“Хүний эрхийн олон улсын механизм ба Монгол Улсын оролцоо” сэдэвт олон талт уулзалт, хэлэлцүүлгийг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос өчигдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт төр, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцов. Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой 30 гаруй, түүний дотор суурь найман гэрээ, конвенцод нэгдэн, олон улсын өмнө үүрэг хүлээсэн билээ. Үүний хүрээнд манай улс тус байгууллагад тайлан, мэдээлэл хүргүүлж, хариу зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Тодруулбал, Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний III тайланг 2020 оны арваннэгдүгээр сард НҮБ-ын 36 дугаар чуулганаар хэлэлцүүлсэн. Үүний хүрээнд 190 зөвлөмж өгснөөс 170-ыг нь манай улсын Засгийн газар хэрэгжүүлэхээр тогтож, энэ онд тайлангаа тавих юм.
НҮБ-аас Монгол Улсын тайлан, мэдээллийг хэт ерөнхий гэж шүүмжилдэг байж. Энэ байдал дээрдэж буйг ХЭҮКийн дарга Д.Сүнжид онцолсон. Тэрбээр “Манай улс НҮБ-аас өгсөн 170 зөвлөмжийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, өсвөр насны охид гээд ялгаатай эрхийг хангахаас гадна улс төр, эдийн засаг, нийгмийн өргөн хүрээг хамарсан зөвлөмж бий. Аж байдалтай холбоотойгоор хүний эрх ихээр зөрчигддөг. Нэн тэргүүнд ядуурлыг арилгаснаас тэгш бус байдлыг бууруулдаг. Боловсрол, эрүүл мэндийн хүртээмж, хот, хөдөөгийн ялгаа, эдийн засгийн байдал зэрэг тэгш бус байдлыг бууруулах тусам хүний эрхийн зөрчил төдий чинээ багасдаг” гэв. Мөн тус комиссын гишүүн Б.Энхболд “Иргэний нийгмийн байгууллагууд хүний эрхийн чиглэлд ахиц дэвшил гарахгүй байна хэмээн шүүмжилдэг. НҮБ-ын гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийг хэрхэн үнэлж, дүгнэдэг, тайлагнадаг механизм Монголд бүрэн бэхжээгүй байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настны асрамжийн газар байгуулах, хүүхдийн сурч боловсрох болон хүний эрхийг хамгаалагчийн талаарх бодлого, хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой зөвлөмж, энэ чиглэлээр ажилладаг үндэсний байгууллагуудын ажилтнуудыг чадавхжуулах асуудлыг дотоод нөөц боломжтой холбоотойгоор хэрэгжүүлэхгүй байна. Байгаль орчин, хүний эрхийн чиглэлээр ажилладаг тусгай илтгэгч нар Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, утаа, хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрсэн гэсэн дүгнэлт байнга гаргадаг. Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлдэг ч үр дүнгүй хэвээр” гэв.
Ч.Болор