Сүхбаатарын талбай 2026.05.25
Улсын нийслэл Улаанбаатар өвөлдөө утаанд, урин дулааны цагт асар майханд дарагддаг болоод удлаа. Сүхбаатарын талбайгаасаа эхлээд хороолол, хотхонуудын булан тохой, замын гарц, уулзваруудын эргэн тойронд, бүр цаашлаад хотын өнгө төрхийг тодорхойлдог цэцэрлэгт хүрээлэнгүүд, их дэлгүүрүүдийн өмнөх, хойдох талбай, нийтийн эзэмшлийн гудамжууд, ногоон байгууламж бүхий төв цэгүүд хүртэл өдгөө асар майхны эзэмшилд шилжжээ.
Номын баяр, хоолны өдөрлөг, street food, үндэсний үйлдвэрлэлийн үзэсгэлэн, худалдаа, агуулах чөлөөлөх хямдрал гэх мэт сүржин нэртэй арга хэмжээнүүд нь үнэн хэрэгтээ хотын өнгө үзэмжийг гундааж, иргэдийн тохь тухыг маш их алдагдуулах болсон. Улаанбаатарын энэ мэт ундуй сундуй байдал даамжирсаар эцэстээ хүүхдийн тоглох талбай, хөгшдийн нарлах газар, залуусын болзох орон зайг ч үгүй хийсээр байгаа юм. Орчин үеийн дэд бүтэцтэй, эдийн засаг, соёл, хүн амын төвлөрөл бүхий метрополис хот ийм байдаг гэж үү.
Нийслэл нэгэн цагт түргэн үйлчилгээний цэг нэртэй хүнсний жижиг мухлагуудад эзлэгдсэн хот байлаа. Гэтэл өнөөдөр ТҮЦ алга болсон ч түүнээс ч дутахааргүй бохир, шороо тоостой, зөөврийн худалдааны хот болон хувирав. Чанарын ялгаа огт алга, ердөө ТҮЦ-ийг майхнаар сольсон төдий л харагдах.
Хот төлөвлөлт гэдэг гоо зүй талаасаа ч том соёл байдаг. Тэр дундаа нийслэлийн төв талбай бол тухайн улсын нүүр царай нь билээ. Харамсалтай нь, манай Д.Сүхбаатарын талбай сүүлийн жилүүдэд төрийн ёслолынх, цаашлаад нийт иргэний өмч байхаа больсон. Жуулчид Чингис хааны, Д.Сүхбаатар жанжны хөшөөг тольдож, тэндээс эхлэн нүүдэлчдийн соёлын өвтэй танилцдаг байсан бол одоо хөг өнгөрлөө.
Улаанбаатарын хамгийн том асуудал нь хүн амын өсөлт гэх ч 1986 оны ерөнхий төлөвлөлтөөр үеүеийнтөвийн бүсийг задгай худалдааны бус, дэд төвүүдтэй, ногоон байгууламжтай, урт хугацааны архитектурын шийдэлтэй хот байхаар төсөөлж ирсэн. Гэтэл эдүгээ асар майхны зохион байгуулалтаараа л “толгой цохиж” явна. Мэдээж хотод “амьд” соёл хэрэгтэй. Гудамжны хоол зарж болохгүй гээгүй. Номын баяр ч хийх ёстой. Асуудал нь зохион байгуулалт, гоо зүй, хэмхэмжээндээ л байгаа юм.
Жинхэнэ метрополис хот гэгддэг Парист нээлттэй худалдаа, үзэсгэлэн, арга хэмжээ болж л байдаг. Гэвч аливаа арга хэмжээ нь хотын архитектуртайгаа өнгө дизайнаар ууссан байх нь бий. Сөүл хот шөнийн зах, хоолны гудамжуудтай ч зориулалтын бүсэд нэгдсэн стандартаар, жуулчны маршруттайгаа уялдуулан зохион байгуулдаг. Токио ч мөн эмх цэгцийн “хаан” болсон хот. Метрополис статустай бараг бүх хот ийн өндөр ёс суртахуун, гоо зүйг эрхэмлэсэн байдаг. Энэ мэт хот болгон өөр өөрсдийн зан чанартай. Вена тайван, Токио цэгцтэй, Нью-Йорк эрчимтэй. Харин манай Улаанбаатар байнгын л “дайн”-ы байдалтай байхаж. Хамгийн эмгэнэлтэй нь, ийм дүр зураг бидэнд хэвийн санагдаж эхэлсэн явдал. Уг нь хотын амьдрал, хөгжил нь нийтийн орон зайгаа соёлтойгоор ашиглаж, авч үлдэхийг хэлдэг юм.
Сүхбаатар дүүргийн IV хороо , Битл зийн хөшөөний урд талбай
Ялалтын талбай