Өмнөд Суданд НҮБ-аас явуулж буй UNMISS энхийг сахиулах ажиллагааны Хүчний штабын Эрүүл мэндийн хэлтсийн даргаар үүрэг гүйцэтгэж буй хурандаа С.Нэргүй мэргэжлийн өндөр ур чадвар гарган Энэтхэгийн цэргийн алба хаагчийн амийг аварчээ. Түүнтэй холбогдож, цөөн асуултад хариулт авлаа.
-Хумхаагаар өвчилсөн Энэтхэгийн энхийг сахиулагчид яаралтай хагалгаа хийж, амийг нь аварсан талаар өчигдөр Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлсэн. Энэ үйл явдал хэзээ болов, тухайн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Бараг сарын өмнө болсон явдал. Найм, ес, аравдугаар сард Өмнөд Суданд борооны улирал үргэлжилдэг. Энэ үед шумуулаар дамждаг халдварт өвчин ихэсдэг юм. Хумхаа нь ямар шимэгчээр үүсгэгдсэнээс хамаарч хүнд, хөнгөн хэлбэртэй байдаг. Саяын тохиолдол бол хүчтэй хэлбэрийн шимэгчээр үүсгэгдсэн, дэлүүнээс нь цус алдаж, өвчтөн маш их цочролд орсон. Уганда хот дахь III шатлалын эмнэлэг рүү явуулах ёстой ч хугацаа алдах эрсдэлтэй байв. Уг нь өглөө тус эмнэлэг рүү явуулахаар өвчтөнөө бэлдэж байсан ч гэнэт царай нь хувхай цайж, ухаан санаа нь самуурч, явах боломжгүй болсон юм. Тиймээс эмч нартайгаа зөвлөөд шууд хагалгаанд оруулсан. Дэлүү нь задарсан учир бүтэн тайрсан. Хагалгааны явцад цус их алдсан тул нэлээд сандарсан шүү. Дөрвөн литр цус сэлбэснээр үхлийн аюулаас аварлаа. Хагалгааны дараах эмчилгээ, асаргаа маш чухал. Дэлүү дархлааны эрхтэн учир халдвар авах эрсдэлтэй. Өвчтөнийг эмчийн хяналтад байлгаж, вакцинд хамруулсан. Одоо биеийн байдал нь сайжирсан. Энэ сарын 7-нд эх оронд нь буцаана. Хүнд хагалгаанд орсон хүмүүс ийм хэцүү нөхцөлд байх боломжгүй. Журмын дагуу эх оронд нь буцаах үүрэгтэй.
-Хагалгаа хэр удаан үргэлжилсэн бэ. Хэдүүлээ ажиллав?
-Мэс заслын, мэдээгүйжүүлгийн зэрэг 10 гаруй эмчтэй баг болж ажиллалаа. Хагалгааг удирдахын зэрэгцээ мэдээгүйжүүлгийн эмчээр ажилласан. Маш богино хугацаанд шуурхай шийдвэр гаргаж, арга хэмжээ авахгүй бол амь ньэрсдэх аюултай байв. Хагалгаа 3-4 цаг үргэлжилсэн.
Би мэдээгүйжүүлгийн эмч мэргэжилтэй. Монголдоо яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, сургагч багшаар ажиллаж байсан. Мөн БХЯ-нд цэргийн эмнэлгүүдийг шалгадаг аудитор байлаа. Эрүүл мэндийн салбарт нийт 22 дахь жилдээ ажиллаж байна. Энэ туршлага минь их тус боллоо.
-Та хэзээнээс UNMISS ажиллагааны Хүчний штабын Эрүүл мэндийн хэлтсийн даргаар ажиллав. Монгол Улсаас анх удаа энэ албан тушаалд томилогдсон гэж сонслоо.
-Би 2024 оны арванхоёрдугаар сард томилогдсон. Өмнө нь Эрүүл мэндийн хэлтсийн даргаар египет хүн ажиллаж байв. Монголдоо эмч нарынхаа дунд шалгалт өгч тэнцээд, НҮБ-ын төв штабаас олон улсын эмч нарын дунд явуулсан шалгалтад тэргүүлснээр энэ албан тушаалд ирсэн. Энэ өндөр хариуцлагатай албыг Монгол Улсаас анх удаа хашиж буй учраас замаа зөв гаргаж, дараа дараагийн эмч нартаа боломж олгохыг хүсдэг. Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгосын зэрэг нийт 33 эмнэлэг хариуцан ажиллаж байна.
Энд гэнэтийн халдлага их болдог. Буудуулсан, шархадсан хүмүүс олноороо ирнэ. Хамгийн хүнд шархтай хүмүүс манай эмнэлэгт ирдэг учир зөв, шуурхай шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Мөн эмнэлгүүдийг яаралтай, бэлэн байдлаа хангаж буй, эсэхийг хянаж, зөвлөн, дэмжиж ажилладаг.
-Мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж, хүний амь аварсанд тань НҮБ-аас баяр хүргэсэн гэв үү?
-НҮБ-ын тусгай төлөөлөгчийн орлогч дарга бичгээр баяр хүргэсэн. Энэтхэгийн үндэсний ахлах төлөөлөгч, цэргийн багийн захирагч, удирдлагуудаас талархал илэрхийлж, цэргийн хүчний командлагч өөрийн биеэр ирж, баяр хүргэлээ. Манай улс хэдий хүн ам цөөнтэй ч энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй хувь нэмэр, гүйцэтгэлээрээ олон улсад өндөр үнэлэгддэг. Монгол хүнийхээ хувьд нутаг нэгт энхийг сахиулагч нартаа дэмжлэг үзүүлэх үүднээс ДЭМБ-ын тусламжтайгаар холер өвчнөөс сэргийлэх вакцинд хамруулсан.
Ч.Болор