Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Ийтка Сейтлова манай улсад айлчилж байна. Монгол, Чех улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойтой давхцаж буй уг айлчлал нь хоёр орны болон парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болж байгаа юм. Сенатын танхимын дэд даргыг баасан гарагт УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хүлээн авч уулзжээ. Манай улсын 20 гаруй мянган залуу тус улсад боловсрол эзэмшсэн нь энэхүү салбарын хамтын ажиллагаа сайн болохыг батлахаас гадна хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийн илэрхийлэл болж ирснийг тэрбээр онцлов. Мөн Монгол, Чехийн хууль тогтоох дээд байгууллага, парламентын бүлэг, Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж ирснийг тэмдэглэлээ.
Талууд хамтын ажиллагаанаас гадна шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар санал солилцжээ. Чех улсын Төлөөлөгчдийн танхимын ээлжит сонгууль энэ сарын 3-4-нд болж, түүхэндээ хамгийн олон буюу 67 эмэгтэй гишүүн сонгогдсон юм байна. Манай улсын хувьд 2024 онд 32 эмэгтэй парламентад сонгогдож, нийт бүрэлдэхүүний 25 хувийг эзлэх болсноор бүс нутгийн дундаж үзүүлэлтээс даваад буй.
С.Уул