Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн XV форумыг Улаанбаатар хотноо энэ сарын 15-18-нд зохион байгуулж байна. Эл форумыг өнөө жил “Хиймэл оюун ухааны эрин үе дэх Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагаагаа цаашид хэрхэн өргөжүүлэн тэлэх талаар санал солилцож, илтгэл хэлэлцүүллээ. Уг арга хэмжээнд манайхаас 80 орчим, БНХАУ-аас 23 төлөөлөгч оролцсон юм. Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Монгол болон БНХАУ-ын талаарх бодитой, үнэн зөв мэдээлэл нь хоёр орны найрамдалт харилцааг улам бататган, эерэг уур амьсгалыг бүрдүүлж, хамтын ажиллагааг өр¬гөжүүлэн, шинэчлэлийн замыг тууштай урагшлуулахад чухал болохыг онцоллоо.
Мөн Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны нарийн бичгийн газрын дарга Ү Шюй Монгол, Хятадын удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх талаар хоёр орны ололт амжилтыг үнэн зөв, бодитой, мэдээлж, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан туслалцахад хэвлэл мэдээллийн үүргийг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Нөхөрлөл, эв найрамдал, өсөлт дэвшлийг эрхэмлэсэн энэхүү арга хэмжээнд оролцсон зарим төлөөлөгчийн сэтгэгдлийг хүргэе.

Д.ЦОГТБААТАР (УИХ-ын гишүүн): Хэвлэл мэдээллийн солилцоо, хамтын ажиллагаа нь хоёр орны бодлогын харилцаа, иргэдийн ойлголцлыг хөгжүүлэх гүүр болж байна. Хоёр тал хиймэл оюун ухааны салбарт харилцан суралцах, солилцоогоо эрчимжүүлж, иргэдэд бодитой, шударга, эерэг мэдээ, мэдээллийг түгээх ёстой. Монгол, Хятад бол найрсаг хөрш. Хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаанд жилээс жилд ахиц дэвшил гарч, найрамдал улам бүр гүнзгийрч байна. Энэхүү форумаар дамжуулан хоёр талын олон салбарын бодит хамтын ажиллагаа улам бэхэжнэ гэдэгт итгэлтэй байна.
Е ХУН (БНХАУ-ын Синьхуа агентлагийн Олон улсын тоймын хэлтсийн эрхлэгч): Миний хувьд Монголд ирж, Улаанбаатар хотын хөгжил, дэвшлийг хараад сэтгэл ихэд хөдөлж, бас бахархлаа. Нүдэнд харагдахуйц олон зүйл өөрчлөгдсөн байна. Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагынхан энэ удаагийн форумын үеэр AI буюу хиймэл оюун ухааны талаар маш олон сэдвийг хөндөн хэлэлцлээ. Монгол, Хятадын сэтгүүлчид хэвлэл мэдээллийн салбарт хиймэл оюуны тусламжтайгаар ажлын бүтээмжээ хэрхэн нэмэгдүүлэх боломжтой талаар ч туршлага солилцлоо. Манай редакцад хиймэл оюуныг түгээмэл ашигладаг. Би ч гэсэн AI-ийн тусламжтай олон төрлийн мэдээлэл бэлтгэдэг. Миний хувьд AI хэдийгээр сайн хөгжсөн ч хүн төрөлхтнийг хэзээ ч орлож чадахгүй гэж боддог. Гэхдээ AI хиймэл оюуны үсрэнгүй хөгжил нь хэвлэл мэдээллийн салбарт зайлшгүй байх ёстой хэсэг. Бид үүнийг хэрэглэх хэрэгтэй. Нэг ёсондоо үүнийг ажлын багаж гэж ойлгож болох юм. Тиймээс сэтгүүлчдийн хувьд техник, технологийн дэвшил тэр дундаа AI буюу хиймэл оюуныг ашиглах нь цаг зав хэмнэсэн зөв шийдэл. Харин хэр хэмжээнд, хэрхэн ашиглахаа бид мэддэг байх учиртай.
Б.УУГАНБАЯР (Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга): Эл форумыг хамгийн сүүлд Өмнөговь аймагт 2019 онд зохион байгуулсан. Үүнээс хойш цар тахлын улмаас цахим хэлбэрт шилжүүлж явсаар 2023 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотноо зохион байгуулсан юм. Ингээд манай улсад удаах жил нь буюу 2024 онд явуулах хуваарьтай байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Хиймэл оюун бүхий л салбарт хэдийн эрчээ авсан. Бас тэр хэрээр сорилт болж буй цаг үед бид амьдарч байна. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарынхан хиймэл оюуныг хэрхэн ашиглах боломжтой, бидэнд ямар давуу талтай талаар харилцан туршлага судлах учиртай. Манай хэвлэл мэдээллийн салбарт хиймэл оюуны хөтлөгч ашиглах нь сүүлийн үед олширсон. Телевиз болон мэдээллийн сайтууд хөтлөгчийг хиймэл оюунаар бүтээх болжээ. Харин БНХАУ-ын шууд дамжуулалтын студи болон тоног төхөөрөмжүүд нь AI-д суурилснаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, зарим редакц зураглаачгүй ажилладаг. Тиймээс энэхүү форумын хүрээнд хоёр улс харилцан туршлага хуримтлуулж, суралцаж байна гэж ойлгох хэрэгтэй.
НАРАНХҮҮ (Өвөрмонголын Өдрийн сонины “Солонго” мэдээллийн төвийн эрхлэгч): Хятад, Монголын “соёлын гараг”аар энэхүү форумд оролцож, Монголын мэргэжил нэгт нөхөдтэйгөө уулзаж буйдаа баяртай байна. “Солонго” сэтгүүл, “Солонго” сонин, “Солонго” сайт маань хоёр орны хөгжил цэцэглэлтийг харилцан таниулах, Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ойлголцол, хамтын ажиллагааг ахиулах, шинэ шатанд хүргэхээр ажиллаж ирсэн. Энэ ташрамд, бидэнтэй хамтран ажилладаг “Өнөөдөр” сонины редакцаар зочилж, мэргэжил нэгтнүүдтэйгээ нүүр тулан уулзсандаа баяртай байгаа.
ЮАНЬ ЮН (ӨМӨЗОны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга): Сэтгүүлчид бол хоёр улсын соёлын солилцоо, иргэдийн ойлголцол, итгэлцлийн гүүр болдог хүмүүс. Хятадын эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт хиймэл оюун нэвтэрсэн. Миний хувьд ч үүнийг мэдээлэл цуглуулах, боловсруулахад ашигладаг. Ялангуяа хэвлэл мэдээллийн салбарт хиймэл оюун ухаан маш гүнзгий нэвтэрсэн гэж хэлж болно. Сэтгүүлчид мэдээлэл цуглуулах, бичих, зар сурталчилгаа найруулах зэрэгт өргөнөөр ашигладаг болсон. Бүр цаашлаад ирээдүйд ямар салбар эрэлттэй байх тухай судалгааны баримтуудыг AI ашиглан олж авч байна. Жишээлбэл, ямар нэгэн мэдээлэл бэлтгэх, зар сурталчилгаа хийхэд зохиол бичихээс эхлээд бүх үе шатанд үүнийг ашиглах боломжтойгоороо давуу талтай. Дууссаных нь дараа алдаагаа шалгуулж, засуулж болно. Энэ мэт олон давуу талтай. Гэхдээ хиймэл оюун хэт хөгжсөн ч биднийг орлож чадахгүй. Учир нь үүнийг бид удирдаж буй шүү дээ. Бидний үзэл бодол, тархинд буй баялаг хамгийн чухал нь. Тиймээс AI зөвхөн бидний туслагч байх учиртай.
Б.ЧИНЗОРИГ (МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор): “Сэтгүүл зүйд хиймэл оюуныг ашиглах боломж, сорилт” гэдэг сэдвээр илтгэл тавилаа. Европын орнуудад бол хиймэл оюун хэвлэл мэдээллийн хэрэгсэлд туслагчийн үүрэгтэй оролцдог. Өөрөөр хэлбэл, мэдээ бичих, баримт цуглуулах, өгөгдлийн шинжилгээ хийхэд түлхүү ашигладаг гэсэн үг. Харин Ази, Номхон далайн буюу БНХАУ, Япон зэрэг улсад виртуал машин хэлбэрээр ашиглаж байна. БНХАУ-ын Синьхуа агентлаг болон нөлөө бүхий мэдээллийн хэрэгслүүдийн хувьд хиймэл оюуныг түлхүү ашигладаг. Телевизийн нэвтрүүлэгчид нь хүртэл хиймэл оюунаар бүтээсэн AI хүмүүс болж хөгжлөөрөө түүчээлж байна. Харин манайд бичил хиймэл оюун илүүтэй хөгжсөн. Тухайлбал, “Эгүнэ”, “Чимэгэ”, ТВ9 телевизийн хиймэл оюунаар бүтээсэн хөтлөгчийг голчлон ашиглаж буй. Гэхдээ эдгээрээс харвал тодорхой нэг чиглэлийн хиймэл оюуныг түлхүү ашиглаж байгаа юм. Бид зөвхөн уншдаг, эсвэл орчуулдаг хиймэл оюуныг л хэрэглэдэг гэсэн үг. Харин унших мэдээллээ өөрөө засдаг, хүний оролцоо багатай хиймэл оюун ухааныг манайд төдийлөн хэрэглэдэггүй. Үүнээс гадна хиймэл оюун эрчимтэй хөгжих нь олон давуу талтай ч нөгөө талаас үүнтэй холбоотой цөөнгүй эрсдэл гарч болно. Хамгийн түрүүнд сэтгүүлчийн ёс зүйн асуудал хөндөгдөх юм. Жишээлбэл, хаана ч, хэзээ ч болоогүй, эсвэл тухайн үйл явдалд оролцоогүй хүмүүсийг хамт байсан мэтээр гүтгэх эрсдэлтэй. Мөн эдийн засгийн болоод мэргэжлийн боловсон хүчний хувьд ч хүндрэлтэй. Үүнийг ашигладаг, хөгжүүлдэг мэргэжлийн боловсон хүчин хэвлэл мэдээллийн байгууллагад дутагдалтай байна.
ХЯТАДЫН СЭТГҮҮЛЧИД “ӨНӨӨДӨР” СОНИНЫ РЕДАКЦААР ЗОЧЛОВ
Улс орон, ард түмэн хоорондын харилцааны том гүүр бол хэвлэл мэдээлэл. Үүний нэгэн илэрхийлэл нь Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форум билээ. Тэгвэл энэхүү форумд оролцохоор ирсэн Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны нарийн бичгийн газрын дарга Ү Шюй, Өвөрмонголын Өдрийн сонины хорооны орлогч дарга, дэд ерөнхий редактор Хавараа, Өвөрмонголын Өдрийн сонины “Солонго” мэдээллийн төвийн эрхлэгч Наранхүү тэргүүтэй тус улсын хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл “Монгол ньюс” компани, “Өнөөдөр” болон “UB post” сонины редакцаар зочилсон юм. Мөн Монголын үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонин, Өвөрмонголын Өдрийн сонины хороотой хамтын ажиллагааны гэрээ үзэглэв.
У.Цэцэгсүрэн