Нийслэлийн Прокурорын газраас УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2-т зааснаар "Төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан" хэмээн яллах дүгнэлт үйлдсэн. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний гэм буруутай, эсэхийг маргааш хэлэлцэнэ. Шүүгдэгчийн болон хохирогч талын өмгөөлөгчид хүсэлт гаргаснаар уг хэргийн хурлыг хэдэнтээ хойшилж буй. Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 30, дөрөвдүгээр сарын 3, арванхоёрдугаар сарын 13, арванхоёрдугаар сарын 28-нд товлосон шүүх хурлуудыг хойшлуулж байв. Ямартай ч шүүхээс эл хэргийг маргааш хэлэлцэхээр дахин тов гаргажээ. Шүүгдэгч Л.Пүрэвбаатар УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөрөнгөөр хувьдаа 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй хаусыг Зайсанд бариулсан хэргээр шүүгдэж буй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас шүүгдэгчийн амины орон сууцыг өнгөрсөн оны зургадугаар сард албадан чөлөөлсөн. “УБТЗ”-ын ажилчид амины хаус нь хууль бус үйлдэл гэж үзсэн учраас иргэний хэргийн шүүхэд хандсан. Гурван шатны шүүхийн шийдвэрээр уг хаусыг чөлөөлөх шийдвэр гарсан байдаг.