Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлээд удаагүй байхад хүүхдүүд, тэр дундаа бага насныхан ханиад, томуутай хэдийн “найзалсан” гэдгийг эмч нар хэлж байна. Өрх, дүүргийн эмнэлгүүдийн амбулаторийн ачаалал өнгөрсөн сарынхаас хоёр дахин нэмэгджээ. Тиймээс албаныхан томууны вакциныг өнөө жил харьцангуй эрт эхлүүлэхээр болсныг мэдээллээ. Тодруулбал, улирлын томууны вакциныг өнөөдрөөс улс даяар хийж эхлэх гэнэ. Ингэхдээ уламжлал ёсоор тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, архаг, хууч эмгэгтэй хүмүүс, эмнэлгийн ажилтнуудыг вакцинд үнэ төлбөргүй хамруулна. Харин бусад нь сайн дураараа буюу өрх, дүүргийн эмнэлэг, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албанд хандан хийлгэх боломжтой.
Улирлын дархлаажуулалтад шаардлагатай вакцины эхний ээлжийн 135 мянган тунг худалдан авсныг ЭМЯны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлсэн. Манай улс ДЭМБаас зөвлөсний дагуу, 2025-2026 онд дэгдэж болзошгүй, томууны вирусний эсрэг олон цэнт нийт 300 000 хүн тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн сан болон дотоодын ханган нийлүүлэгчдээр дамжуулан худалдан авчээ. Дараагийн ээлжийн 165 мянган хүн тун вакциныг энэ сарын 15-наас өмнө хүлээн авахаар захиалга өгсөн байна.
О.Бат