Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа ирэх сарын 2-нд буюу хэдхэн хоногийн дараа дуусна. Түүний явах цаг нь хараахан болоогүй байхад Дээд шүүхийг “атгах” гэсэн эрх мэдлийн тулаан өрнөөд эхэлчихлээ. Олон нийт ч таамаг дэвшүүлж, одоогийн Ерөнхийлөгчийн таалалд хэн нийцэх талаар хэвлэл мэдээлэл ч шуугьж байна. Хуулиа дээдэлж, мөрддөг улсад бол энэ нь тэгж олны анхаарал татаж, улс төрчдийг талцуулах хэрэг биш юм. Өөрөөр хэлбэл, 2021 онд баталсан, өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүхийн тухай хуулийн 36.7-д “Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэж заасан. Цагаан дээр хараар биччихсэн, ийм тодорхой заалт байсаар атал Д.Ганзоригийг яагаад улираан томилох тухай ярих болов.
СҮҮЛЧИЙН ХӨЗРӨӨ ДЭЛГЭВ ҮҮ
Д.Ганзориг шүүгч сүүлчийн хөзрөө дэлгэж, азаа үзэх гэсэн бололтой. Учир нь Шүүхийн тухай хуулийн дээрх заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн хэн нэгэн Цэцэд мэдээлэл гаргачихсан, үүнийг нь Их суудлын хуралдаанаараа энэ сарын 27-нд хэлэлцэхээр товлоод байна. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн 36.7-д “... зөвхөн нэг удаа...” гэж заасан нь Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийг зөрчсөн, эсэхийг шийдвэрлэх юм. Үндсэн хуульд “… ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно” гэжээ. Тэгэхээр Цэцийн шийдвэр яаж гарах нь Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн хувь заяаг тодорхойлох нь. Ерөнхий шүүгч Д.Ганзориг ийн суудалдаа үлдэх гэж элдэв арга сүвэгчилж, Цэцийн даргатай хүртэл хоршсон ч амжилт олох нь өнгөрсөн хэмээн зарим хэвлэлд дурдсан байх юм.
Тэгвэл яг ийм тохиолдол одоогоос 10 жилийн өмнө буюу 2016 онд болжээ. Үүнийг эргэн санацгаая. Тухайн үед Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Ц.Зориг ажиллаж байв. Тэрбээр 2010 оны арваннэгдүгээр сарын 5-наас эхлэн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж, 2026 онд хуульд заасан зургаан жилийн хугацаа нь дуусгавар болж байсан юм. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн XV хорооны иргэн Ч.Жадамба Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл гаргасан байдаг. Үүндээ “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэсэн нь Үндсэн хуулийн 51. 2 дахь хэсэгт “... Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” гэж заасныг илэрхий зөрчжээ” гэсэн байна. Харин Цэц дүгнэлт гаргахдаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн эл заалт нь Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзжээ.
Ингээд 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нд Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Ц.Зоригийг улираан томилох асуудлыг шүүгчдийн зөвлөгөөнд оролцсон шүүгчийн олонх дэмжсэн юм. Харин тэрбээр 2019 оны гуравдугаар сард буюу ерөнхий шүүгчээр есөн жил ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна. Түүний оронд ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг Ерөнхийлөгч Х.Баттулга томилсон ч тэрбээр ганц жилийн дараа мөн л өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Үүний дараа одоогийн ерөнхий шүүгч Ц.Ганзоригийн цаг эхэлжээ. Тодруулбал, 2020 оны зургаадугаар сарын 2-нд Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Ц.Ганзоригийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилсон юм. Гэхдээ Цэц “зөрчөөгүй” гэж үзсэнээ хүчингүй болгож байсан удаатай тул “зөрчсөн” гэж үзсэнээ ч хүчингүй болгох боломжтойг хуульчид сануулсан.
“ХУГАЦАА БОГИНО БАЙНА, ДАХИАД СУНГАЯ ГЭХ УТГАГҮЙ”
“Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн дотроос Үндсэн хуулийн эрх ашигт хамгийн бага аюул үүсгэх нь шүүх эрх мэдэл юм. Шүүх эрх мэдэл нь нөгөө хоёр эрх мэдлээ дарангуйлах нь бүү хэл, тэдгээрээс ирэх дайралтаас өөрийгөө хамгаалах чадваргүй” хэмээн АНУ-ыг үндэслэгчдийн нэг Александр Хамильтон бичиж байжээ. Учир нь хууль тогтоох эрх мэдэл сонгуулийн журмаар ард түмнээс мандат авч, хүн бүрийн дагаж мөрдөх хэм хэмжээ буюу хууль батлах, төсөв захиран зарцуулах хүрээ хязгаарыг тогтоодог бол гүйцэтгэх мэдэл төсвийг захиран зарцуулах хийгээд цэрэг, цагдаа, батлан хамгаалах, дайн тулаан хийх, улмаар эдгээрийг хэрэгжүүлэх албадлагын механизмаар бүрэн хангагдсан байдаг аж. Харин шүүх эрх мэдэлд эдгээрийн аль нь ч байхгүй. Гэвч шүүхийн гаргасан шийдвэр нийгэмд үйлчилж, хүмүүс түүнийг дагаж мөрддөг. Энэ нь маш хүчтэй нөлөө үзүүлдэг бөгөөд үүнийг олон нийтийн итгэлд суурилан олж авдаг байна. Тиймээс шүүхэд олон нийтийн итгэл ус, агаар шиг хэрэгтэй. Итгэлийг нь алдах юм бол шүүх хүчгүй болно. Харамсалтай нь, манай улсын иргэд шүүхэд төдийлөн итгэдэггүй. Гэхдээ бүгд шүүхдээ итгэхийг, шударга шийдвэр гаргахыг нь хүсэн хүлээдэг. Харин энэ эрх мэдлийг зургаан жил хүртэх нь хангалтгүй гэж үзэж буй ерөнхий шүүгчийн улайрал олон нийтийн дургүйцлийг төрүүлээд буй.
Шүүх байгууллагын нэр хүнд унаж, шүүхийн шийдвэрийн биелэлт ч дөнгөж 50 хувьд хүрэхтэй, үгүйтэй, улс төр, эрх мэдэлтнүүдтэй холбоотой хэрэг хэрхсэн нь мэдэгдэхгүй замхарч, зарим нь бүр ил цагаан луйврын шинжтэй болсныг хэн хүнгүй ярьж байна. “Шүүхтэй холбоотой шүүмжлэлүүд шуурч байхад засаглалын тэргүүн нь зургаан жилийн хугацаанд огт гарч ирсэнгүй, нэг ч удаа дуугарсангүй” гэх шүүмжлэл цахим орчинд тархаад буй. Гэсэн атлаа эл эрх мэдлээ дахин зургаан жилээр эдлэхээр санаархаж буй нь ёс зүйгүй үйлдэл ч гэж үзэх хүн цөөнгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Улсын дээд шүүхийн шүүгч зургаан жил ажиллах нь богинохон юм байна гээд дахиад сунгая гэж болохгүй. Олон албан тушаалыг зургаан жилээр нэг удаа сонгогдох хэлбэр лүү оруулж байгаа. Анхнаасаа яагаад зургаан жилээр нэг удаа сонгох гэдэг заалт оруулсныг бодох хэрэгтэй. Энэ нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх, нөлөөнд автах боломж нөхцөлийг аль болох хамгийн боломжит хэмжээнд хязгаарлаж буй эрх зүйн хэлбэр” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Хуульч, судлаач П.Баттулга “Шүүхийн дээр улс төрчдийг тавих юм бол эцсийн дүндээ иргэд л хохирогч нь болно” хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа онцлон дурдсаныг энд зориуд тэмдэглэе.
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯРЫГ “ӨГӨӨШ” БОЛГОСОН УУ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 12-ны хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах тухай асуудлыг хэлэлцсэн юм. 2015 оноос нийслэлийн Эрүү гийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчээр ажиллаж байгаа Т.Өсөхбаярыг Дээд шүүхэд нэр дэвшүүлж буйг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа танилцуулсан. Тэрбээр “16 хүн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлж, оролцсон. Бичгийн шалгалтад тав, дараагийнхад нэг хүн тэнцсэн нь Т.Өсөхбаяр. Нэр дэвшигч Т.Өсөхбаяр нь 1976 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумд төрсөн, 50 настай, эрэгтэй. Ам бүл тавуулаа. Тэрбээр 1984-1994 онд Сүхбаатар аймгийн нэгдүгээр бүрэн дунд сургууль, 1995-1999 онд “Их засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2010-2020 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцан, хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2000 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2000-2001 онд нийслэлийн шүүхэд жижүүр, 2001-2003 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2003 онд Улсын дээд шүүхэд нийт шүүгчдийн хуралдааны зохион байгуулалтын асуудал хариуцсан шинжээч, 2003-2006 онд Улсын дээд шүүхэд Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн туслах, 2006-2009 онд Баянзүрх дүүргийн, 2009-2012 онд Баянгол дүүргийн, 2012-2013 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, 2015 оноос нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчээр ажиллаж байна. Нэр дэвшигч Т.Өсөхбаяр нь төрийн албанд 26 жил, шүүгчээр 20 жил нэг сар, үүнээс давж заалдах шатны шүүхэд 13 жил дөрвөн сар ажиллаж байгаа. Шүүгчид нэр дэвшигчдийн шалгалтад Т.Өсөхбаяр нь нийт 78.72 оноо авч тэнцэн, нэгдүгээрт эрэмбэлэгдсэнийг тогтоолоор баталгаажуулан танилцуулж байна” гэсэн юм.
Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилогдохоос өмнө Т.Өсөхбаярыг Дээд шүүхийн шүүг чээр томилчихвол түүнд дахин нэг шат ахих боломж бий. Өөрөөр хэлбэл, ерөнхий шүүгчид үзээд алдана гэсэн үг. Түүнээс гадна Дээд шүү хийн Захиргааны танхимын шүүгч Ц.Цогт, Эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр нарын нэр ерөнхий шүүгчид яригдаж буй. Гэхдээ энэ нь Улсын дээд шүүхийн шүүгчдийн эрх мэдлийн бөгөөд Ерөнхийлөгчийн соёрхон батлах, эсэх асуудал юм.
Улсын дээд шүүх ямар эрх мэдэлтэй вэ. Монгол Улсын шүүхийн дээд байгууллага юм. Эл шүүх нь Ерөнхий шүүгч, 24 шүүгчээс бүрддэг. Шүүхийн тухай хуульд Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг заасан байдаг. Тус хуулийн 16 дугаар зүйл буюу шүүг чийн нийтлэг бүрэн эрхээс гадна тухайн шүү хийг Засгийн газар, УИХ-д бүрэн эрхийнхээ хүрээнд төлөөлөх, шүүгчдийн зөвлөгөөнийг товлон зарлах, хуралдуулах, удирдах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах, шүүхийн практик, тоон мэдээлэлд үндэслэн шүүн таслах ажиллагааны чанар, үр дүн, хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, хяналтын талаар Шүүгчдийн зөвлөгөөнд мэдээлэл хийх зэрэг эрхтэй. Энгийнээр хэлбэл, улс төрийн намын бүртгэл, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг ажил нь Дээд шүүхэд төвлөрснөөр улс төрийн хараат байдлыг бий болгох эрсдэлтэй гэж үздэг. Сургалт, суртал чилгаагаар дамжуулан улс төрийн аль нэг талд “үйлчлэх”, эрх ашигт нь нийцүүлэн ухуулга хийх ч магадлал өндөр гэж харддаг. Ерөнхийдөө, улс төрөөс хараат болсон хэмээн шүүмжлүүлдэг шүүх засаглалын хамаг л эрх мэдлийн гол хүч болох Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ерөнхийлөгч Х.Баттулгын, эсвэл У.Хүрэлсүхийн хүн байх, эсэхээс илүү хуулиа баримталж ажилладаг, иргэдийнхээ эрх ашгийн төлөө дуугарах зоригтой нэгэн байгаасай хэмээн олон нийт хүсэж байна.
Ч.Цэлмэг