39 дэх удаагийн “Үндэсний номын баяр”-ын үеэр Авлигатай тэмцэх газар (АТГ)-ынхан авлигын эсрэг урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ зохион байгуулж, давхардсан тоогоор 50 000 орчим иргэнийг хамруулжээ. Тэдний зохион байгуулсан уг арга хэмжээний зорилго нь иргэдийн авлигын эсрэг хууль тогтоомж, ашиг сонирхлын зөрчлийн талаарх эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, номоор дамжуулан нийгэмд шударга ёсыгтөлөвшүүлэн, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэхэд оршно.
Арга хэмжээний үеэр АТГ-аас сүүлийн 20 жилийн хугацаанд эрхлэн гаргасан 36 нэр, төрлийн ном, гарын авлагын эхийг цахим хэлбэрт шилжүүлэн, QR код үүсгэн гар утас, Ipad зэрэг төхөөрөмж ашиглан шууд унших боломжийг бүрдүүлсэн “Авлигын эсрэг цахим номын сан”-г танилцууллаа. Эл номын сангаас хүүхдийн шударга байдлын болон авлигын эрсдэлийн үнэлгээ, шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдийн эмхэтгэл зэргийг уншиж болох аж.
Цогц арга хэмжээний хүрээнд “Номоор дамжуулж хүүхдийн шударга байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг, хүүхдийн танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгуулсан юм. Мөн иргэдийн дундах шударга ёсны үзэл санааг идэвхжүүлэх зорилгоор “Номоор дамжуулж шударга нийгмийг бүтээе” сэдэвт богино хэмжээний бичлэгийг цахим орчинд түгээв.
Б.Ариунжаргал