Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн өнгөрсөн баасан гарагт яамныхаа болон харьяа байгууллагуудын удирдлагуудтай өргөтгөсөн хурал хийжээ. Юуны түрүүнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй үргэлжлүүлж, өвс, тэжээлийн нөөцийг аймаг, орон нутагт хүргэх төлөвлөлтийн талаар хэлэлцэв. Улмаар хүргэлтийн зардлын нарийвчилсан судалгаа гаргаж, малын өвчлөл, өвөлжилтөд анхаарч ажиллахыг үүрэг болгожээ. “Салбарын сайдын хувьд нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, эрүүл, аюулгүй байдалд анхаарна. Мөн өрхийн хэрэглээний зардалд хамгийн их жин дардаг хүнсний үнийг үндэслэлгүйгээр нэмэхгүй байхад хяналт тавьж ажиллана” гэжээ. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, малын эм тариа, вакцины хэрэглээ, хариуцлагын тогтолцоог чангатгах чиглэлээр хуулийн төслийг боловсруулахад ХХААХҮЯ-ныхан болон холбогдох албаныхан оролцох аж. Цаашид нөхөн сэргээгдэхгүй баялаг буюу байгалийн баялгийн олборлолт, ашиглалтын орлогоос хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулах тогтолцоо бүрдүүлэхийг зорьж, салбарын хяналтын асуудлыг анхаарч ажиллахаа М.Бадамсүрэн сайд илэрхийлжээ
С.ДУЛАМ