ХЭҮК, “Глоб интернэшнл төв” төрийн бус байгууллага (ТББ), Канадын “Хууль ба ардчилал” төвтэй хамтран гүйцэтгэсэн “Мэдэх эрх, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт” судалгааны урьдчилсан дүнг танилцуулах хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав. Хэлэлцүүлэгт ХЗДХЯ, АТГ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач нийлсэн 45 хүн оролцжээ. ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа судалгааны үр дүнд тулгуурлан 2026 онд УИХ-д хүргүүлэх, Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын та лаарх 25 дахь илтгэлд мэдэх эрхийн төлөв байдлыг тусгах талаар онцлов.
Харин “Цогц хөгжлийн үндэсний төв” НҮТББ-ын хуульч Ө.Төрболд, “Глоб интернэшнл төв” ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэн нар “Мэдэх эрх, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт” судалгааны урьдчилсан дүнг танилцуулсан юм. Тэд Монгол Улсад эрх зүйн орчин бүрдсэн ч хэрэгжилт хангалтгүй, мэдээлэл нийтлэх үүрэг сонголтын шинжтэй, төрийн болон албаны нууцын зохицуулалт хэт өргөн, мэдээлэл өгөх хугацааг мөрдөхгүй байх, давж заалдах механизм сул зэрэг асуудал хөндсөн юм. Судалгааны багийн зүгээс ил тод байдлын хязгаарлалтыг нарийвчлах, мэдээлэх үүргийг хуульчилж заавал биелүүлдэг болгох, хяналтын механизмыг бэхжүүлэх, мэдээлэл хариуцагчдын чадавх болон ил тод байдлын соёлыг сайжруулах зэрэг бодлогын зөвлөмж дэвшүүлжээ.
Канадын “Хууль ба ардчилал” төвийн гүйцэтгэх захирал Тоби Мендел олон улс дахь мэдэх эрх, мэдээллийн ил тод байдлын хууль, туршлагын талаар мэдээлэл хуваалцаж, Монгол Улсын нийслэл, орон нутгийн 20 байгууллагын мэдээллийн ил тод байдлыг түүвэрлэн судалсан үр дүнг танилцуулсан. Судалгааг байгууллагуудын цахим хуудас, и-мэйл харилцаа болон хүсэлтээр мэдээлэл авах аргачлалаар, дөрвөн үндсэн үзүүлэлтийн хүрээнд хэрэгжүүлжээ. Сонирхуулахад, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 онд баталж, 2022 оны тавдугаар сарын 1-нээс дагаж мөрдөж буй билээ.
Ч.Болор