УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар О.Амгаланбаатар нарын 10 гишүүний санаачилсан Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн болон М.Бадамсүрэн тэргүүтний өргөн барьсан Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийн талаар мэдээлэл сонссон байна. Эхний төсөлд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн агентлагуудын салбар нэгжийн удирдлагыг орон нутгийн удирдлагууд нь томилдог байхаар тусгажээ. Уг төслийг одоогийн хуулиудын агуулгатай зөрчилдөж байна гэж МАН үзэв.
Мөн Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл нь хичээлээс гадуурх болон амралтын цагийн хөгжлийг дэмжих эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхээр зорьжээ. Энэ талаар гишүүн М.Бадамсүрэн “Оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг гэсэн зарчмыг олон улсад баримталдаг. Тиймээс хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд төр, эцэг эх, бүх талын оролцоог хангах шаардлагатай. Судалгаагаар эцэг, эхчүүд орлогын түвшнээс хамааран хүүхдээ нэмэлт сургалтад хамруулах боломж харилцан адилгүй байдгийг тогтоосон. Бүх хүүхдэд тэгш боломж олгохын тулд Ирээдүйн өв санд хуримтлагдаж буй санхүүжилтийн хүүгийн орлогын 50-иас багагүй хувийг хүүхдийн хөгжил, сургалт, дугуйланд явах, багш нарыг дэмжихэд зарцуулахаар төсөлд тусгасан. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу дээрх санд уул уурхайн салбараас төвлөрдөг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувийг хуримтлуулдаг. Жил бүр ойролцоогоор 4-6 их наяд төгрөг төвлөрдөг. Одоо Ирээдүйн өв санд нийт зургаан их наяд төгрөг хуримтлагдсан.
С.Уул