Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, ээжүүдэд өчигдөр “Эхийн алдар” одон гардуулав. Тэрбээр одон гардуулах үеэрээ “Ээжүүдийн ач гавьяа, хөдөлмөр зүтгэлийн үр шимийг удам судар, гэр бүл, ураг төрөл, үндэстнээрээ хүртдэг учир Монголын төр тэднийг алдаршуулдаг уламжлалтай. “Эхийн алдар” одон бол эх хүний дундаршгүй хайр, алдар хүндийн илэрхийлэл юм. Миний ээжийн энгэрт гялалзсан, одоо ээжүүдийн энгэрт гялалзаж буй энэ одонг би хамгийн хүндтэй шагнал гэж боддог” хэмээв.
Энэ жил улсын хэмжээнд 12 306 эмэгтэй нэг, хоёрдугаар зэргийн “Эхийн алдар” одон гардаж байна. Одонтой эхчүүдийн олонх нь 33-39 настай бол хамгийн залуу нь 22 настай гэнэ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн жил улсын хэмжээнд 14 480 эх энэхүү одонг хүртэж байжээ.
У.Цэцэг