
ОХУ-ын Чита хотноо зохион байгуулагдсан Забайкалийн олон улсын кино наадам 13 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд Монголын кино урлагийн салбарын найруулагч Батдэлгэрийн Бямбасүрэн оролцож, “Татар” хамтлагийн тухай өгүүлсэн уран сайхны киногоо олон улсын үзэгчдэд толилуулсан нь онцлох үйл явдлын нэг байлаа.
Энэ жилийн наадмын хөтөлбөрт хүмүүнлэг үзэл, хүний мөн чанар, ёс суртахуун, уламжлалт гэр бүлийн үнэт зүйлсийг хөндсөн бүтээлүүд түлхүү багтсан талаар зохион байгуулагчид онцолсон байна. Наадамд Монгол, Хятад, Сингапур, Турк, Унгар, Франц, Их Британи, Бангладеш, Вьетнам, АНУ, Япон, Герман, Чех зэрэг олон орны кино уран бүтээлчид оролцжээ.
Наадмын үеэр зөвхөн кино үзвэрээр хязгаарлагдахгүйгээр найруулагч, жүжигчид үзэгчидтэй нээлттэй уулзалт, ярилцлага өрнүүлж, уран бүтээлийн туршлагаасаа хуваалцсан нь үзэгчдийн сонирхлыг татсан байна.
Б.Бямбасүрэн: Түүхийг үнэнээр нь үлдээх учиртай

Монгол Улсыг төлөөлөн оролцсон найруулагч Б.Бямбасүрэн “Татар” хамтлагийн түүх, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн өнгө төрхийг харуулсан уран сайхны киногоо Забайкалийн үзэгчдийн хүртээл болгожээ.
Чита хотод анх удаа ирж буй тэрбээр наадмын зохион байгуулалт болон үзэгчдийн халуун дулаан хандлагад өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн сүүлийн жилүүдэд Монголын кино урлаг олон улсын А зэрэглэлийн кино наадмуудад амжилттай оролцож, дэлхийн тавцанд өрсөлдөх хэмжээнд хүрснийг онцоллоо.
Найруулагч Б.Бямбасүрэн нь өнөөдрийн байдлаар зургаан бүрэн хэмжээний кино бүтээсэн туршлагатай уран бүтээлч бөгөөд түүний “Татар” кино өнгөрсөн дөрөвдүгээр сард Москва хотноо болсон урьдчилсан шалгаруулалтад ирсэн 2500 гаруй бүтээлээс шилдэг 12 киноны нэгээр шалгарч байжээ.
Б.Бямбасүрэн: Дэлхийн хоёрдугаар дайны сэдэвтэй кино төсөл дээр ажиллаж байна
Ярилцлагын үеэр хоёр орны соёл, түүхэн харилцааны талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа найруулагч Б.Бямбасүрэн Монгол, Оросын ард түмэн олон жилийн түүхэн холбоотой, ахан дүүсийн харилцаатай хэмээн үздэгээ хэлсэн байна.
Түүний өмнөх бүтээлүүдийн нэг нь Халхын голын байлдааны сэдвээр хийгдсэн бөгөөд Зөвлөлт, Монголын цэргүүд хамтран Японы түрэмгийллийг няцаасан түүхэн үйл явдлыг өгүүлдэг аж.
Түүнчлэн тэрбээр одоо Оросын уран бүтээлчидтэй хамтарсан Дэлхийн хоёрдугаар дайны сэдэвтэй шинэ кино төсөл дээр ажиллаж буйгаа дуулгав. Уг төслийн жүжигчдийн сонгон шалгаруулалтыг ирэх зургаадугаар сараас Чита хотод зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Бидэнд түүхийг өөрчлөх, гуйвуулах эрх байхгүй. Түүхэн үнэнийг бодитоор нь хойч үедээ үлдээх ёстой” хэмээн найруулагч Б.Бямбасүрэн онцлон хэлсэн байна.