
Битүү модот уул, Түнхлэг горхи
Зай нь дуусаад зогссон цагийн зүү мэт бүх зүйл ямар ч “хөдөлгөөнгүй” нэг хэвийн санагдах үед ямар нэгэн шинэ содон, гэнэтийн зүйл турших дуртай төрлийн хүмүүсийн хувьд аялал шиг кайф ховор доо. Аялал гэнэтийн байх тусмаа л адал явдалтай, илүү адармаатай байдаг. “Хэнтийн Дадалын намрыг үзээгүй л бол өөрийгөө аялагч, аялах дуртай гэж бүү хэл” гэж нэгэн эрхмээс олон жилийн өмнө сонссон юм даг. Намар угаас улирал төдий биш, урлаг юм бол “жинхэнэ урлаг”-ийг Дадалаас үзэх ёстой гэсэн олон жилийн нууцхан хүсэл минь цаг, зүгийн учрал зохирлоор шуурхай бүтэж, хоёрхон цагийн дотор явах унаагаа, байрлах айлаа, уулзах хүнээ олоод, гэнэтийн аялалд гарсан удаатай.
Дов болгон нь домогтой, домог болгон нь хуучтай Дадал сайхан нутгаар айлчин гийчин тасардаггүй бөгөөд ажилч хичээнгүй буриад зон олон, ахуй байдлынх нь талаар эхлээд жаахан судалчихад гэмгүй. Эрт цагийн үүх түүхээс дурдвал эзэн Чингис хааны унасан газар Дэлүүн болдог, угаасан ус Хажуу булагтай, хожуу үеийнхнээс онцолбол радиогийн “бүдүүн дуут” Базарын Цэдэндамба, Сэнгийн Эрдэнэ зэрэг суу билигт баавайнуудын төрж өссөн Сэрүүн галттайн нутаг, эдүгээ цагийнхнаас Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч М.Равдандаш, постмодернист найрагч Б.Галсансүхийн тоонот юм шүү дээ. Галсаа найрагчийн шүлэглэсэн “Үнээдэй нютаг”-т зуслангийн байшингууд нь бөмбөлөгс мэт улайран, алтан шаргал жорлон гэрэлтэж, ногоон онгоц шанаагаа тулан бодлогоширч байдаг гэнэм. Уураг тархи мэт үүлс нь сэмжилж, үдшийн сарны гэрэлд чогчиго исгэрч, хатсан аргалын дор үүргэвчтэй цох нойрсож байдаг “Үнээдэй нютаг”-ийн тухай үлгэр, зүүдшиг төсөөлөл давтан намрын шар талыг эвхэн туулсаар зорьсон газраа хүрсэн сэн.
Нарийн хялгана сугсран алтарсан талаас гэнэт мөнх ногоон нарсны орондхөл тавих цаг хугацааны гармаар гаталсан мэт ер бусын юм билээ. Дадалынхан битүү нарсан ойгоосоо жилийн дөрвөн улирлын турш хамгийн цэнгэг агаар амьсгалдаг, дээрээс нь “Онон, Балжаараа далайд гарцтай сум” хэмээн өөрсдийгөө хөөрхөн дөгөөдөг нь учиртай. Онон, Балжийн голууд Амар мөрөндцутгаад, Номхон далай хүрдэг болохоор тэр гэнэ.
Шинэхэн танилцсан айлын маань эгч Ц.Цолмон утга зохиолын анги төгссөн тул бидний яриа хонин амаар нийлнэ гэж жигтэйхэн. Ирснээс хойших энэ хэдэн өдөрт түүнтэй элдвийг хуучлан Балжийн шугуйгаар хөглөрсөн их навчин дундхоёр хүүхэн үрэл мойл түүж, үнээ тугал эргүүлж, аагтай цай хандлан, аньстай ундаа исгэж, сааль сүү базаан, саахалт айлаар зочилж, зэвэг загас шарж, зөөхий цөцгий цохиж, “ёпоошиг” (буриад гамбир) барьж, усанд явж, тогоо тавьж, нэрмэл хүртэж, шөнө дүл болтол юу эсийг хийх вэ. Баян хангайн хишгийг амьжиргаагаа болгосон бахархмаар ажилсаг шаавай улс юм, дадалынхан.
Бурхан халдун, Дэлүүнболдог, Хажуу булаг, Түнхэлэг горхи, Битүү модот уул, Добу мэргэн, Дува сохорын хиргисүүр, Бодончарын өвсөн эмбүүл, Чингисийн Хар тугийн овоо зэрэг “Монголын нууц товчоо”-ны домог түүхт газар орон, уул ус олонх нь Дадалынх. Гурван нуурын арханталд Эзэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойгоор бүтээсэн Чингисийн гэрэлт хөшөө, Дэлүүн болдогоос баруун урагш хагас км зайдорших Энергийн овоо, Бодончарын өвсөн эмбүүлээс зүүн урагш хоёркм-т байх, Монголын шашин, төрийг хослон баригч YIII Богдхааны сүүлчийн хатан Гэнэнпилийн гэрийн буурь бүгдтус тусын домог түүхийг хүүрнэн байх аж.
Энергийн овоо нь Хамрын хийдээс илүү их энергитэй болохыг гадаадын эрдэмтэдтусгай багажаар тогтоосон тухай Дадалын яруу найрагч, үндэсний бөхийн тайлбарлагч Б.Алтанхүү бахархан шагшин ярих дуртай. Ерөөс Дадалдбичиг соёлын хүмүүс зорьж очвол “алтан нутгийн Алтанхүү” гол усаа, домог түүхээ, зон олноо үгийн цэц гайхуулан танилцуулах хөтчийн үүргээс ер цааргалдаггүй нэгэн гэдэг. Түүний шимтэй сайхан яриагаар хачир хийн замчлуулж, домог түүхийн жимээр аялахыг хүсвэл фэйсбүүкээр наана нь холбогдож болох биз ээ.
Манай хөдөөгийнхөн тэр тал дээрээ найрсаг, “цоож цуургагүй” сэтгэл нь янзаараа байна билээ. Гэхдээ буриадуудын хувьд хадлангийн улирал бол хамгийн их ажилтай үе гэдгийг бодолцож, хэнээр хөтөч хийж, замчлуулахаа урьдчилан тооцох хэрэгтэй. “Хадлангийн үеэр Дадалдсогтуу хүн үзэгдэхгүй” хэмээн хошигносон нь дэгс хэрэг биш аж. Өвс ногооны шим боловсорч гүйцэх үе буюу наймдугаар сарын 3 (эльден сар)-наас есдүгээр сарын 14 (сэмүүн сар)-ний хоорондэр, эм, хөгшин залуугүй хөдөлж байж хадлангаа бүрэн хадаж дуусгавал бүтэн жилийн хэрэг нь бүтэж буй хэрэг тэр бөлгөө.
Урсгал дөлгөөн Балжийн голыг бирваазаар гаталж, уйлж суугаа бүсгүйдхань болон дуугаа хураасан мэт чимээгүй намиатах шугуйднь орчлонгийн элдэв сонинг хүүрнэлдэн байхуйд шингэх нарны шижир туяа намрын гоо үзэсгэлэнг улам ч тодотгоно. Байгалийн ийм нэгэн сонгодог уран бүтээл төрөх агшны гэрч болж, үүнийг л шимтэхийн төлөө хүмүүс Дадал руу зорьдог биз.
Л.Аргамжин