Өнөө жил эрт хүйтэрч, хахир өвөл болохыг хэдэн сарын өмнөөс салбарын мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Гэтэл манай улсын дулаан, цахилгааны станцууд байгуулагдаад хэдийн нэгэн жарныг өн гөрөөчихсөн, эхнээсээ “ажил хаяад”, аюулын харанга дэлдээд байгаа. Энэ өвөл улс даяараа цахилгаан, дулаангүй болох эрсдэл хаяанд ирчхээд буй. Сүүлийн хэдэн сард л гэхэд төв станцуудад нь гурван ч удаа дэлбэрэлт болж, улмаар хэдэн мянган айл, цөөнгүй аймаг, сум цахилгаангүй болсон. Уг нь үүнээс сургамж авч хуучин тоног төхөөрөмжүүдээ шинэчилж, аюулгүй байдлыг чухалчлан, шаардлагатай арга хэмжээг цаг хэрэгжүүлэх ёстой. Гэвч хамгийн хоржоонтой нь, салбарын сайд тэргүүтэй удирдлагууд нь станцдаа лам урин зарж, энэ жилийнхээ засал номыг хийлгэсэн бололтой. Тухайлбал, Хөвсгөл болон Увс аймгийн дулааны станц ТӨХК-ийнхан халаалтаа өгөхдөө лам авчирч ном уншуулан, шатаасан өвчүүгээр тахил өргөжээ. Улмаар дулааныг нээхдээ аянгад цохиулсан модоор асаасан гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ жил лам, салхи хоёр “ажлаа” сайн хийж чадвал нийслэлчүүд төдийгүй монголчууд агаарын бохирдолгүй, дулаахан өвөлжих аж. Эрчим хүчний салбар ийнхүү элгээрээ хэвтэж, станцынхаа зууханд хүртэл “Хийморийн сан” тавиулсан юм чинь энэ өвлийг өнтэй давахгүй бол болохгүй биз. Үнэхээр “Хийморийн сан” тавиад л болчихдог юм бол эрүүл мэнд, боловсролын салбарынхан ч эрчим хүчнийхнээс үлгэр дуурайлал авч, лам хараар нэг явах сан даа.
Монголчууд ингэж хөгөө чирч байх хооронд хөрш зэргэлдээ улсууд лам авчирч, лүйжин тавиулахын оронд чадвартай, сайн инженер, техникийн ажилтнуудтайгаа хамтран, шаардлагатай сэлбэг, тоног төхөөрөмжийг бүрдүүлж, өвлийн бэлтгэлээ хангаж байх юм.
Э.Сүйлэн