эргүүлж авч чадсангүй. Энэ намын дарга нар нь солигдож байдаг ч 1955 оноос Японы Засгийн эрхийг барьж ирсэн юм.
Японы хэт барууны үзэл баримтлалтай “Сансейто” (Улс төрд оролцохын төлөө нам) Парламентын дээд танхимд 248 суудлаас сүү¬ лийн гурван жилд ердөө ганцыг нь авч байжээ. Саяны ням гарагт дээд амжилт үзүүлж 14 суудал авч ялалт байгуулагчдын нэг болов. Тус нам 2020 онд цар тахлын үеэр байгуулагдсан байна. Сүүлийн үед “Юуны түрүүнд япончууд” гэх үндсэрхэг үзэл дээр үзэл суртлаа суурилуулж иржээ. Японы нийгэмд газар авч буй цагаачлал, аялагч жуулчдын хэт урсгалд сэтгэл дундуур байх олон түмний бодол санааг “Сансейто” нам дэмждэг. 2022 онд парламентын дээд танхимд анх суудалтай болсон байна. Глобалчлалыг эсэргүүцэх байр суурь баримталж байсан нь үүнд нөлөөлжээ. Сүүлчийн сонгуулийн сурталчилгаанд татварыг бууруулах, хүүхдүүдэд олгох тэтгэмжийг нэмэх гэх мэт популист амлалт өгч байв. Энэ намын дарга Сохэй Камия АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “улс төрийн эр зориг”-ийг үнэлдэг гэж ярьдаг байна. 47 настай энэ улс төрч урьд нь Либерал ард¬ чилсан намын гишүүн байжээ. Улс төрчийн нь хувьд Дональд Трамп нөлөөлснийг Сохей ил тод хүлээн зөвшөөрдөг. Сонгуулийн кампанийн үед “өдөөн хатгасан, маргаан дэгдээсэн үг хэллэг”-ээрээ тэрбээр хүмүүсийн анхаарлыг татаж байжээ.
Глобалчлалаас шалтгаалж үндэстэн дамнасан корпорацууд Японы бодлогыг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрчилж байна гэж Кагосима хотод болсон олон нийтийн цуглаан дээр Камия хэлж байжээ. Хүйсийн тэгш байдлын бодлогыг алдаа хэмээн үзэж, энэ бодлого эмэгтэйчүүдийг ажил хийхийг хөхиүлж, хүүхэд төрүүлэхэд нь саад болж байна гэж хэлснээс болж тэрбээр ширүүн шүүмжлэлд өртсөн байна. Ням гарагт болсон сонгуулийн дараа Камия дараагийн сонгуулиудад 50-60 суудал авахаар амлаж, намынхаа бодлогыг хэрэг¬жинэ гэж хэлжээ.
2024 оны эцсээр Япон дахь гадаад иргэдийн тоо 3.8 сая болсон байна. Гадаадын иргэд урьдын адил Японы хүн амын ердөө гурван хувийг эзэлж буй ч энэ нь урьд оныхоос 10.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. “Сансейто” нам гадаадын иргэд ийн нэмэгдсэнийг Либерал ард¬ чилсан намын бодлоготой холбон шүүмжилдэг. Цагаачлалын эсрэг үзэл эдийн засаг нь суларч буй улсуудад гарч ирэх нь элбэг байдаг гэж судлаач Жеффри Холл үзэж байна. Зарим жуулчин зохисгүй авир байдал гаргадаг нь япончуудын дургүйг хүргэж, “гадаадынхантай байх тун төвөгтэй юм” гэх сэтгэгдэл төрүүлдэг хэмээн тэрбээр тайлбарласан байна.
Япончууд уламжлалаараа цагаачдад хүлээцтэй хандаж ирсэн ч, тус улсын хүн ам хөгширч, сүүлийн жилүүдэд ажиллах хүчний дутагдлаа нөхөх үүднээс цагаачлалын талаарх хуулиа Засгийн газар нь зөөлрүүлжээ.
Сонгуулиас хэдхэн хоногийн өмнө иргэдээ тайвш¬руулж, “гадаадын хүмүүстэй эв зүйгээ олж, дэг журамтайгаар хамтран аж төрөх” зорилгоор Японы эрх баригчид шинэ хороо байгуулсан байна. Гэвч энэ арга хэмжээ цагаа олсонгүй, “Сансейто” намын нэр хүнд өсөж байгаа нь Японы улс төрийн төрх байдал өөрчлөгдөж буйн дохио ч байж болох юм.
Р.Жаргалант