Монголчуудын эртнээс уламжилж ирсэн үндэсний спортын нэг төрөл бол бөхийн барилдаан юм. Монгол бөхийн тухай өгүүлсэн шүлэг, дуу олны дунд их түгсэн болохоор хүмүүс сонсох дуртай. Бөхийн сэдвээр дагнан бичдэг Г.Мягмарсүрэн “Домогт монгол бөх” номоо өлгийдөн авч, уншигчдад хүргэж байна. Түүний номд наадамчин олонд уран барилдаанаараа хайрлагдаж хүндлэгдсэн Дархан, даян болон улсын аварга, арслан, заан, харцага, начингуудад зориулж тэрлэсэн шүлэг, найраглал багтжээ. Тухайлбал, “Тохой сөхөж хонгонд ороод толгой дээрээ өргөж шидсэн. Давхар шуудагнаас мөргөж дайраад далайн давалгаа шиг түрж цацсан. Давуулж гуядаад далан дээр нь дарж хаясан, даанчиг сайхан барилдаанууд” гэх зэргээр бичиж уран, шийдэмгий, дайчин, өвөрмөц барилдаантай бөхчүүдийн ухааныг харуулсан байна. Энэ жилийн наадмын түрүү бөхөөр тодорсон Э.Батмагнайг тэрбээр
“...Суганы хонхроос шуналтай атгаж
Хоёр хөлийг нь баруун гараараа хөндлөн хорьж
Цээжний бяраар хүчтэй мушгин
Цэцэнханы залуу арсланг
Цэцэгт талд шидэж хаяад
Өөртөө ч итгэхгүй өндөр тэнгэртээ мэгшин уйлахад
Цэнхэр дээлтэй зүүн жигүүрийн тэргүүн засуул
Цээжин талаас нь түшиж авахад
Цэнгэлдэх дотор есийн даваа өндөрлөв” хэмээн тэрлэсэн нь Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан үзэгчдийг догдлуулж, суудлаас нь бостол огшуулсныг гэрчлэх бус уу. Аатай аварга, арслан цолтнуудаас аймгийн бөхчүүд эмээж бэргэлгүй барилдаж, зүлэг ногоон дэвжээнд өвдөг шороодуулан ид хав, хүч бяраар эн тэнцүүхэн болсныг шүлэглэж бичсэн ийм бүтээл ховор. Энгийн малчин айлын хүү болон мэндэлж, эгэл олны дунд өсөж хүмүүжсэн түүний эл бүтээлээс үндэсний өв соёл, тусгаар тогтнолоороо бахархаж, эв нэгдлийг эрхэмлэдэг болох нь харагдана. “Уран мэхийг уралдуулан хийж, барин авч барилдъя гэв ээ” хэмээн “Домогт монгол бөх” ном уншигч таны оюуны хойморт ийн залрав. Шимтэн уншина уу.