Сансар, огторгуйг хүртэл эзэмшихээр “шунан” зүтгэж буй хүн төрөлхтөн өөрийгөө ч бүрэн мэдэж амжаагүй явна. Үүнийг нотлох нэгэн шинэ мэдээ байна. Израилийн эрдэмтэд хүний дархлааны тогтолцооны шинэ механизм нээжээ. Тодруулбал, протеазом буюу уургуудыг жижиг хэсэг болгон задалж, дахин боловсруулан шинээр бий болгодог эсийн бүтцийн “нууц горим”-ыг илрүүлсэн аж. Вейзманы шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Йифат Мербл “Бид дархлааны тогтолцоонд бактерийн халдвараас өөрийгөө хамгаалах боломж олгодог шинэ механизмыг нээлээ. Ингэснээр бидний бие гадны халдвартай хэрхэн тэмцдэг талаарх тогтсон ойлголтыг өөрчилж, антибиотикийн шинэ бүлэг бий болгоход том алхам хийх боломж бүрджээ. Элдэв эм, бэлдмэлд “бөмбөгдүүлсээр” антибиотикт тэсвэртэй болсон супер бичил биетүүдтэй тэмцэхэд, түүнийг ойлгоход дархлааны тогтолцооны шинэ механизм тусална. Лондоны “Кингс” коллежийн микробиологийн ахлах багш, доктор Линдсей Эдвардс ВВС-д өгсөн ярилцлагадаа “БидSолон жилийн турш хичээж, эрэл хайгуул болсон шинэ бүлгийн антибиотикийг бүтээх “түлхүүр” нь хүний бие дотор байсныг илрүүлсэн нь гайхалтай” гэсэн байна.
Тэгвэл өөр нэгэн нээлтийг доктор Иван Желудевээр ахлуулсан, Стэнфордын их сургуулийн эрдэмтэд илрүүлснийг 2024-2025 оны босгон дээр “Cell” сэтгүүл танилцуулсан юм. Тэдний нотолсноор бидний биед амьдралын шинэ хэлбэр оршин буй. “Хүний микробиом (тодорхой орчинд амьдардаг бичил биетийн нэгдэл, генийн багц)-оос РНХ-д суурилсан өвөрмөц амьдралын хэлбэрийг илрүүллээ. Саяхныг хүртэл бидний биед ийм зүйл байдгийг огт мэдээгүй. Ийм хэлбэрүүд өнөөг хүртэл байгальд ч ажиглагдаагүй бөгөөд амьдралын шинэ хэлбэр юм. Үүнийг обелиск (эртний Египетийн архитектурын чухал элемент болох шовгор орой, дөрвөн талт баганыг ийнхүү нэрлэдэг) гэж нэрлэсэн. Эдгээр бичил биетүүд генетикийн хувьд Обелиск өөрийгөө хувилан хуулбарлахын тулд тодорхой нэгэн бактерийг “олзлон” дотогш нэвтэрдэг. Тэр нь хүн, амьтны амны хөндий тэр дундаа ихэвчлэн шүдний товруу, бүдүүн гэдсэнд амьдардаг шимэгч стрептококк сангуис. Обелискуудтай хамгийн ойр амьдралын хэлбэр бол вироид (зөвхөн дугуй хэлбэртэй РНХ-ээс бүрддэг халдварт бодисууд бөгөөд ургамлын төрөл бүрийн өвчин үүсгэдэг)-ууд. Обелиск нь вироид шиг аливаа амьд биетийн хувьсалд чухал үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй байх” гэж судлаачид тэмдэглэжээ.
Генетикийн хувьд жижиг цагаргуудаас бүрддэг уургуудаа (судлаачид уургийг нь облин гэсэн шинэ нэршлээр бүртгэсэн), өөрөө бүтээж, удирддаг обелиск хэрхэн тархдаг нь одоогоор тодорхойгүй. Гэхдээ вирусийн халдвартай төстэй замаар “эзэн”-дээ нэвтэрдэг хэмээн таамаглаж буй. Түүнчлэн эл бичил бүтэц хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг нь тодорхойгүй гэдгийг судалгааны багийнхан дурджээ. Гэхдээ магадгүй бидний биемахбод дахь үл анзаарагдам “хувьслын хамтрагчид” байхыг үгүйсгэхгүйн зэрэгцээ дэлхийн биологийн олон янз байдлыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй гэдгийг онцолжээ.
Обелискийг ашигтай юу, шимэгч үү гэдгийг тогтоохоор судалгаа үргэлжилж байна. Хэрэв шимэгч бол хүний эрүүл мэндэд хөнөөлтэй буюу гэдэсний ашигт бактериудыг гэмтээж, эрсдэл үүсгэх нигууртай. Харин симбиотик буюу пробиотик бол гэдэс дотрыг шинэ ашигтай бактериар нөхөн төлжүүлж, хоол боловсрох үйл явцыг сайжруулж, дархлааг бэхжүүлэхийн зэрэгцээ тархины хөгжилд ч эерэгээр нөлөөлнө. Цаашлаад эмчилгээний шинэ арга зам ч нээгдэх нь гарцаагүй аж. Судалгаанаас үзэхэд, обелиск хүн бүрт байхгүй. Дэлхийн хүн амын талаас илүү хувийн амны хөндий, долоо орчим хувийнх нь гэдсэнд байгаа аж.
Хүн “өөрөөсөө” ийнхүү шинэ зүйл илрүүлсээр, анагаахын шинжлэх ухаан шинэ эмчилгээ, шинэ ухагдахуун, шинэ нэршил зэргээр баяжсаар. Үүнтэй холбогдуулан, сүүлийн хэдэн жилийн хугацаанд хүний биеэс шинээр “олсон” эд, эрхтэн зэргийн талаарх мэдээллийг багцлан хүргэе.
•2019 онд Америкийн Маунт-Синай эрүүл мэндийн төвийн эмч нар хорт хавдрын илрүүлгийн үеэр дурангийн тусламжтайгаар цөсний сувгийн эдэд ер бусын бүтэц байгааг анзаарчээ. Энэ нь өвөрмөц сүлжээ бүрдүүлдэг холбогч эдийн хөндийн систем байв. Тэр хэсгээс дээж аван судлахад уг систем нь салст ба булчингийн давхаргыг холбодог бүрхүүлийн холбогч эдийн нэг хэсэг болохыг тогтоожээ. Эдгээр хөндий нь холбогч эдийн эсүүдээр бүрхэгддэг бөгөөд шингэнээр дүүрч, тунгалгийн булчирхай руу нээгддэг аж. Эл нээлтээс хагас жилийн өмнө олон орны эрдэмтэд үүнтэй ижил төстэй бүтцийг бусад буюу ходоод, гэдэсний замын салст бүрхэвч, давсаг, гуурсан хоолой, артерийн эргэн тойрон дахь зөөлөн эдээс илрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, байнга “шахалтад” өртдөг хэсгүүд бөгөөд судлаачид илрүүлсэн хөндийн үндсэн үүрэг нь цэвэр механик шинж чанартай гэсэн таамаглал дэвшүүлжээ. Тэд мөн хаван үүсэх, холбогч эдийн хэвийн бус өсөлт (фиброз) зэрэгт үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоосон юм.
•2020 оны эхээр Австралийн Гарван анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн багийнхан хүн, амьтны тунгалагийн зангилаанаас нимгэн, хавтгай эрхтэн илрүүлж, дархлааны тогтолцооны нэг хэсэг болохыг тогтоожээ. Эдгээр бүтэц нь голчлон дархлааны эсүүд буюу В лимфоцитоос бүрддэг бөгөөд халдварын эсрэг дархлааны хариу урвалыг хариуцдаг Т эсийн төрөл болж хувирдаг. Уг эрхтэнийг “бүрхүүлт эрхтэний эсийн хуваагдлын хэсэг” гэж нэрлэсэн. Эмгэг төрүүлэгч бактери дахин бие махбодид орох үед тунгалгийн зангилааны дээд хэсэгт үүсдэг. Тэгвэл түүний доторх санах ойн эсүүд идэвхтэй хуваагдаж, богино хугацааны плазмын эсүүд болж хувирдаг бөгөөд энэ нь эсрэг бие үүсгээд эмгэг төрүүлэгчдийг саармагжуулдаг байна. Гол үүрэг нь асар богино хугацаанд дархлааны хариу урвал үүсгэх явдал.
•2017 онд Ирландын Лимерикийн их сургуульд явуулсан судалгаагаар хүний хоол боловсруулах тогтолцоог дахин ангилах болсон нь “нуугдсан” эрхтэнийг илрүүлсэнтэй холбоотой. Өмнө нь ходоодыг гэдэстэй холбодог гол судас нь бие даасан олон хэсгээс бүрддэг гэж үздэг байв. Гэсэн хэдий ч Ирландын мэс засалч Ж.Калвин Коффигийн олж мэдсэнээр энэ нь үнэндээ бүтэн нэг эрхтэн юм.
•2023 онд Цюрих хотын Биохимийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг хүний биед дархлааг хадгалах үүрэгтэй шинэ эрхтэн илрүүлсэн. Онцгой хэмээн тодотгосон эл эрхтэн улаан хоолойн мөгөөрсний дээр хамар залгиурт байрладаг шүлсний хос том булчирхай бөгөөд ДНХ-ийн янз бүрийн хэсгүүдийг барьж, вирусийн халдвараас хамгаалах чадвартай. Холбогдох судалгааг “Molecular Biology of the Cell” (MBoC) сэтгүүлд нийтэлсэн. Энэхүү нээлт нь өөрийгөө “довтлох” өвчин аутоиммунийг эмчлэх шинэ арга боловсруулахад онцгой үүрэгтэй.
Энэ мэтчилэн 10 гаруй эрхтэн, систем сүүлийн хэдхэн жилийн хугацаанд танигдаад буй. Ингэхэд бид ер нь биемахбодоо хэр мэддэг вэ.
Тооны хэлээр өгүүлье.
Хүний бие 200 бүлэг бүхий 37 их наяд эсээс бүрддэг. Хамгийн том эрхтэн болох арьсыг 100 тэрбум эс бүрдүүлнэ. Зөвхөн тархин дахь 100 тэрбум мэдрэлийн эс өдөрт барагцаагаар 60 000 хүртэл бодлыг боловсруулах боломжтой.
Танд 127 сая торлог бүрхэвч бий.
Энэ нь юмсыг 10 сая өнгөөр харах боломж юм. Тэгвэл цусны улаан эс 30 их наяд, судас 42 тэрбум, цус зургаан литрээр хэмжигдэнэ. Цус биеийн жингийн 10 орчим хувийг эзэлдэг. Хамар 1000 үнэрийг мэдрэх рецептор буюу чөлөөт мэдрэлийн төгсгөлтэй. Энэ нь 5000 янзын үнэр ялгах боломж юм. Уушги өдөрт 23 040 удаа амьсгалах чадамжтайбол зүрх өдөрт ойролцоогоор 115 200 удаа цохилдог.
Жилд 42 сая удаа гэсэн үг.
Булчин 640, үе, яс 206, үсний уутанцар дунджаар 100 000-гаар тоологдоно. Хүн насаа гүйцээгээд жам ёсоороо хорвоог орхитлоо барагцаагаар 23 000 литр буюу хоёр усан санг дүүргэх хэмжээний шүлс ялгаруулдаг гэнэ. Тэгвэл хүний ихэнх эд, эрхтэн өдөр бүр шинэ эсүүдээр байнга солигдсоор 7-10 жилийн дотор бараг бүрэн шинэчлэгддэг. Харин эрхтэнүүдийн төлжих хурд, хугацаа янз бүр. Тухайлбал, ходоодны салст бүрхэвч дөрөв хоногт бүрэн сэргэж, хоол боловсруулах эрхтний эсүүд таван минут тутамд шинэчлэгдэнэ. Дотор эрхтэнүүдээс хамгийн томд тооцогддог элэг 150 хоногийн дотор бүрэн сэргэдэг. Эсийн нөхөн төлжих үйл явц нь эрхтэний төрлөөс хамаарна. Жишээ нь, хүчилтөрөгчийн тээвэрлэлтийг хариуцдаг цусны улаан эсүүд дөрвөн сар тутамд солигддог бол арьсны гаднах давхарга болох эпидерми 28-30 хоногт бүрэн шинэчлэгдэнэ. Харин биеийн бүтцийн нэгдмэл байдлыг хангадаг ясны эд, эсийн нөхөн төлжилт удаан,
10 хүртэл жил үргэлжлэх нь бий.
Хэдийгээр ийм өргөн хүрээтэй шинэчлэлтийн үйл явц өрнөдөг ч биеийн бүх эс солигддоггүй. Амьдралын туршид нүдний линзний болон тархины бор гадаргын мэдрэлийн эсүүд өөрчлөгддөггүй. Өөхний эсийн хувьд зөв хооллолт, биеийн тамирын дасгалаар зохицуулагдаагүй тохиолдолд цаг хугацааны явцад хуримтлагдаж, хадгалагдан үлддэг байна. Тэгэхээр хөдөлгөөн яагаад чухлыг эндээс харж болох нь.
Э.Хана