Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гаргасан 08 тоот дүгнэлтийг уржигдар 22.50 цагт танилцуулсан юм. Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан хүсэлтийг хүлээн авч шалгасан Цэцийн гишүүн О.Мөнхсайхан дүгнэлтийн үндэслэлийн агуулга болон тогтоох хэсгийг бүхэлд нь уншиж сонсгов. Үүнд нэг цагийн хугацаа зарцуулсан юм. Зүйл, заалт бүрээр шүүж, тайлбарладаг учраас аргагүй биз. Г.Занданшатар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаан, гаргасан тогтоол, УИХ-ын дэд даргын үйлдэл гэсэн гурван асуудлаар Цэцэд гомдол гаргасан.
Тэгвэл Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг шийдсэн УИХ-ын чуулганы аравдугаар сарын 17-ны өдрийн хуралдааны ирцийг хуулийн дагуу бүрдүүлээгүйг Цэц баталгаажуулжээ. Үндсэн хуулийн 27.6, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6.2, 7.1-ийг зөрчиж, олонх ирээгүй, ирц бүрдээгүй байхад цаг сунгасан, танхимд байхгүй 19 хүний саналыг ашигласан гэдгийг ийнхүү тогтоов. Мөн Ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн 1.2, 43.1, 70.1-ийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэжээ.
Гуравдугаарт, чуулганы хуралдааныг удирдсан дэд дарга Х.Булгантуяагийн үйлдлийг шүүх байв. Улмаар Цэцийн Их суудлын хуралдаанаас түүнийг хурал удирдахдаа Үндсэн хуулийн 1.2 дахь “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 43.1-ийн “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал парламент гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно” гэснийг зөрчсөн хэмээн үзсэн байна. Их суудлын хуралдааны дүгнэлтийг танилцуулахдаа Цэцийн гишүүн О.Мөнхсайхан “Албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар гаргасан Цэцийн дүгнэлт эцсийнх байна. Албан тушаалтны талаар гаргасан уг дүгнэлтийг УИХ-аар хянахгүй. Гагцхүү шийдвэр гаргах үндэслэл болно” хэмээн онцолсон юм.
Их суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрчээр ирсэн хүмүүс хурал хаяж гарсан. Төрийн албан хаагч учраас УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж л ганцаар үлдэж, тайлбар өгсөн тухай бид мэдээлсэн билээ. Ирц бүрдээгүй байхад цаг сунгасан, баасан гарагт шинээр бүртгэлгүйгээр үргэлжлүүлсэн үндэслэлээ тэрбээр тоймтой тайлбарлаж чадаагүй юм. Энэ үйлдэл нь холбогдох хуулийг илтэд зөрчсөн гэж Цэц шийдвэрээ тодотгоно лээ. Үнэхээр хуулийн дагуу ажилласан бол Х.Булгантуяа гаргасан шийдвэрээ хамгаалах л байв. Мөн дэд дарга өмгөөлөгч авах эрхээр хангаагүй тухай гомдоллосон. Үүнийг ч Их суудлын хуралдааны дүгнэлтэд авч үзэн тайлбар хэлсэн юм. “Гомдол хүлээн авсан өдөр буюу аравдугаар сарын 16-нд Цэцээс тайлбар авахаар хоёр талд албан бичиг илгээсэн. Их суудлын хуралдаан хүртэл өмгөөлөгч авах цаг хугацааны боломж танд байсан” гэжээ. Үнэндээ Х.Булгантуяад зургаан өдөр байсан ч өмгөөлөгч авсангүй. Тэгэхээр үүгээр шалтаглан улс төр хийх гэсэн, эсвэл хүчээр, хууль зөрчин ирц бүрдүүлснээ хаацайлан бултах арга болгох гэж л өмгөөлөгчгүй ирсэн хэмээн хардахад хүрч байна.
Их суудлын хуралдааныг гурав хоногийн дотор яарч сандарч зарлалаа хэмээн Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжигчид шүүмжилсэн. Тэгвэл Цэцийн гишүүн дүгнэлтдээ хоёр үндэслэл хэлэв. Юуны өмнө Цэцэд гаргасан гомдлыг ихэсгэсэн шаардлагын дагуу яаралтай, онц чухал гэж авч үзсэн. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 43.1-т заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 10 хоногт багтаан шийдэж, дараагийн Засгийн газрын тэргүүнийг 30 хоногт томилох ёстой. Хэрэв энэ хугацаанд дараагийн Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол УИХ-ыг тараах эрсдэл үүсэх учраас яаралтай авч хэлэлцсэн гэв.
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг. Мөн Үндсэн хуулийн 66.4-т “Хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно”, 67 дугаар зүйлд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” хэмээн заажээ. Тиймээс УИХ-ын 95 дугаар тогтоол хүчингүй болж, Г.Занданшатарын Засгийн газрын бүрэн эрх сэргэсэн гэсэн үг. Мөн Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон тул түүнийг эгүүлэн татах, хариуцлага тооцох дараагийн ажил өрнөнө. Албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөнтэй холбоотой Цэцийн дүгнэлтийг УИХ-аар хянахгүй гэж Цэц дүгнэлтдээ тодотгосон байхад л 1980-аад оны бүлэглэлийнхэн маргах “өнцөг” хайж олжээ. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1-т зааснаар тус байгууллагаас дүгнэлт, тогтоол, магадлал гэсэн гурван хувилбараар шийдвэр гаргадаг. Тэгвэл эндээс тогтоол нь эцсийнх, дүгнэлтийг бол УИХ-аар хэлэлцэнэ хэмээн маргаж эхэлсэн байна. Гэвч Цэц Үндсэн хуулиа хамгаалж, цагаан дээр хараар бичсэн зүйл, заалтаа баталгаажуулсан нь энэ.
С.Уул