Нүүрсний оффтейк гэрээнүүдийг нууцын ангиллаас гаргаж, олон нийтэд ил болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. 2019-2022 онд хийгдсэн гэж буй эдгээр гэрээг нууцад авах зөвлөмжийг ҮАБЗ-өөс гаргасан, эсэхийг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед олон гишүүн асуусан. Ерөнхий сайд “ҮАБЗ ийм зөвлөмж гаргадаггүй. Засгийн газар шийддэг” гэсэн хариу өгсөн юм.
Уг асуудалтай холбоотойгоор хуульч Б.Гүнбилэг тухайн үеийн ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнийг шалгаж өгөх хүсэлтийг энэ сарын 14-нд АТГ-т гаргасан байна. Нэмээд Ерөнхий сайд Г.Занданшатарыг Салхитын мөнгөний ордтой холбогдуулан шалгаж өгөхийг хүссэн аж. 2019-2022 онд Г.Занданшатар УИХ-ын дарга, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болон Ерөнхийлөгч, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байсан билээ. Мөн тэрбээр “Оффтейк гэрээнүүдийг үзлээ, бид ийм Ерөнхийлөгчтэй байж болохгүй нь. Гэмт этгээдүүд байна. Тиймээс арилжааны гэрээг улсын нууцад авсан асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Үндсэн хуулийн цэцэд өгнө. Энд эрх зүйн хоёр харилцаа үүснэ. Эрүүгийн гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг АТГ шалгана. Харин Ерөнхийлөгчийг огцруулах, эсэх асуудлаар Цэц шийдвэр гаргана” гэсэн тайлбар хийжээ.
С.Уул