“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумд малын тэжээлийн үйлдвэр барьж, ашиглалтад оруулахад бэлэн болгожээ. Үйлдвэрийн төслийг “Мөнх цастын ундарга” тэргүүтэй ХХК-иудын түншлэл хэрэгжүүлж байгааг мэдээлэв. Тус үйлдвэр нь цагт хоёр, жилд 14.8 мянган тонн бүрэн найрлагат багсармал болон хорголжин тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд европ стандартын тоног төхөөрөмжүүд суурилуулаад буй гэнэ. “Бүрэн” тэжээлийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар зэргэлдээх аймаг, сумуудын малчдыг олон найрлагат тэжээлээр тогтвортой хангаж, аюулгүйн нөөц дотоодоосоо бүрдүүлэх, гамшигт тэсвэртэй мал аж ахуйг хөгжүүлэх боломж бүрдэх юм. Дээрх төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр мал сүргийн эрүүл мэнд, ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг сайжруулах, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авах зорилгоор хэрэгжүүлж байна.
Т.Гэгээ