Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны энэ оны анхдугаар хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар “Багануурын үйлдвэр, технологийн парк” ХК-ийн “Нүүрсхимийн үйлдвэр” төсөл, мөн 2026-2027 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дэд дарга Ц.СандагОчир “Монгол Улс 2030 он гэхэд хатуу түлшний хэрэглээг үе шаттайгаар бууруулж, илүү цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилт тавин ажиллаж байна” гэв. Мөн тэрбээр зөвхөн Улаанбаатар хот бус, орон нутгийн агаар, орчны бохирдлыг бууруулах асуудлыг урт хугацааны бодлогын хүрээнд авч үзэх шаардлагатайг дурдаж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг тулгаж биш, эртнээс төлөвлөж, хэрэгжилтийг хангах нь чухлыг тодотгосон юм.
Дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлснээр 2026 оны хагас жилийн агаарын бохирдлын үзүүлэлт 2025 оны мөн үеийнхтэй харьцуулахад 30 орчим хувиар буурсныг үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргал дурдав. Түүнчлэн шахмал түлш болон түүхий эдийг дотоодын эх үүсвэрээр хангах боломжийг судлах, туршилтын хэрэглээг үнэлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэв.
Өнгөрсөн өвөл 34 тээврийн компани, 25 агуулах, 425 борлуулалтын цэгээр дамжуулан 437.9 мянган тонн хатуу түлшийг гэр хорооллын айлуудад нийлүүлжээ. Мөн Баянгол, Чингэлтэй дүүргийн 4557 өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлсэн байна. Хуралдаанаар 20252026 оны халаалтын улиралд хэрэглэсэн хагас коксон түлш агаарын бохирдлыг бууруулахад тодорхой үр дүнд хүрсэн гэж дүгнэж, ирэх өвөл уг түлшийг хэрэглээнд дахин нийлүүлэхээр шийдвэрлэв.
Ч.Болор