Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас малыг ялган тэмдэглэж, бүртгэлд хамруулах ажлыг улсын хэмжээнд эхлүүлээд буй билээ. Ингэснээр мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хянан шалгах боломж бүрдэхээс гадна хүнсний аюулгүй байдал, тэр дундаа гарал үүслийг нь тодорхойлоход тустай аж. Иймд малчин, фермер, үйлдвэрлэгчид холбогдох хуульд заасны дагуу мал сүргээ ялган тэмдэглэж, бүртгэлд хамруулах үүрэгтэй.
Малын им, тэмдэглэгээ хийх зардлыг малчид, хуулийн этгээд өөрсдөө хариуцна гэдгийг салбарын яамныхан хэлж буй. Тэгвэл Малын удмын сангийн үндэсний төвийнхөн хоногт 1000-1500 малын ээмэг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулснаа мэдээллээ. Мал бүхий иргэд Үндэсний малын бүртгэл, мэдээллийн сангийн livestock.mofa. gov.mn цахим хуудсаар дамжуулан ээмэгний захиалгаа өгч, тухайн аймаг, орон нутгийн дахин давтагдашгүй дугаар авах боломжтой. Учир нь энэхүү системд малын удам угсаа, ашиг шимийн түвшин бүртгэгдсэн байх ёстой гэнэ.
Малчны, Малын генетик нөөцийн, Мал, амьтны эрүүл мэндийн, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, Малын тоо толгойн албан татварын тухай хууль болон салбарын сайдын 2023 онд баталсан, Мал бүртгэлийн журмын дагуу иргэд мал сүргээ үл давтагдах тэмдэглэгээ, хувийн дугаараар нь бүртгүүлэх үүрэг хүлээжээ. Энэ нь малчид аливаа дэмжлэг урамшуулалд хамрагдах, зээл авах, малаа даатгуулах, худалдах, хөрөнгийн үнэлгээ хийлгэх зэрэгт суурь үзүүлэлт болдог байна.
О.Оргилох