Олон улсын хэмжээний мастер, уулчин Б.Батхишиг “Сэтгэлийн хатаар сийлсэн оргилууд” номоо уншигчдын хүртээл болголоо. Тэрбээр энэхүү бүтээлдээ өндөр уулсын аялал, авиралтын дурсамжаа хуваалцаад зогсохгүй амьдралынхаа хатуу хөтүүг хэрхэн туулсан тухайгаа илэн далангүй өгүүлжээ.
Зохиогч номынхоо өмнөх үгэнд “Уул бол миний хамгийн агуу багш. Оргилд хүрэх зам, байгалийн хатуу шалгуур бүхэн хүнийг юунд хүргэж, хэрхэн хатуужуулдгийг надад зааж өгсөн” хэмээн онцолсон байна. Хорт хавдар өвчнийг ялан дийлсэн тэрбээр 2023- 2025 онд 8000 метрээс дээш өндөрт орших гурван ч оргилд дараалан хөл тавьсан Монголын анхны эмэгтэй уулчин болсон юм.
Номын нээлтийн үеэр Гавьяат тамирчин Б.Гангаамаа “Уулчдын туулдаг кино шиг амьдралыг цаасанд буулгаж, хүмүүст бичиж хүргэнэ гэдэг маш том үйл хэрэг, буян юм. Үнэхээр гайхалтай хэрнээ хатуу нөхцөлд уулчид авирдгийг хэлмээр байна. Эрүүл мэнд, хатуужлаараа бусдыг манлайлж, эдгээр амжилтыг бүтээсэн дайчин бүсгүйн бүтээлийг уншсанаар уул хэмээх агуу ертөнцийг таньж, түүхээр нь аялах үүд хаалга нээгдэнэ” гэсэн юм.
Б.Батхишиг номынхоо төгсгөлд “Миний туулсан энэхүү аяллын хуудас бүр танд урам зориг өгч, амьдралын нугачаанаас хэрхэн босож ирэх, оргил өөд зоригтой алхахад тань өчүүхэн чболов тус болоосой хэмээн хүснэ” гэжээ.
Э.Сүйлэн