Кастингийн спорт нь дэлхийд техник, ур чадварыг өндөр түвшинд шаарддаг загасчлалын спортын нэг төрөл юм. Шидэлтийн техник, зай, нарийвчлал, салхи ны тооцоолол, биеийн хяналт, спортын сахилга бат зэрэг олон чадварыг нэгтгэдэг. Энэхүү спорт нь албан ёсны дүрэм, шүүгч, шигшээ багийн бүрэлдэхүүнтэй. Манайд 2013 оноос хойш хөгжиж буй уг спортын флай төрөлд Т.Ерөөлт гурван оноогоор алтан медаль хүртэн аваргын цомыг дөрөв дэх удаагаа авав. Тэргүүн байрын төлөө өрсөлдсөн “Хаварч” клубийн тамирчин Б.Амгаланбаатар мөнгө, “Цэнгэг”-ийн Б.Төгөлдөр хүрэл медаль зүүлээ.
Флайн бооцоот төрөлд дөрвөн тамирчин ур чадвараа сорьсноос Б.Золбоо (“Цэнгэг” клуб) 24 метрийн холын шидэлт гүйцэтгэж тэргүүлсэн. Спиннинг төрөлд “Хүүк” клубийн М.Пүрэвсүрэн 197.6 оноогоор аваргалж, “Корморант”-ын Т.Галхүү (170.5) II, “Хаан тул”-ын Л.Ганбат (167.45 оноо) III байр эзэлжээ.