БНСУ-ын Бусан хотноо энэ сарын 17- 25-нд зохион байгуулсан “Asian physics olympiad-2026”-аас манай дөрвөн сурагч хүрэл медаль, гурван хүүхэд тусгай байрын шагнал хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Тус олимпиадад дэлхийн 27 орны үндэсний ялагч болсон 211 сурагч оролцож, мэдлэг чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна. Монголоос оролцсон найман сурагчийг ШУТИС-ийн багш, доктор Г.Зоригт, Х.Балт-Эрдэнэ, МУИС-ийн багш, доктор П.Мөнхбаатар, М.Отгонбаатар, “Олонлог эгзэ” сургуулийн багш Э.Гүндалай нар дасгалжуулан, мөн олимпиадад ажиглагчаар ажиллажээ.
Азийн физикийн олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон найман сурагчийн долоо нь ийнхүү дээр дурдсанчлан шагналт байранд шалгарсан юм. Тодруулбал, нийслэлийн нэгдүгээр сургуулийн сурагч М.Мөнх-Оргил, “Шинэ Монгол” сургуулийн сурагч Б.Эрмүүн, Дархан-Уул аймгийн “Од” сургуулийн сурагч Г.Амармэнд, Орхон аймгийн нэгдүгээр сургуулийн сурагч Э.Ичинбат нар тус бүр хүрэл медаль гардсан байна. Мөн МУИС-ийн харьяа ахлах сургуулийн сурагч А.Орхонтуул, “Absolute elite” сургуулийн сурагч Д.Энхтөгс, нийслэлийн нэгдүгээр сургуулийн сурагч Г.Амар нар тусгай байр эзэлжээ.
Хаалтын үйл ажиллагаанд Монгол Улсын гавьяат багш, Улсын физикийн олимпиадын хорооны дарга М.Ганбат тэргүүтэй багш, төлөөлөгчид БНСУ-ын Физикийн олимпиад зохион байгуулах хорооны урилгаар оролцов.
М.Гэгээ