Жил бүрийн хавар, намар Сүхбаатарын талбай хөл хөдөлгөөнд дарагдаж, хүүхэд багачуудаас эхлээд өтгөс буурал хүртэл номын асар хэсэн, мэдлэг оюуны “эрэлд” гардаг уламжлал тогтоод багагүй хугацаа өнгөрчээ. Үндэсний номын баярт дунджаар 300 мянга гаруй уншигч, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч тогтмол оролцдог гэдэг. Түүнчлэн гадаадын хэвлэлийн газрууд, утга зохиолын агентлагууд зорин ирдэг болсноор цар хүрээгээ жилээс жилд тэлсээр байна.
Үндэсний номын баяр бол уншигч, зохиолч хоёрыг уулзуулах, шинэ бүтээлийг алдаршуулах, иргэдийг соён гэгээрүүлэх гол зорилготой. Гэвч өдгөө энэ баяр анхны зорилго, утга агуулга, үнэ цэнээ алдаж, хямдралтай номын худалдаа, улс төрчдийн өөрийгөө сурталчлах индэр, томоохон хэвлэлийн компаниудын ноёрхлоо тогтоох талбар болон хувирав.
Бүтээлээ туурвихад бүхий л амьдрал, хөдөлмөрөө зориулсан ахмад зохиолчид асрын түрээсээ дийлэхгүй 3-4-үүлээ шахцалдан сууж байхад өндөр орлоготой улс төрчид болон тэрбумын ашигтай хэвлэлийн компаниуд нүүрэн талын эгнээнд тухлах нь эл арга хэмжээ мөн чанараасаа хазайсны жишээ юм.
“Үндэсний оюун санааны баяр биш, ашиг хөөсөн асрын наймаа болж хувирлаа. Асар авч чадаагүй хүмүүс нь цаасан хайрцаг дээр хэдэн бүтээлээ өрөөд борлуулж сууна” хэмээн нэгэн ахмад зохиолч бухимдлаа барьж ядан өгүүлэв. Өнөө жил Сүхбаатарын талбайн асрын түрээс 940 мянган төгрөгт хүрснийг уран бүтээлчид ч хэлж байна. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй энэхүү түрээсийн дарамтаас шалтгаалан төр, нийгэмдээ үнэлэгдсэн буурлууд нэг дор гурав, дөрвүүлээ, заримдаа бүр тав, зургаагаараа шахцалдан суухад хүрчээ. Учир нь тэд асрын түрээсийг дангаараа төлөх санхүүгийн боломжгүйгээ нуудаггүй.
Үндэсний номын баяр гэдэг зүгээр нэг хямдралтай худалдааны хар зах биш. Утга зохиолын хорхойтнууд энэ өдрүүдэд тал талаас цугларч, халуун дулаан яриа өрнүүлдэг, уншигч, зохиолч хоёр нүүр тулан уулзуулдаг, хүүхэд, залууст номд шимтэх сэдэл санаа өгөхүйц тийм л гэгээн орон зай байх ёстой. Түүнээс биш жилийн 365 хоногийн турш үүд хаалга нь үргэлж нээлттэй байдаг томоохон дэлгүүрүүд, тогтмол үйл ажиллагаа явуулдаг худалдаачид төв талбайн хамгийн өнгөтэй, өөдтэй байрлалыг эзэгнэн суух нь нийтэд тийм ч ач холбогдолтой биш.
ТӨВ ТАЛБАЙГ ЭЗЭГНЭСЭН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА
Ер нь эрдэм номын хүмүүс чинээлэг давхаргынхан байдаггүй. Тэд улс төрчид шиг сар бүр хэдэн арван саяын ашиг олдоггүй атлаа нийгмийг соён гэгээрүүлэхийн тулд насан туршдаа зүтгэдэг. Гэвч хамгийн их санхүүгийн дарамтыг тэд л үүрч үлддэг нь гашуун үнэн. Тиймдээ ч уран бүтээлчид төрийн анхаарал халамжийг төдийлөн мэдэрдэггүй байна.
Тэгвэл өнөө жил Сүхбаатарын талбайд нийт хэчнээн асар босгосон, түүнийг хэдэн төгрөгөөр түрээслүүлсэн талаар зохион байгуулагч болох “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагынхнаас тодруулахад “Төрийн байгууллагууд ихэнх асрыг нь дээрэмдчихдэг учраас энэ жил асартай холбоотой асуудал үүссэн нь үнэн. Үргэлж биднийг харлуулахыг хүсдэг тул нийт тоо болон санхүүгийн мэдээлэл өгөхгүй. Харин төрийн байгууллагууд биднийг хэрхэн дарамталдаг тухай яриа өгөх боломжтой” гэв. Зохион байгуулагчид нь ийнхүү орлогын тайлангаа нууцалж, хаалттай байгаа нь цаанаа ихээхэн ашиг сонирхол, булхай буйг илтгэх мэт.
Энд нэг асуулт гарч ирж буй нь улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд асар босгож, түүнийгээ түрээслүүлэх онцгой эрх ганцхан төрийн бус байгууллагад байдаг нь ямар учиртай вэ. Бяцхан тоо бодож үзвэл, талбайг тойроод хамгийн багадаа 30 асар бий гэж тооцоход (нэг бүрийг нь 940 мянган төгрөгөөр бодоход) нийт 28.2 сая төгрөг болно. Энэ бол зөвхөн ил харагдах хэсэг бөгөөд бодит байдалд үүнээс олон асар, хэд дахин их мөнгө эргэлдэж байгаа нь тодорхой. Тэгвэл тэдний олсон энэ их орлого хаашаа урсдаг юм бол.
Номын баярыг УИХ-ын даргын эсвэл, Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг гэх. Гэвч амьдрал дээр төрөөс энэ салбарыг бодлогоор дэмжсэн зүйл алга. Үндэсний хэмжээний баяр болгон хуульчилсан атлаа улсын төсөвт үүнд зориулсан бодит татаас, санхүүжилт тусгадаггүй байна. Улмаар зохион байгуулагчид зардлаа нөхөх нэрээр асрын үнийг улам өсгөж, эцэст нь зохиолчид хохироод үлддэг гаж тогтолцоо бий болжээ.
Төр нь хүртэл хувийн байгууллагаас асар царайчилдаг, өгөхгүй бол хавчиж дарамталдаг, эргээд нэгнээ шантаажилдаг байхад энэ удаагийн номын баяраар төдөн мянган хүн цуглууллаа гэж попрох хэрэг юу сан билээ.
ЗОХИОЛЧ БУС, ХЭВЛЭХ ҮЙЛДВЭРҮҮД Л АШИГ ХҮРТДЭГ ТОГТОЛЦОО
Монгол Улсад жилд дунджаар 4000 орчим шинээр болон дахин хэвлэгдсэн бүтээл уншигч дын гарт очдог байна. Сүүлийн таван жилд гэхэд 18 000 гаруй ном олон улсын стандарт дугаар (ISBN) авчээ. Эдгээр бүтээлийг төрлөөр нь ангилж үзвэл уран зохиол 22 хувийг нь эзэлж буй бол түүх, намтарчилсан бүтээл 13, боловсролын чиглэлийнх 10 хувийг тус тус эзэлж байна. Харин үлдсэн хэсгийг нь шинжлэх ухаан, соёл, нийгмийн салбарын бусад бүтээл бүрдүүлжээ.
Хэдийгээр зах зээлд ийм олон ном шил шилээ даран “төрж” буй ч үнийн хуваарилалтаас нь зохиолчдын хөдөлмөр хэрхэн үнэгүйдсэнийг харж болно. Борлуулалтын орлогын дийлэнх нь хэвлэх үйлдвэрийн зардал, дэлгүүрийн шимтгэл, татварт суутгагдсаар эцэст нь зохиолчид багахан хувь нь оногддог гэнэ. Өөрөөр хэлбэл, оюуны бүтээлийг цогцлоосон эзэд нь багахан ашиг хүртэж байна гэсэн үг. Харин хэвлэх үйлдвэрүүд болон томоохон компаниуд тэдний оюуны хөдөлмөрт дөрөөлөн бизнесээ тэлж, хэд дахин их ашиг олдог гаж тогтолцоог хэдийн нутагшуулжээ. Түүнчлэн үндэсний зохиолчдод тулгардаг өөр нэг дарамт нь монопол дэлгүүрүүд юм. Тэд ихэвчлэн гадаадын бестселлерүүдийг орчуулж, өөрсдийн үйлдвэрт хямд өртгөөр, олноор нь хэвлэн борлуулдаг тул дотоодын уран бүтээлчид тэдэнтэй үнийн болон маркетингийн хувьд өрсөлдөх бараг боломжгүй.
Номын зах зээл бол эдийн засгийн хямралд хамгийн түрүүнд өртдөг эмзэг салбар гэдэг. Иргэдийн амьжиргаа доройтохын хэрээр хэрэглээний сагснаасаа хамгийн түрүүнд номыг хасдаг бичигдээгүй хууль бий. Гэтэл ард түмнийг оюуны ядуурал руу түлхсэн улс төрчид номын баяраар далимдуулан сурталчилгаа хийж, өөрийгөө дөвийлгөх индэр болгон ашиглаж буй нь харамсалтай.
УТГА ЗОХИОЛЫН ЧИГ ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ТАЛБАР БАЙДАГ
Дэлхийн хамгийн том номын үзэсгэлэн болдог Франкфуртад хэн нэгэн улс төрч асар түрээсэлчихээд “Миний номыг аваарай” гээд зогсдоггүй. Тэнд дэлхийн өнцөг булан бүрээс цугласан хэвлэн нийтлэгч, уран бүтээлчид уулзаж, зохиогчийн эрх худалдах, шинэ тэтгэлэг зарлах, утга зохиолын чиг хандлагыг тодорхойлох зэрэг олон төрлийн хэлэлцүүлэг өрнүүлдэг. Түүнчлэн эл өдрүүдэд уран бүтээлчидтэй хамт тухайн зохиолыг задлан шинжилж, шүүмжийн уралдаан хүртэл зарладаг байна.
Харин Эдинбургийн олон улсын наадам бү хэлдээ агуулгад чиглэснээрээ онцлогтой. Зохиолчид нь уншигчидтайгаа өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал, уур амьсгалын өөрчлөлт, хүний эрхийн сэдвээр нээлттэй мэтгэлцэж, билиг оюунаараа уралддаг. Ялангуяа барууны орнуудад төрөөс нь уран бүтээлчдээ хүндэтгэн, татварын уян хатан бодлогоор дэмждэг бөгөөд хэвлэмэл бүтээлийг НӨАТ-аас бүрэн чөлөөлдөг жишиг үйлчилдэг аж. Тэгтэл Монголд ном хэвлэлийн худалдааг татвараас чөлөөлж өгөхийг дотоодын уран бүтээлчид олон жил нүдээ ширгэтэл хүлээсээр буй.
Үндэсний хэмжээний номын баяр гэх тодотголтой хэрнээ соён гэгээрүүлэгчдээ дэмждэггүй, тулгамдсан асуудлыг нь шийдэхэд чиглэсэн үйлдэл огт хийдэггүй, харин ч тэдний халаасыг “сэгсэрдэг”, мөлждөг бизнес төдий зүйл болон хувирсанд олон нийт, зохиолчид бухимдаж байна. Нийтээр тэмдэглэх баяр болгон хуульчилчихсан эл арга хэмжээг зохиовол зохиосон шиг зохиож, уран бүтээлчдээ алдаршуулан дэмждэг, арилжааны бус, агуулгад нь анхаарсан баяр болгон өөрчлөх цаг болжээ. Төр нь оролцвол оролцсон оролцож, улсын төсвөөс соёлын арга хэмжээний зардлыг хуулийн дагуу гаргаж, төв талбайгаа төрийн бус байгууллагын асрын наймаанаас чөлөөлөх ёстой. Мөн дэлхийн жишгээр ном хэвлэлийн салварыг НӨАТаас ангид байлгаж, иргэдийн худалдан авах чадварт нийцсэн бодит хөнгөлөлтийг бодлогоор дэмжих нь чухал байна.
Э.Сүйлэн