Д.Цагаанхүү дасгалжуулагчийг спортын салбарынхан андахгүй. Орон нутгаас Дундговь аймагт бөхийн төрлүүдэд олон чадварлаг тамирчин бэлтгэж, амжилтад хүргэсэн ачтан. Түүний удирдлагад хичээллэсэн шавь нараас нь 70 гаруй үндэсний бөх төрөн гарч, самбо, жүдо, чөлөөт бөхийн дэвжээнд олон улс, тив, дэлхийн медальтан цөөнгүй төрсөн. Тэд зөвхөн шагнал хүртээд зогсохгүй, үеийнхээ залуус, дүү нартаа үлгэр дуурайл болж, зөв төлөвшиж хүмүүжсэн нь багшийнх нь хичээл зүтгэлийн үр дүн юм. Ардын хувьсгалын 104, дуу хуурын өлгий Дундговь аймаг байгуулагдсаны 83, Эрдэнэдалай сумын 102 жилийн ойн баяр наадмын босгон дээр түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат дасгалжуулагч цолоор шагнасан билээ.
-Намрын улиралд ажил өрнөдөг. Таны төрж, өссөн сум айраг, адуугаараа алдартай. Нутагт тань найрын дуу хуур эгшиглэж, залуус нь унага тамгалаад завгүйхэн байгаа даа.
-Миний төрсөн нутаг бол Дундговь аймгийн Эрдэнэдалай сум. Адууны тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг газар. Намар болохоор нутагт минь ажил ид өрнөж, айраг цагаа цалгин, дуу хуур, найр наадам эхэлдэг. Багадаа Цагаан-Овоо багт хурга, ишиг хариулж, үеийнхээ хөвгүүдтэй ноцолдон тоглож, хүүхэд насаа өнгөрүүлсэн. Би хөдөөгийн эгэл даруу амьдралтай малчин айлын ууган хүү, долоон дүүтэй. Аав, ээждээ тусалж, адуу, тэмээнд явахаас өгсүүлээд гэрийн гадна, дотно хамаг ажлыг нугалдаг байлаа. Ажил, амьдралын шаардлагаар Улаанбаатарт төвхнөж, суурьшсан ч нутгаа жил бүр зорьж, ах дүүс, найз нөхдийнхөөрөө зочлон, ярьж хөөрч тухтай амраад ирдэг.
-Хурдан морь унаж, үндэсний бөх барилддаг хүүгийн сэтгэлийг их спорт тэгтэл их татсан нь учиртай л байх.
-Жижиг биетэй болохоор 6-13 нас хүртлээ хурдан морь унасан. Ээжийн минь ах Баяндэлгэр багийн (бригад) дарга байлаа. Наадам дөхөхөөр ээлжийн амралтаа авч, морьдынхоо уяа сойлгыг тааруулж уралдуулна. Манай багт Сүвээ хүрэн хэмээх цуутай, алдартай хүлэг мөн ч олон түрүүлсэн дээ. Би IV анги хүртлээ сураад Эрдэнэдалай сум руу шилжсэн. 1970 онд VIII ангиа төгсөх жил нэг өдөр сурагчид хичээлийн зав¬сарлагаанаар “Аймгийн тэмцээнд оролцох хүүхдүүд тэр ангид бэлтгэл хийж байна” гэж ярихыг нь сонсоод хэдэн нөхөртэйгөө сэмээрхэн орж харлаа. Багш нь харагдсангүй, харин нөгөө хэдийн хамаг хөлс нь гарчихсан бэлтгэл хийж байна. Нэгтэй нь барилдаж, дээш нь харуултал багш араас өшиглөөд “Чи зөвшөөрөлгүй орж ирээд бэлтгэл үймүүллээ” гэж зэмлэв. Удалгүй сургуулийн тэмцээн болоход нөгөө хүүхдийг би ялж, аймгийнхаа тэмцээнд оролцохоор явсан юм. Том тэмцээнд анх удаа орж байгааг хэлэх үү, сум бүрээс ирсэн хүүхдүүдийг хараад жаахан сүрдлээ. Тэгтэл багш “Чи тэднээс айх хэрэггүй. Нэг жинд барилдах цаадуулд чинь чамаас илүү гарах зүйл байхгүй” гэж зоригжуулаад дэвжээнд гаргав. Тухайн үед надад чөлөөт бөхөөс сурсан мэх бага. Өрсөлдөгчдөө үндэсний бөхийн мэхээр голдуу ялдаг байлаа. Аймгийн АШТ-д II байрт шалгарч ирснийхээ дараахан нэгдэлчдийн спартакиадад оролцож, 48 кг-ын жинд түрүүлснээр улсын тэмцээнд өрсөлдсөн юм. Үүнээс хойш чөлөөт бөх, самбо, жүдогоор 52, 57, 62, 68 кг-ын жинд барилдсан даа.
-Аймгийн тэмцээнд II байр эзэлсэн хүүгийн нэр Эрдэнэдалай сумд тэр даруй түгэж дээ.
-Би тэмцээнд оролцдог ч хичээлдээ сайн. Ангийн багш бусад багшаас “Цагаанхүүг хичээлээс чөлөөлж, тэмцээнд оролцуулаарай” гэнэ. Төгсөх жилээ тэмцээн гэж явсаар гурван сар хичээлд суусангүй. Ангийнхаа сурлага сайтай нөхдөөр хичээлээ нөхөж заалгууллаа. Багш ч сургуулийн багш нарт “Манай Цагаанхүү оролцсон тэмцээн бүрдээ түрүүлээд л байгаа” гэж магтана. Би ангийнхантайгаа шалгалтаа амжилттай өгч, техникумд сурахаар хуваарилагдсан юм. Тэр үед техникумд суралцах хүүхдүүдийг сурлага, нийгмийн идэвх, тэмцээнд амжилт гаргасан, эсэхийг нь харгалзаж байж явуулдаг байв.
-Чөлөөт бөхийн тамирчин байхдаа дасгалжуулагч багшаар ажилласан гэв үү?
-Тийм ээ. Хүүхдүүдийг дасгалжуулахдаа хамт бэлтгэл хийнэ. Би аймагтаа бөхийн гурван төрөлд 38 удаа түрүүлсэн байдаг юм. Өнгөрсөн он жилүүдэд хань минь өөрийн ажлаас гадна хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж, авах гээд бүхнийг амжуулж ирсэн. Амралтын өдрүүдэд голдуу тэмцээн болдог байсан тул би гэртээ өнжих нь ховор. Аав минь адуучин хүн байлаа. Биднийг үүрээр босгоод адуунд мордуулна. Нар гарахад гүүн зэл дээр хэдэн азарга адуу тууж авчраад унагаа барина шүү дээ. Хөдөөгийн хар бор ажил надад нэг талаар хүчний бэлтгэл болдог сон. Тамирчин байхдаа сум, аймгаа төлөөлж улс, бүсийн тэмцээнд их оролцоно. Барилдахад техник дутуу ч учраагаа хүч бяраар ялдаг үе цөөнгүй байсан. Ангийн болон сургуулийн багш нар дэмжээгүй бол би тамирчин байтугай дасгалжуулагч болохгүй байсан биз. Би техникумд малын бага эмч мэргэжлээр суралцсан. Төгсөөд хоёр сар ажиллаж байтал аймгийн дарга Биеийн тамир, спортын хороонд намайг дасгалжуулагчаар ажиллуулахаар болов. Тэр үед багш минь цэргийн алба хаахаар явсан тул намайг дуудсан хэрэг. Хоёр дасгалжуулагчийн нуруунд бүх ачаа ноогдоно. Дөнгөж 19 настай, юу ч мэдэхгүй нөхөр ахлах дасгалжуулагч Г.Бүдээ багшийн заавар, зөвлөгөөг сонсож, туршлагаас нь их зүйл суралцсан даа.
-Таны үеийнхнээс Д.Оюунболд агсан богино хугацаанд амжилт гаргаж, олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн юм билээ.
-“Алдар” нийгэмлэгийн дасгалжуулагч Ч.Дамдиншарав, Ч.Өвгөнхүү багш хоёр Д.Оюунболдыг шинэ цэрэг байхад нь 57 кг-ын жинд бэлдсэн. Түүнийг Сэлэнгэ аймагт төмөр зам хавиар сахилгагүйтэж гүйгээд байхаар аав, ээж нь хот руу цэргийн алба хаалгуулахаар явуулсан байгаа юм. Тэгтэл армийн тэмцээнд оролцож, түрүүлээд хоёр багшийн нүдэнд өртжээ. Улсын тэмцээнд цахиур хагалах болсон түүнийг жинд нь дийлэх тамирчин нэг хэсэгтээ л гараагүй. “Мехико-1978” ДАШТ-ээс хүрэл медальтай ирснийхээ дараа ЗХУ-д 1980 онд болсон “Москва-1980” зуны XXII олимпоос 57 кг-ын жинд хүрэл медаль гардсан тэрбээр сүүлд жингээ ахиулж, 62 кг-д өрсөлддөг болсон юм. Чөлөөт бөхийнхнөөс З.Дүвчин бид хоёр найз. Нас чацуу. Одоо эмэгтэй тамирчдын дасгалжуулагчаар ажилладаг. Монголд эмэгтэйчүүдийг энэ спортоор хичээллэж эхлэхэд найз минь дасгалжуулж, олон улсын тэмцээнд оролцуулахдаа цөөнгүйг нь амжилтад хүргэж, тив, дэлхийн медалиас атгуулсан. Үндэсний бөх, их спортын аль алинаас нь арвин туршлага хуримтлуулсан хүн шүү дээ. Тэрбээр тамирчин байхдаа З.Ойдов ахаасаа дээд жинд (82 кг-д) барилддаг байв. Өвөрхангай аймгаас төрөн гарсан ах, дүү хоёрын гайхалтай амжилтууд чөлөөт бөхийн спортын түүхэнд сайхан түүх бүтээсэн. Чөлөөт бөхийн улсын шигшээ багийг нэг хэсэг Увс, Өвөр¬хангай аймгийн бөхчүүдээс бүрдүүлсэн үе бий.
-Дасгалжуулагч болоод та багш хүний үүрэг, хариуцлага амаргүй болохыг мэдэрсэн үү?
-Би дөрвөн үеийн тамирчдыг бэлтгэсэн. Бэлтгэл хийх, тэмцээнд оролцох үед нь хүний хүүхдийг бэртээж, гэмтээчих вий гэж санаа зовнино. Амжилтыг бууруулахгүйн тулд барилдаанд нь анхаарал хандуулж, ар гэр, аав, ээжтэй нь ярилцаж ойлголцох гээд хэцүү ажил болохыг мэдэрч билээ.
-Таны жинд оросын бөхчүүд хүчтэй өрсөлддөг байсан гэж сонссон. Тэдэнтэй дэвжээнд таарч байв уу?
-Биднийг ид барилддаг байхад Болгар, Орос, Монгол, БНАСАУ-ын тамирчид хөнгөн жинд сайн өрсөлддөг байв. Оросын тамирчид сэтгэл зүйн бэлтгэл өндөртэй. Тухайн үед бид жиндээ тасархай нь, та нараас үзэх хэн байгаа юм гэх хандлага анзаарагдана. Одоо ч энэ хандлага нь хэвээрээ. Хойд хөршийнхнөөс Анатолий Белоглазов, Сергей Белоглазов, Павел Пинигин, Иван Ярыгин нар сайн барилддаг. Иван Ярыгин чөлөөт бөхийн ДАШТ-д оролцохдоо Х.Баянмөнх аваргыг нэг гараараа бариад авлаа. Аварга түүний гарыг тавиулах гээд дийлсэнгүй. Төд удалгүй Иван Ярыгин аваргын гарыг хумьж бариад цэвэр дарж ялсан даа. Тэр тэмцээнд түү¬ний бүх өрсөлдөгчөө хожиход зарцуулсан цаг нь хоёр минут долоон секунд байв. Тэрбээр нэг бөхтэй хэдхэн секунд барилдаж хожсон нь дэлхийд гайхагдаж байлаа.
-Тухайн үед Анатолий Белоглазов, Сергей Белоглазов нар жиндээ хэнд ч дийлддэггүй байсан гэж ярих юм билээ?
-Монголд болсон “Интернационал” олон улсын тэмцээнд социалист 14 орны шилдэг тамирчид оролцсон юм. Тус тэмцээнд Оросын Анатолий Белоглазов, Сергей Белоглазов хоёр ч ирэв. Монголын тамирчдаас 57 кг-д аваргын төлөө Д.Оюунболд Сергей Белоглазовтай өрсөлд-лөө. Тухайн үед барилдааны цаг есөн минут байв. Бид ч шийдвэрлэх барилдаанд хэн нь ялах бол гэж догдолж суулаа. Цаг тулсан үед гайхалтай сэтгэдэг чадвар Д.Оюунболдод бий. Манай хүний үндсэн мэх хөл авах. Би багаасаа үндэсний бөхөөр барилдсан болохоор түүнтэй хамт бэлтгэл хийхдээ хав золгооноос хавирч цохидог мэх заасан юм. Аваргын төлөөх барилдааны өмнө Ч.Дамдиншарав багш түүнд хэрхэн барилдах талаар зөвлөлөө. Тэр үед би “Чи хав золгонгуутаа хавираад цохичих” гэв. Шийдвэрлэх барилдаанд тэрбээр Сергей Белоглазовыг ухасхийж тэврээд миний заасан мэхээр цаг дуусахаас өмнө найман минут 22 секундэд цэвэр ялчихлаа. Сергей Белоглазов хожигдсондоо өөртөө итгэхгүй их гайхсан. Тэгтэл 52 кг-д алтан медалийн төлөө Анатолий Белоглазовтой БНАСАУ-ын тамирчин барилдав. Тэдний барилдаан их сонирхолтой өрнөж, үзэгчдийн анхаарлыг татсан. БНАСАУ-ын бөх хурдтай. Түүний хоёр талд тойрч гараад, хөлийн шагайнаас нь барьж аваад оноогоо ахиулаад байлаа. Тэрбээр өрсөлдөгчдөө баригдвал ялагдана. Тиймээс барь¬цанд нь хүрэхээр бултчихна, баригдахгүйгээр хоёр талд нь тойрч гараад оноо авах зорилгоо хэ¬рэгжүүлж ялсан. Оросын баг алтан медаль авах хоёр тамирчнаа Азийн бөхчүүдэд ялагдана гэж огт төсөөлөөгүй. Тэд тус бүр зуны олимпын наадмаас (1980, 1988 он) хоёр, ДАШТ-ээс таван медаль хүртсэн. Домгууд их спортоос зодог тайлсныхаа дараа дасгалжуулагчаар ажиллаж, өөрийн шавь нараа бэлдсэн дээ.
-“Алдар” нийгэмлэгийн босгоор алх¬сан нь таны амьдралд тохиосон ховор боломжуудын нэг байв уу?
-Тэгэлгүй яах вэ. 1975 оны намар их сонин тохиолдлоор тус нийгэмлэгт очсон. Би химийн тусгай батальоны ангид алба хаасан юм. Шинэ цэргүүдийн дунд зохион байгуулсан тэмцээнд түрүүллээ. Тэр үед Д.Оюунболд ч гэсэн цэргийн алба хаахаар “Алдар”-д ирсэн байв. Тэгсэн нэг өдөр Д.Хадбаатар аварга улсын заан цолтой байхдаа цэргийн ангиар ирлээ. Ангийн дарга, хурандаа Ж.Самбуу гуай намайг дуудаж байна. Яваад очтол аварга ангийн дарга, штабын дарга хоёртой юм яриад сууж байв. Ангийн дарга “Чи өнөөдрөөс “Алдар” нийгэмлэгт очно. Д.Хадбаатар чамайг авч явна. Юмаа бэлд” гэхэд би ч дотроо баярлаж зогссон. Аварга дагуулж очоод “Аваад ирлээ шүү” гэж намайг хоёр дасгалжуулагчид танилцуулсан нь Ч.Дамдиншарав, Ч.Өвгөнхүү багш байв.
-Улсын начин Д.Нэгдэл гуай та хоёрыг олон улсын тэмцээнд оролцуулалгүй хассан гэдэг. Юунаас болсон юм бол?
-Польшид болох олон улсын тэмцээнд оролцох сорилго барилдаанд би ялсан юм. Тэгтэл улсын начин Д.Нэгдэл бид хоёрыг хасчихсан. Тэрбээр тэр үед УБДС-д сурдаг байв. Хоёулаа гомдож учиргүй уйлж билээ. Миний оронд явсан Н.Бүргэдээ хүрэл медаль хүртэж, Д.Нэгдэлийн оронд явсан бөх IV байр эзэлсэн. Би бөхчүүдээс улсын начин Батмөнх, Ө.Насанжаргал, Булган аймгийнхнаас улсын харцага Ж.Бортой ойр дотно нөхөрлөж ирсэн. Ж.Борд бичиг үсэг зааж явлаа шүү дээ. Нэг өдөр Ч.Дамдиншарав багш “Чи хөдөөнөөс ирсэн энэ нөхрийг бичиг үсэгтэй болго” гэв. Бэлтгэл хийсний дараа түүнийг шөнө багш нарын өрөөнд оруулж суулгаад үсэг заалаа. 18 нас хүрсэн залуу хүний заасныг найман настай хүүхдүүдээс хурдан сурна. Түүнд хоёр сар заахад уншиж сурсан.
-Та Эрдэнэдалай сумаас төрсөн анхны Гавьяат цолтон уу?
-Манай сумаас спортын салбарт ажилласан олон хүн бий. Тэднээс Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртсэн анхны хүн нь би. Надаас өмнө аймгийн төвөөс волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багийг дасгалжуулсан А.Доржсүрэн багш Гавьяат цол хүртсэн юм. Тэрбээр тэмцээнд алдаа гаргасан тамирчдаа зэмлэхээс илүү хажуугаар нь зөрөхдөө мартагдахааргүй чангахан нэг чимхдэг хүн байсан. Түүний шавь нараас Н.Гаамаа Гавьяат дасгалжуулагч цол хүртлээ.
Манайх долоон хүүхэдтэй. Ууган хүү минь чөлөөт бөхөөр хичээллэж, УАШТ-ээс медаль нэг бус удаа хүртсэн. Түүнээс гадна үндэсний бөхөөр барилдаж, аймгийнхаа наадамд хүүхэд байхдаа түрүүлсэн хоёр хүү бий. Улаанбаатар хотод их, дээд сургуулийн оюутан болж, хичээл номдоо анхаарал хандуулсан юм. Би ч хүүхдүүдээ спортоор хичээллэ гэж хүчлээгүй, хүсэл сонирхлоор нь явуулсан.