2009 онд анхны БАЛДОРЖ шагналын “Шилдэг 9”-д Ц.Цэвээнхэрлэн “Сүйрэл” нийтлэлээрээ шалгарч байлаа
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорондох 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалтыг явуулсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж буй билээ. 2009 онд анхны БАЛДОРЖ шагналын шилдгүүдийг тодруулсан бөгөөд тухайн үеийн “Өнөөдөр” сонины Экологийн мэдээллийн албаны дарга Цэвээндолгорын Цэвээнхэрлэн “Сүйрэл” нийтлэлээрээ “Шилдэг-9”-д шалгарсан юм. 2010-аад оны Монголын нийгэмд ямар асуудал тулгамдаж байв, өдгөө дээрдэж өөрчлөгдсөн үү, эсвэл бахь байдгаараа байна уу гэдгийг та бүхэн эндээс тольдох боломжтой.
Монголыг алт л аварна хэмээн олборлогчид хашхирах нь холгүй дэвхцэж сууна. Эдийн засгийн хямралыг давах хамгийн ойрын гарц гээд бүр тодорхойлчихож. Дэлхийг нөмөрсөн санхүүгийн хямрал шар алтыг ховрын бараа болгон хувир¬гаж эхэлсэн нь үнэн. Лондоны металлын биржийн арилжаагаар унц алт өчигдрийн байдлаар 890.6 ам.долларт хүрлээ. Тун удахгүй 1000 ам.доллароос хол давна хэмээн шинжээчид таамаглаж байна.
Чухам ийм үед асар их ашиг олох боломжийг алдах нь гэж үнийн өсөлтөд дөрөөлсөн алтны компаниуд төр засгаа буруутган гомдоллох боллоо.
Үүнийг дагаад “Алт” хөтөлбөрийг улс даяар үргэлжлүүлэн өрнүүлэх боломжийн талаарх асуудал сүүлийн үед байнга сөхөгдөж, түмний тархийг угааж эхлэв. Цаашлаад гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг хүчингүй болгохыг шаардан хошуу цорвойн эрхлэх аж. Эс тэгвээс олборлосон алтаа Эрдэнэсийн санд тушаахгүй хэмээн сүрдүүлж суугаа харагдах юм.
Тэдний сүрдүүлэг оргүй байсангүй. Валютын нөөц хэрхэн багасаж буйг баталсан баримтууд сар тутмын статистик мэдээнээс салахыг болив. Гадаад худалдаа энэ оны эхний улиралд 72 сая ам.долларын алдагдалтай гарч, боловсруулаагүй алтны хэмжээ 40-өөд хувиар буурсан байна. Уг нь жилд хэдэн аж ахуйн нэгж хэдий хэмжээний алт олборлож байгаа нь тодорхой. Нинжануудынх нь ч ялгаагүй. Гэвч төрийн санд орох эрдэнэсийн хэмжээ тасралтгүй буурсаар өнөөдрийг хүрлээ.
Үүнтэй холбоотойгоор Монголбанк бууж өгөв. Төв банкны тэргүүн алт олборлогчдод 1.4 сая ам.доллартай тэнцэх хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан. Өөрөөр хэлбэл, тэдний тушаасан алтны сорьцын зөрүүнээс гарах алдагдлыг Монголбанк өөрөө хүлээх гэнэ. Болзолт шийдвэрийн араас “Алт олборлогчид Монголбанканд алтаа бүрэн худалдаж, эх оронч сэтгэл-зүтгэл гаргана гэдэгт итгэж байна” хэмээн царайчилжээ. Гэхдээ гэнэтийн ашгийн татварын асуудлыг энэ удаад орхиё.
1991 он. “Алт” хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн жил. Дунджаар 800 кг олборлож байсан алтны хэмжээ жил бүр огцом дээшилж, 2007 он гэхэд 13 тн-д хүрэв. “Бороо гоулд”-ын алтыг нэмбэл бүр 24 тн болно. Гэвч алт олборлолтоос олсон зоосны нөгөө тал хольцгүй хараар будагдав. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 330 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн үйл ажиллагаа явуулж, нийт 14 мянган га газрыг эвдсэн статистик бий. Одоогийн байдлаар нөхөн сэргээлгүй хаясан 10 мянга гаруй га газар байна.
Юутай ч “Алт” хөтөлбөрийн “буянаар” байдгаа барсан сум, орон нутгийн жишээг нэхэн саная. Тосон Заамар хэмээн нэрлэдэг байсан энэ сумын экосистем танигдахын аргагүй болтлоо доройтсон. Тэнд 1992 оноос хойш жилд 30 гаруй аж ахуйн нэгж алт олборлож Туул голын ус, хөрс, шороог орвонгоор нь эргүүлж байв. Эрдэнэсийн санд 50 тн алт тушааж, ойролцоогоор тэрбум гаруй ам.долларын орлого олсон гээд бодоход яах аргагүй нүнжигтэй нутаг мөн юм. Хууль бус олборлолтыг тооцвол бараг 80 гаруй тн-д хүрчээ. Гэвч хатаж хорчийтлоо ухуулсан Заамар хөгжсөнгүй. Ядуурал, бэлчээрийн талхагдал, усны хомсдол нүүрлэсэн нутгаас нинжанаас бусад нь нүүр буруулжээ. “Бид экологийн дүрвэгсэд болмооргүй байна” хэмээн нутгийн иргэд дуу нэгдэн тэмцсэн ч лиценз эзэмшигчдэд, эрх мэдэлтнүүдэд ялагдсаныг түмэн мартаагүй.
Өвөрхангайн Уянга сумд нөхөн сэргээлгүй хаясан их хэмжээний газар байна. “Эрэл” компанийн онгичиж хаясан газарт 30-40 мянган нинжа хэдэн жил “тансаглав”. Бас болоогүй ээ. 30 гаруй бичил уурхай тус компанийн алтны үлдэгдэлтэй шороог түрээслэн амь зогоолоо. Иймэрхүү байдлаар томоохон компаниуд нөхөн сэргээлтээс бултдаг аргатай. Ганц трактор, жижиг оврын усан буунаас хэтрэхгүй хөрөнгөтэй бичлүүд хэдэн сая төгрөгөөр тооцогдох нөхөн сэргээлтийг хийнэ гэж үү. Ийм дүр зургийг Баянхонгор, Сэлэнгэ, Архангай, Өмнөговь гээд олон аймгийн нутагт харж болно.
Үүнээс гадна 30, 40 метр ухсан нүхэнд нуур тогтсон газрыг хэрхэн нөхөн сэргээх асуудал одоо хэр нь тодорхойгүй. Гэтэл нүхэнд осолдож амиа алдсан хувиараа алт олборлогчид, малчид, мал, амьтны талаарх эмгэнэлтэй мэдээ байсхийгээд сонсогддог. Ийм байхаас аргагүй. Уурхайнуудын бий болгосон нуурыг хэвээр үлдээх, эсэх дээр тогтсон ойлголт, стандарт манайд алга. Дэлхийн хөгжиж буй орнуудад нууцаар эрдэнэс олборлох хууль бус үйлдлийн улмаас 20 минут тутамд нэг хүн, тэр дундаа хүүхэд амь эрсэддэг судалгаа бий. Харамсалтай нь, бидний хэд нь алтны төлөө амиа золиосолж байгааг хэлж мэдэхгүй юм.
Цаашлаад голын голдирлыг өөрчилсөн, ширгээсэн алтны компани олныг нэрлэж болно. Дэлхийн дулаарал өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том асуудал болоод байна. Дулаарал манай орныг тойрсонгүй. Арваадхан жилийн дотор хэдэн зуун гол горхи, булаг рашаан ширгэснийг судлаачид хэдийн баталсан. Түүнчлэн мөнх цэвдэг сүүлийн үед эрчимтэй хайлж эхэлсэн. Ийм түгшүүр байсаар атал гол усыг бохирдуулж, ширгээсэн гэмт хэрэгтнүүд маасайтал инээгээд явж байна.
Мэргэжилтнүүдийн ярьснаар нөхөн сэргээлтийн стандарт алтны шороон ордоос бусад төрлийн ашигт малтмал олборлох, гүн болон далд уурхайд байдаггүй. Нөхөн сэргээлт хийгээгүйгээс учруулсан хохирлыг Монголын төр тогтоож чадаагүй өнөөг хүрчхэж. Үүнтэй холбоотойгоор зөрчил гаргагчдад эрүүгийн хариуцлага ногдуулж хүчрэхгүй ял завшуулсаар ирлээ шүү дээ. Гэхдээ нөхөн сэргээлтийн ерөнхий стандартыг сая нэг юм боловсруулж дуусчээ. Үр дүн нь хэзээ гарах нь бас л битүү.
Уул уурхайнхны эвдсэн га газрын талаарх тоо зөвхөн албаны эх сурвалж. Бүртгэгдээгүй, ялангуяа хувиараа алт олборлогчдын сүйтгэсэн газар зах замбараагаа алдаад байна. “Алт” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн жилүүдэд сайтар дадлагажсан нинжанууд дуртай газраа нүхэлдэг явдал хэрээс хэтэрсэн. Цэн алтны үнэрт мансуурсан тэдний хүрээгүй, очоогүй, бохирдуулаагүй газар үлдэхгүй нь. Татвар төлөгчдийн мөнгөнөөс хүртэл нинжанууд хумсалж байна. Тэд хэдхэн жилийн дотор мөнгөн ус Монголыг бүхэлд нь нөмрөх хэмжээнд хүртэл эрчимтэй ажиллалаа. Өнгөрсөн жилийн байдлаар лав нийт 38 мянга орчим га талбай мөнгөн усанд бохирдоод байв. Үүнийг саармагжуулж, цэвэршүүлэхэд шаардлагатай гурван тэрбум гаруй төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан. Үнэндээ энэ мөнгөнөөс илүү алт дагасан химийн онцгой хортой бодисын сөрөг нөлөө Монголын хүн амын удмын санд, үндэсний аюулгүй байдалд харанга дэлдсэн. Энэ мэтчилэн “Алт” хөтөлбөрөөс гарсан ашиг, алдагдлыг дэнслээд үзвэл дэндүү зөрүүтэй тоо гарах вий.
Угтаа бол алтны төлөө монголчууд ийнхүү тэр аяараа хуйлран дурлаж, байгаль экологио сүйтгэх болсон үзэгдлийг дэлхий нийтэд “Голланд өвчин” хэмээн нэрлэдэг. XVI зуунаас эхлэн дэлхийн цөөнгүй орныг зовоосон өвчин манайд сүүлийн үед бүр сэдэрч эхэлсэн нь энэ.
Голланд өвчний нэг шинж нь “Цөөн тооны эрдэс баялгаа ашиглах сонирхолд бизнесийн хүрээ, хүн амын сонирхол нэмэгдэж, ажиллах хүчний урсгал түүнд чиглэх хандлага давамгайлах” явдал аж. Улмаар тэр баялгаа шүтэх уур амьсгал олны дунд бий болдог байна. Хэдийгээр уул уурхайн салбарт дахь ирэх хөрөнгө оруулалт нэмэгдсээр байгаа ч боловсруулах үйлдвэр, техник технологийн салбарт шинэчлэл гарсангүй. Алтны шороон ордын олборлолт өнгөрсөн зууны усан бууны технологиос салаагүй байгааг үндэсний гутамшиг гэхээс өөр олигтой тайлбар олдохгүй нь. Энэ бүхэн “Алт” хөтөлбөрийг ахин дахин ад үзэх, сүйрэл хэмээн нэрлэх хангалттай шалтгаан биш гэж үү.
Харин одоо хэн хүнгүй бодох учиртай олны санааг танд хүргэе. Гэхдээ “Алт” хөтөлбөрийг зогсооё хэмээн уриалах гэсэнгүй. Хэрэв бүрмөсөн зогсоочихвол нөхөн сэргээлтийн зовлонг мөнөөх татвар төлөгчид үүрэх болно. Нэг га талбайг нөхөн сэргээхэд ойролцоогоор 60 сая төгрөг шаардлагатай гэвэл асар их хөрөнгө зарцуулах тооцоо гарах биз. Тэгэхээр “Алт хөтөлбөрийн зорилго чиглэлийг орвонгоор нь өөрчилж хэрэгжүүлэх нүсэр ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд цаг алдалгүй гардан эхлүүлээсэй. Уг нь экологийн баримжаатай “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэдэн жилийн өмнөөс ярьсан. Гэвч санал дүгнэлт, ярианаас хэтэрсэнгүй.
…Дэлхийн эдийн засаг хямрахын хэрээр алтанд шунах солиорол олон улсыг, цаашлаад Монголыг бүрхэх нь тодорхой. Үүний хэрээр байгаль орчин бохирдож, хөндөгдөөгүй олон га газар өртөх магадлал их байна. Үүнээс урьтаж алт олборлолтыг цөөн тооны томоохон аж ахуйн нэгжид даатгаж, хяналтаа төвлөрүүлэх нь зөв гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Хамгийн гол нь давуу эрх, ашиг олох боломж хүртсэн тэд байгаль орчныг нөхөн сэргээх өндөр хариуцлага хүлээх учиртай.
Ц.Цэвээнхэрлэн
“Өнөөдөр” сонин. 2009.04.22