Энэ УИХ-д хал үзэж халуун чулуу долоосон цөөн хэдэн гишүүн байдгийн нэг нь Н.Номтойбаяр. Түүний хэлсэн үгэнд иргэд, олон нийт итгэдэг. Түүгээрээ бас л итгэл өвөрлөсөн цөөхөн гишүүний нэгд тооцогддог. Тийм учраас Н.Номтойбаярыг “Бодь”-ийн 110 сая долларын авлигын асуудлаар сонсгол хийнэ гэхэд бүгдээрээ итгэсэн. Тэрээр анх 3 сарын 23-24-ний үед: Нүүрстэй холбоотой асар их авлига, эрх мэдэлтнүүдийн оролцоо байгаа нь тодорхой боллоо. Одоо нотлох баримт л ярих цаг болсон. Нэг л их мэдэгдэл хийсэн хүмүүс бие биеэ хулгайч гэж дуудаж байна. Тийм учраас УИХ-д хянан шалгах түр хороо байгуулж нүүрсний хэргийг ил тод шалгах санал гаргаж байна. 32 гишүүн дэмжих юм бол энэ хэргийг олон нийтэд нээлттэй ярина гэсэн үг. Тиймээс УИХ-ын холбогдох хууль заалт, эрх зүйн зохицуулалтыг үндэслэл болгож миний бие энэ асуудлыг дахин нягталж, шалгах хэрэгтэй гэж үзсэн. "Бодийн оффтейк гэрээ" ба авлигын хэргийг УИХ-аар нээлттэй шалгуулах тогтоолын төслийг өргөн барьж, хянан шалгах түр хороог байгуулна. Би өнөөдөр АТГ-ыг шударга ажиллана гэдэгт итгэхгүй байна гэх сүртэй мэдэгдэл хийж байлаа. Үүнээс нэг сарын дараа тэр Засгийн газарт Шадар сайдаар орсон. Тэгсэн ч: Сайд болсон ч “Бодь” группийн нүүрсний гэрээг шалгаж, эцэслэх байр суурь маань хэвээрээ байгаа гэж байсан.
Гэвч Н.Номтойбаяр түүнээс хойш таг болж, “Бодь”-ийн 110 сая долларын авлигын талаар ганц үг ган хийхээ больсон.
Эх сурвалжуудын мэдээлэлд: Н.Номтойбаярын “Бодь”-ийн гэрээгээр сонсгол хийх бланк дээр Н.Номтойбаяр, А.Ундраа, Д.Пүрэвдаваа, М.Сарнай, Ц.Баатархүү, Х.Тэмүүжин, Дав.Цогтбаатар, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Г.Ганбаатар, Т.Аубакир, Х.Жангабыл, Б.Жаргалан, Ц.Мөнхбат, Лу.Гантөмөр, П.Сайнзориг, Д.Энхтүвшин нарыг гарын үсгээ зурсан гээд байгаа.
Эд нараас гадна Б.Баярбаатар: Сонсголоор Ганцмод-Гашуунсухайтын Тавантолгой төмөр замыг барих үндсэн шалтгаан, яагаад заавал "Бодь" гэж компани гэж. Хэн сонгон шалгаруулсан юм. Нүүрсээ "Бодь" компанид хэдээр бодож өгсөн юм. Цаашаа хэдэн төгрөгөөр гаргасан, яагаад энэ гэрээг нууцлах болсон юм гээд үндсэн таван шалтгааны хүрээнд асуудлуудыг ил тод болгох ёстой,
Ц.Туваан: Үндэсний эвслээс явуулж байгаа албан бланк дээр гарын үсэг зурахад бэлэн, О.Цогтгэрэл: 110 сая долларын авлигын асуудал, “Бодь”-ийн оффтейк гэрээ, Харбины гэрээ бол үндсэндээ нэг асуудал. Бүгдийг нь шалгах ёстой, Ж.Золжаргал: Би нүүрсний бүх оффтейк гэрээнүүдийг шалгахыг, сонсохыг дэмжинэ, Б.Жавхлан: Хянан шалгах түр хороо байгуулахыг ямар ч тохиолдолд би дэмжинэ. УИХ-ын үүрэг чинь өөрөө энэ шүү дээ. Хянан шалгах, ил тод байлгах, ард түмэнд мэдээлэл өгөх, буруу зүйл байвал зогсоож, хязгаарлах, зөв зүйл байвал хязгаарлалтаас нь гаргаад дэмжээд явах ёстой, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: “Бод”-ийн гэрээг ч, Харбины гэрээг ч хамтад нь шалгах ёстой гэсэн байна. Гарын үсэг зурах гишүүд хангалттай хэмжээнд байна гэсэн үг.
Харин Н.Номтойбаяр Шадар сайд болсноор “Бодь”-ийн гэрээгээр сонсгол хийх байр сууриасаа ухарсан бололтой. Гарын үсэг зуруулж байсан бланк нь олдохоо больжээ. Гишүүд хайсаар байгаа тухай эх сурвалж мэдээллээ.
М.Бат-Эрдэнэ