Наймдугаар сарын сүүлч. Хангайд бол хяруу унан, өглөө, оройдоо сэрүүсэж, намарших тийшээгээ хандан, малын сүү цагаа, өвс ногооны шим гүйцдэг үе. Харин говьд халуун харих яагаа ч үгүй байдаг цаг. Ийм нэгэн аагим өдөр шинэ байрандаа орсон Замын-Үүдийн Шалган нэвтрүүлэх боомтынхон үндсэн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ гаднах, доторхорчноо тохижуулахаас эхлээд аж ахуйн ажилд дарга, цэрэггүй дайчлагдсан байлаа. Яг энэ үед түгшүүрийн дохио хангинан, хилчид хийж байсан ажлаа орхиж, буу зэвсгээ агсан жагсав. Боомтын штабын дарга, дэд хурандаа Б.Бямбажав “Хилийн 357 баганын чиглэлээр Хятадын талаас манай нутаг руу хил зөрчигч нэвтэрлээ. Байлдагч Ч.Амгалан, Л.Гантулга нар зэвсгээ аваад машинд аа.
Хил зөрчигчийг Замын-Үүд боомтод нэвтрүүлэхгүй, саатуулан баривчил” хэмээн тушаасны дагуу тэд машинд үсрэн суув. Хилийн 357 дугаар сүлдэт баганаас Замын-Үүд боомт хүртэл ердөө долоохон км. Эрлийн бүлгийнхэн 357 дугаар баганыг чиглэн явлаа. Удалгүй хил зөрчигчийг илрүүлсэн ч дов сондуул ихтэй элсэнд машин нь тарж уначих гээд явах юм биш. Машинаасаа бууж, явганаар хөөж баривчлахаас өөр аргагүй болжээ. Байлдагч Ч.Амгалан хамт явсан нөхөртэйгөө машинаас бууж, хил зөрчигчийн өөдөөс буугаа сумлан гүйв. Хил зөрчигч нутгийн гүн рүү зугатсаар. Хилчид түүнийг нэг их хол явуулалгүй саатуулан баривчилж, заставтаа хуяглан хүргэлээ. Хил зөрчигч нь 30 эргэм настай болов уу гэмээр, бор царайтай, цагаан цамц, хар өмдтэй нэгэн байв. Тэрбээр зугатсан ч ямар нэг эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өгчээ. Түүнийг тусгай албаныханд хүргэж өгснөөр эрлийн бүлэг үүргээ амжилттай биелүүлж, цэрэг эрсийн ердийн өдрүүд үргэлжлэв.
Хил зөрчигчийг баривчилсан гэж байлдагч Ч.Амгалан, Л.Гантулга нарыг шагнах нь бүү хэл, баяр ч хүргэсэнгүй. Ингээд сар гаруйхны дараа халагдан, нутаг буцжээ. Тэд 1989 онд Дорноговь аймгаас цэргийн албанд татагдан, Замын-Үүд дэх Хилийн шалган нэвтрүүлэх боомтод шалгагч байлдагчаар алба хааж байхдаа 19 настай байжээ. Тэр үед хилийн Шалган нэвтрүүлэх албанд шалгагчаар өнөөгийнх шиг Цэргийн дээд сургууль төгссөн, тусгай мэргэжилтэй офицер, ахлагч нар бус, хугацаат цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэдэг байв. Төмөр замын хоёр боомттой нь Сүхбаатар, Замын-Үүд. Зорчигч ч цөөн. Хугацаат цэргийн алба хаагчдаас сонгон авч, хилээр нэвтэрч буй галт тэрэг, машин, зорчигчдод үзлэг, шалгалт хэрхэн хийх цөөн хоногийн сургалт явуулаад үүрэг гүйцэтгүүлдэг байсан юм билээ. Тэд ийм сургалт дүүргэн шалгагч байлдагч болсон байж.
Албаа дуусгаад нутагтаа ирсэн Ч.Амгалан Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд сурч, эдийн засагч мэргэжилтэй болсон бол Л.Гантулга хувиараа бизнес эрхэлж буй юм байна.
Дорноговь аймаг дахь Улаан-Уулын хилийн отрядын Харагчингийн заставт алба хаасан нэг залуу хил дээр үүрэг гүйцэтгэж байхдаа хил зөрчигч баривчилж, “Онц хилчин” болсон тухайгаа 1995 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байхыг Ч.Амгалан санамсаргүй олж уншжээ. Тэгээд хамт сууж байсан хүмүүстээ “Би хилчин байхдаа бас хил зөрчигч баривчилж байсан” гэж ярьжээ. Гэтэл нэг нөхөр нь “Тэгээд яагаад шагнуулаагүй юм бэ. Наад асуудлаар чинь ХХЕГ-аас асуумаар юм байна даа” гээд өнгөрч. Энэ яриа ч тэгсхийгээд мартагдсан байна. Гэтэл өнгөрсөн Ялалтын баяраар (тавдугаар сарын 9) болсон нэгэн арга хэмжээий үеэр түүнийг “Онц хилчин” цол, тэмдгээр шагнажээ. Тэрбээр хил зөрчигч баривчилснаасаа хойш 36 жилийн дараа хүртэх ёстой шагналаа авсан юм. Гэтэл Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Д.Базарсадын тушаалаар түүнийг “Онц хилчин” цол, тэмдэгээр аль 1999 онд шагнасан байжээ. Ийнхүү 27 жил төөрсөн шагнал эзэндээ ирсэн нь энэ бөлгөө. Түүнтэй хамт хил зөрчигч баривчилсан Л.Гантулга 2022 онд шагналаа авсан аж.
Д.Заяабат