Интернэт хэмээх үгийг Монголд анх хэрэглээнд нэвтрүүлэхэд олон хүн эргэлзэж тээнэгэлзэж байсан үе бий. Харин өнөө¬дөр интернэтгүй амьдралыг төсөөлөхөд ч бэрх болжээ. Үүний адилаар хиймэл оюун өдгөө бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж, хүн төрөлхтөн технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхахаас өөр аргагүйд хүрсэн. Тухайлбал, “Google” компанийнхан өөрсдийн нэрийн хуудас болох “Gemini” (Жэминай) хэмээх хиймэл оюуныг өнгөрсөн жил танилцуулж, техно¬логийн ертөнцийг гайхшируулсан юм. Энэ нь өмнөх загваруудаасаа илүү боловсронгуй болоод зогсохгүй хиймэл оюуны салбарын ирээдүйг тодорхойлохуйц чадалтай гэдгээрээ онцлог аж.
ХҮНЭЭС ДУТАХААРГҮЙ ОЙЛГОДОГ ХИЙМЭЛ ОЮУН
“Жэминай” бол “Google” компанийн “Deep mind” судалгааны багийнхны бүтээсэн олон төрлийн өгөгдөлд суурилсан мультимодал загвар юм. Мультимодал гэдэг нь “Жэминай”-ийн бусад хиймэл оюуны загвараас ялгарах гол онцлог бөгөөд олон төрлийн мэдээллийг цогцоор нь ойлгох чадвартай гэсэн үг. Уламж¬лалт хиймэл оюуны загварууд ихэвчлэн бичвэр, эсвэл зураг зэрэг ганцхан төрлийн мэдээллийг боловсруулахад чиглэдэг бол “Жэминай” бүгдийг нь нэгэн зэрэг ойлгож, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог мэдрэх чадвартай. Өөрөөр хэлбэл, бичвэр, зураг, дуу, дүрс, код гээд олон төрлийн мэдээллийг ойлгож, боловсруулан, бүтээж, уялдаа холбоог судлан, дүн шинжилгээ хийж чадах юм.
Хэрэв та од харваж буй зураг харуулж, “Үүнийг тайлбарла” гэх заавар өглөө гэж бодъё. Тэгвэл “Жэминай” зөвхөн дүрсийг тайлбарлаад зогсохгүй үүнтэй холбоотой шүлэг, эсвэл дуу зохиож, бүр тухайн үзэгдлийг олон талын эх сурвалжтай, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж чадна. Мөн олон зуун хуудастай номыг хэдхэн секундэд хураангуйлж, математикийн нарийн төвөгтэй бодлогыг хормын төдийд бодуулж, код бичүүлчхээд бүр алдааг нь засуулах ч боломжтой. Энэ мэтчилэн олон аргачлал, тооцоолол, “мэдрэхүй”-гээр ажиллах чадвар нь хиймэл оюуны салбарт “Жэминай”-д бусдаас нэг алхам урд гишгэх боломж олгож буй.
Тус компанийнхан үүнийг гурван төрлийн хүчин чадалтай байхаар хэрэглээнд нэвтрүүлжээ. Тухайлбал, “Жэминай ультра” нь хамгийн ухаалаг загвар бөгөөд нарийн төвөгтэй ажлуудыг торолгүй гүйцэтгэхэд зориулагдсан бол “Жэминай про” нь олон төрлийн өгөгдөлд суурилснаараа онцлог аж. Харин “Жэминай нано” хувилбар нь маш авсаархан загвар бөгөөд гар утас, таблет зэрэг төхөөрөмжөөр дамжуулан хүссэн үедээ хаанаас ч ашиглах боломжтой. Энэхүү сонголт нь хэрэглэгчдэд өөрсдийн хэрэгцээндээ тохирсон хамгийн үр ашигтай AI-г сонгох боломж олгож буй юм.
БҮХИЙ Л САЛБАРТ АШИГЛАЖ БОЛНО
“Жэминай”-г олон салбарт хэдийн ашиглаад эхэлсэн. Жишээлбэл, боловсролын салбарт багшийн ачааллыг бууруулж, сурагчдын хувийн онцлогт тохирсон сургалтын арга барил боловсруулахад ашиглаж байна. Мөн багш нар хичээлийнхээ агуулгыг илүү сонирхолтой бол-гохын тулд бичвэр, зураг хослуулсан интерактив хичээлүүдийг бүтээхэд голчлон хэрэглэх болжээ. Энэ төрлийн хиймэл оюуныг боловсролын салбарт ашиглах нь хүүхдүүдийн сурлагын амжилтыг ахиулах давуу талтай гэнэ. Харин эмч нар рентген зураг унших, онош тогтооход “Жэминай”-аас туслалцаа авч байна. Жишээлбэл, “Deep mind”-ийнхан “Alphafold” программын тусламжтайгаар хүний бие дэх уургийн хэмжээ, бүтцийг урьдчилан таамаглах системээрээ биологийн шинжлэх ухаанд хувьсгал хийжээ. Тэгвэл судлаачид шинжлэх ухааны баримт бичиг, туршилтын үр дүнг нэгэн зэрэг боловсруулан, шинэ нээлт хийхэд үүнийг ашиглаж буй бол бизнесийн салбарт маркетингийн судалгааны агуулга боловсруулах, хэрэглэгчийн зан төлөвийг шинжих, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхэд хэрэглэж байна. Иймд эл салбарынхан “Жэминай” бол зүгээр нэг систем бус, хүний бүтээлч сэтгэлгээг дэмжих шинэ үеийн сайн “нөхөр” болохыг дуу нэгтэй¬гээр хүлээн зөвшөөрч буй юм.
ИРЭЭДҮЙД ХӨТЛӨХ “ТҮЛХҮҮР” ҮҮ, ЭСВЭЛ “ХАВХ” УУ
“Жэминай” нь техник, технологийн гайхамшигтай нээлт яах аргагүй мөн. Хүн төрөлхтний ирээ-дүйг өөрчлөх асар их боломжийг бидэнд олгож байгааг бүгд л шагшин магтаж буй. Түүний олон төрлийн мэдээлэлтэй харилцах чадвар, хэлний өндөр мэдлэг, сургалтын үр дүнтэй байдал нь шинжлэх ухаан, технологи, боловсрол, урлаг гээд бүхий л салбарт хувьсгал авчрах чадалтай. Гэвч “Жэминай” болон адил төстэй хиймэл оюуны бусад загвар нь нэг талаас бидний амьдралыг хөнгөвчилж буй ч хэтрүүлэн хэрэглэх нь олон сөрөг талтай юм. Тухайлбал, “Жэминай” асар их мэдээллийг өөртөө хурааж, түүнийгээ үргэлж боловсруулж байдаг. Тиймээс зөв ашиглахгүй бол хувийн болон санхүүгийн мэдээллээ алдах эрсдэлтэй гэнэ. Мөн хиймэл оюун эрчимтэй хөгжсөнөөр олон төрлийн ажлыг автоматжуулна. Энэ нь нэг талаас ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, хөдөлмөрийг хөнгөвчилж буй давуу талтай ч нөгөөтээгүүр олон хүн ажлын байраа алдах эрсдэлтэй гэнэ. Ялангуяа тодорхой тооцоололд суурилсан, урьдчилан таамаглаж болохуйц ажлыг хиймэл оюунаар орлуулах нь сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаанаас харахад 2027 он гэхэд 80 сая орчим ажлын байр автоматжих эрсдэлтэй гэжээ. Түүнчлэн технологийн дэвшилд хэт автаж, амьдралаа даатгаснаар аливаа асуудалд бодитоор хандаж, шийдвэр гаргах чадвар буурдаг. Асуудлыг шийдвэрлэхэд бус, бэлэн “будаа” идэх нь амар хялбар мэт санагдах бөгөөд тэр хэрээр бие даан сэтгэх чадварыг бууруулдаг байна.
“Жэминай” бол “Google” компанийнхны хиймэл оюуны салбарт шинээр тогтоосон хэмжүүр юм. Бидний амьдралыг өдөр ирэх тусам хялбарчилж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх асар их боломж олгож буй шинжлэх ухааны гайхамшигт нээлт билээ. Угаас хиймэл оюуны дэвшлийг зогсоох боломжгүй энэ үед хүний оролцоо, хяналтыг алдагдуулахгүйгээр, зохистой хэмжээнд ухаалгаар ашиглах нь чухал болоод буй юм.
Э.Сүйлэн