Монголын гольфийн шигшээ баг, “Соёмбо” клубийн тоглогч, улсын аварга Б.Янжинлхам сүүлийн үед энэ спортод цахиур хагалж, олон улсын тэмцээнд ур чадвараа сорих болсон.Тэрбээр Японы Айчи муж болон Нагояа хотод есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4 хүртэл зохион байгуулах Азийн зуны спортын 20 дахь удаагийн наадамд улсаа төлөөлж оролцохоор эрх авсан манай улсын хамгийн залуу тамирчин. Тив, дэлхийн шилдгүүдтэй ногоон талбайд өрсөлдөх хоёр эмэгтэй тоглогчийн нэгээр шалгарсан тэрбээр өсвөр үеийнхний УАШТ-д гурван удаа түрүүлж, насанд хүрэгчдийнхэд анх удаа аваргаар тодорсон юм. Түүнчлэн “Соёмбо” клубээс зохион байгуулсан “Соёмбо кап” тэмцээнээс алтан медаль хүртсэнээр Вьетнам улсыг зорьж, гольфийн лигийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэж байв. Түүнчлэн АНУ-ын гольфийн холбооноос зохион байгуулсан олон улсын тэмцээнд өрсөлдөн эхний 20 байраас 10-т жагссан билээ.
-Эмэгтэй тоглогчдоос таныг Дэлхийн гольфийн холбооны чансаанд бичигдсэнийг хараад баярлаж байлаа. Азийн зуны спортын 20 дахь удаагийн наадамд та бас оролцоно. Бэлтгэл сургуулилалтынхаа юунд анхаарал хандуулж байна вэ?
-Японд ирэх намар болох тус наадамд эх орноо төлөөлж анх удаа оролцохоор шалгарсандаа баяртай байна. Тэмцээний товлосон хугацаа дөхсөн тул бүх хүчээ дайчлаад бэлтгэлээ базааж эхэлсэн. Вьетнам улсыг өнгөрсөн өвөл зорьж, шигшээ багийнх нь дасгалжуулагчийн удирдлагад гурван сар хүртэл сургуулилалт хийлээ. Өмнө нь тэнд зохион байгуулсан сургалтад хамрагдахдаа гольфийн лигийн АШТ-д оролцож түрүүлснээр Дэлхийн гольфийн холбооны чансаанд багтсан юм. Миний төрсөн өдөр долоодугаар сард тохиодог. Төрсөн өдрийнхөө баяраар дэлхийн чансааны оноо авсныг илгээсэн мэйлнээс хараад маш их догдолсон. Тэр мэдэгдэл хамгийн сайхан, онцгой бэлэг байсан даа. Өнгөрсөн жил сонирхогчийн гольфийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, чансаагаа ахиулснаар одоо 1939 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна. Тивийн наадамд мэргэжлийн тамирчид өрсөлддөг тул ойрын зайн цохилтдоо анхаарал түлхүү хандуулж байгаа. Би бэлтгэл хийж буй бичлэгээ Вьетнамын шигшээ багийн дасгалжуулагчид өдөр бүр харуулж, зөвлөгөө авдаг. Ингэх нь алдаагаа даруй засаж, зөв үргэлжлүүлэхэд хэрэг болдог юм.
-Таны хувьд 2026 он сургуулиа төгсөх, мэргэжлээ сонгох, олон улсын тэмцээнд өрсөлдөх гээд үүрэг, хариуцлага өндөртэй жил болж байна.
-Тийм ээ. Би эрх зүйч мэргэжлээр суралцахыг хүсдэг. Ирэх сард XII анги төгсөхөөс гадна элсэлтийн ерөнхий шалгалт өгөх, их, дээд сургуульд сонирхдог мэргэжлээрээ суралцах, зун УАШТ, намар Азийн наадамд өрсөлдөх гээд олон ажил амжуулахаар зорьж байна. Миний хувьд завгүй, ачаалалтай байдаг ч хичээл, бэлтгэлээ цалгардуулахгүйг хичээдэг. Тиймээс хийх зүйлүүдээ төлөвлөсний дагуу хэрэгжүүлж, ард нь гарна. Тамирчдад нойр, хоол, амралт хамгийн чухал. Ээж эрүүл мэнд, хооллолтод минь анхаардаг бол аав волейболын тамирчин тул өрсөлдөгчдийн маань тоглох техник, арга барил, онцлог, амжилтын талаар судалдаг. Манайхан намайг спортоор хичээллэсэн цагаас бүх талаар дэмжиж, найдвартай ар тал болж ирсэн. Энэ жил хилийн дээс алхаж, цөөнгүй тэмцээнд оролцлоо.Тухайлбал, Шинэ Зеландад өнгөрсөн хоёрдугаар сард болсон Зүүн Азийн өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээнд оролцож, туршлага чамгүй хуримтлуулсан. Азийн наадмын дараа арваннэгдүгээр сард Зүүн Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнтэй тул ийн бэлтгэлээ шаргуу хийж өрсөлдөнө. Тивийн орнуудаас БНСУ, Япон, Европоос АНУ-д гольф өндөр хөгжсөн. Японд гольфийн цохиур, хэрэгсэл үйлдвэрлэдэг тул сонирхож хичээллэгсэд олон байдаг.
-Тэшүүрээр гулгаж, хөл бөмбөг тоглодог охин гольфод хөл тавьсан нь сонирхол татаад байх юм.
-Гольф хүн бүрийн сонирхлыг татдаг ч амжилт гаргахад амаргүй. Би энэ спортод учиргүй дурлаж хөл тавиагүй л дээ. Том эгч минь үүгээр хичээллэхийг надад анх санал болгосон. Тухайн үед түүний сурдаг их сургуульд гольфийн хичээл орсон нь таалагдаж, намайг тоглуулж үзэхээр дуудсан юм. Хөл бөмбөг тоглодог, IV ангийн сурагчийн сэтгэлийг нэг их татаагүй тул тэгсхийгээд орхисон. Хэдэн жилийн дараа манай сургуулийн ойролцоо гольфийн сургалт явуулдаг болоход орж, үргэлжлүүлэн хичээллэсэн юм. Гүйж, харайж явдаг охинд талбайд цохиур бариад зогсох нэг хэсэг уйтгартай санагддаг байлаа. Тэр үед “Эгч намайг юу руу оруулчихав аа” гэж их боддог сон. Спортын төрлүүд нэгийнхээ суурь болдог нь гайхалтай. Хөл бөмбөг тоглодог байсны давуу тал гольфоор хичээллэхэд нөлөөлсөн.Хурд, эрч хүч, сэтгэх чадвар, тэсвэр хатуужил, тэсрэлт хөл бөмбөгт байдаг болохоор хааяа үгүйлдэг. Дээд лигийн тоглолт болохыг хараад догдолно. Энд тэнд хөл бөмбөгийн талбай харагдвал “Энэ миний байх ёстой газар даа” гэж бодно. Одоо ч талбайд гарч тогломоор санагддаг болохоор хөл бөмбөгийн томоохон тэмцээнүүдийг сонирхож үзэх дуртай.
-Монголд гольфоор хичээллэдэг охид, бүсгүйчүүд спортын бусад төрлийнх шиг олон байдаггүй. Та өсвөр үеийнхний УАШТ-д түрүүлж, амжилтынхаа гарааг эхлүүлсэн санагдана.
-Гурван жилийн өмнө болсон гольфийн өсвөр үеийнхний УАШТ-д анх оролцож, аваргаар шалгарсан. Миний хувьд хичээллээд удаагүй ч богино хугацаанд амжилт гаргаж байлаа. Дотоодын томоохон тэмцээн болохоор сандарч, эмээсэн. Тоглолт эхлэхээс дуустал цохиод л байлаа. Тухайн үед оролцож үзье гэж бодож байснаас биш, медаль хүртэнэ гэж төсөөлөөгүй. Тэмцээн өндөрлөсний дараа түрүүлснээ мэдээд их гайхсан. Гольфоор хичээллээд хамгийн сайн сурсан техник бол том талбайд хол цохих. Тамирчид энэ спортын техникүүдийг төгс эзэмштэлээ бүх насаараа суралцдаг шиг санагдсан. Би сүүлийн хоёр жил гольфоор шаргуу хи чээллэж, амжилт гаргах болсон. Элсэлтийн шалгалтаа амжилттай өгчихөөд Вьетнамд очиж, Азийн наадамд оролцох бэлтгэлээ базаах бодолтой байгаа.
-Таныг англи хэлээр сайн ярьдаг. Олон улсын тэмцээнд оролцохдоо гадаадын тамирчидтай орчуулагчгүйгээр харилцаж ойлголцдог гэж сонссон.
-Би “Улаанбаатар элит” олон улсын дунд сургуульд 7-10 дугаар анги хүртэл сурахдаа англи хэлээр сайн ярьдаг болсон юм. Тамирч дад хэлний мэдлэгтэй байх нь давуу тал болдог. Тэмцээний үед орчуулагчгүйгээр шүүгч, дасгалжуулагч, үеийнхэнтэйгээ ойлголцоно гэдэг чухал. Надад тэмцээнд эхний цохилтоо хийхээр зогсох мөч их сонирхолтой санагддаг. Тоглолтын талбайд үеийнхээ тамирчидтай танилцаж, нөхөрлөх сайхан. Дараа нь аль аль нь таатай дурсамж үлдээдэг. Шинэ Зеландад болсон олон улсын тэмцээнд анх удаа оролцохдоо 40 гаруй орны 83 тамирчинтай өрсөлдсөн. Тэр үед байр эзлээгүй ч өрсөлдөгчдийнхөө тоглолтоос өөрт хэрэг болох олон зүйлийг олж харсан. Шагнал гардуулсны дараа хүлээн авалт болж, тамирчдыг зурагтаар харуулахад амжилт тааруухан оролцсондоо өөрөөсөө ичиж сууснаа хэзээ ч мартдаггүй. Гольф өндөр хөгжсөн орны тамирчдыг улс нь дэмжиж, тэмцээний үед хэрэглэх бүх зүйлээр хангадаг. Миний хувьд ямар ч улсад очсон тэмцээн эхлэхээс өмнө тоглолтынх нь талбай, орчин нөхцөлийг нь түрүүлж хардаг. Азийн ихэнх орон чийглэг уур амьсгалтай болохоор талбай нь манайхаас цэвэрхэн, зүлэг сайтай, олон улсын стандартад нийцсэн байдаг. Тэдний дэргэд бид хүндхэн нөхцөлд зүлэг багатай, шороо, тоос ихтэй талбайд чулуу нүдэх ч холгүй бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцдог. Монголд өвлийн улирал урт тул хавар болтол гадаа талбайд бэлтгэл хийдэггүй. Энэ мэтчилэн цаг хугацаа их алддаг. Манайд гольфоор хичээллэхэд улирал, цаг агаарын байдал, уур амьсгалын онцлог, улсын хөгжил ч нөлөөлдөг.
-Вьетнамын шигшээ багийнхантай бэлтгэл хэрхэн хийдэг тухайгаа сонирхуулаач.
-Гадаадын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх үр дүнтэй. Нэгнээсээ суралцах хугацаанд ур чадвар хурдан ахидаг. Тус улсын шигшээ багт тоглодог тамирчид өглөөнөөс өдөр хүртэл бэлтгэлээ базааж, орой нь хичээлээ цахимаар хийдэг. Энэ нь тэднийг гольфоор хичээллэх боломжоор хангаж, ур чадвараа хөгжүүлэхэд нь анхаардаг шиг санагдсан. Дулаан уур амьсгалтай орон болохоор тамирчид нь бэлтгэлээ таслахгүйгээр үргэлжлүүлдэг. Би Вьетнамын шигшээгээс гадна Сингапурын багийнхантай нөхөрлөдөг. Хэд хоногийн өмнө холбогдож, тэмцээний талаар мэдээлэл хуваацахад “Азийн наадамд оролцохоор болсонд баяр хүргэе. Японд ирэхэд тань тухтай уулзъя. Бэлтгэл, сургуулилалтад нь амжилт хүсье” гэж урам өгсөн шүү.
-Гольфийн тамирчид бэлтгэлээ эрүүл агаарт, байгальтай ойр газар хийдэг. Хотын дуу чимээнээс түр боловч холдоход сэтгэл тань тайвширдаг уу?
-Байгальтай ойр байх тусмаа хүний сэтгэл уужирч, тайвширдгийг бэлтгэл хийх үедээ мэдэрдэг. Гольф тоглоход орон зайн тооцоолол, мэдрэмж их шаарддаг. Удаан зогсож, цохих тусам анхаарал төвлөрч, тэмцээний ачаалал даах тэсвэр хатуужлаас суралцдаг. Тэгвэл хөл бөмбөг өөр. Маш их хурд, эрч хүч, эмоци гаргаж тоглодог. Намайг хөл бөмбөг тоглодог байхаас таньдаг мэддэг хүмүүс хараад “Чи өмнөхөөсөө их өөр болжээ. Үсэрч, харайсан охин ийм тайван, дөлгөөн болох гэж” гээд гайхдаг юм. Би хөл бөмбөг, гольфтой нөхөрлөхөөс өмнө гүйлтийн тэшүүрээр хичээллэж, дасгалжуулагч Л.Алтанцэцэг багшийн удирдлагад бэлтгэл хийж тэмцээнд цөөнгүй оролцсон. Өсвөр үеийнхний УАШТ-д оролцож, нэг бус удаа тү рүүлэн медаль хүртэж байлаа. Багаасаа спортын төрлүүдээр хичээллэсэн болохоор өөрийгөө тэсвэр хатуужил, тууштай байхад чамгүй суралцсан гэж боддог.
-Таны сурдаг сургуульд энэ спортоор хичээллэдэг хүүхэд хэр олон байдаг вэ?
-Би Сүхбаатар дүүргийн I сургуульд 11 дү гээр ангид орох жилээ шилжиж ирсэн. Манай сургуульд надаас гадна үеийн нэг хөвгүүн гольфоор хичээллэдэг. Одоогоор АНУ-д бэлтгэлээ базааж байгаа. Монголд одоогоор гольфийн 30 гаруй эмэгтэй тамирчин бий. Манай улсаас Азийн наадамд дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин оролцоно. Надтай хамт эмэгтэйчүүдийн ангилалд оролцох Г.Алтанбилэг 2024 онд болсон УАШТ-д түрүүлсэн бол би 2025 оныход аваргаар шалгарсан. Алтан медалийн төлөө Х.Тэлмэнтэй өрсөлдөж хожсон. Тэрбээр “Ханжоу-2022” Азийн 19 дэх наадамд улсаа төлөөлөн оролцож байв. Монголын гольфийн холбооноос зохион байгуулах энэ жилийн УАШТ наймдугаар сард болно. Гадаадад ажиллаж, амьдардаг гольфчид эх орондоо ирж тус тэмцээнд оролцдог болохоор өрсөлдөөн ихтэй болдог. Тэд дэлхийн чансаанд багтахын тулд улсдаа зохион байгуулж буй томоохон тэмцээнд оролцож, оноо авахыг зорьдог юм. Тамирчин хүн амжилт гаргахад өөрийнх нь бэлтгэл сургуулилалт, ур чадвараас гадна гэр бүлийнх хандлага, хүлээж авах байдал, ивээн тэтгэдэг байгууллагынх нь дэмжлэг багагүй нөлөөлдөг. Амжилт заримдаа тааварлашгүй санагдах үе бий. Тэмцээнд бүх хүчээ дайчилж тоглоод хожигдож байхад оролцоод үзье гэж талбайд гараад хожих тохиолдол бий.
-Та цохиураа хаанаас захиалж авдаг вэ. Гольфийг өртөг өндөртэй спорт гэж ярих юм билээ.
-Хүмүүс биедээ хувцас тохируулж өмсдөг шиг тамирчид ч бас цохиураа тааруулдаг юм. Монголын гольфчид цохиураа гадаадын орнуудаас захиалж авдаг. Хоёр жилийн өмнө эгч минь анхныхаа цалингаар БНСУ-д үйлдвэрлэсэн цохиур худалдан авч, бэлэглэхэд их баярласан. Цохиурын брэнд нь өөр ч ижил материалаар хийгддэг болохоор чанартай байдаг. Тэр үед би өсвөр үеийнхний ангилалд оролцдог байсан тул хэдэн жил тоглоод сольсон. Гольфчид мэргэжлийн тамирчин болох үедээ цохиураа хүндрүүлдэг юм. Тиймээс эмэгтэйчүүд эрэгтэйчүү дийн цохиураар голдуу тоглодог. Гольф өртөг өндөртэй спортод багтдаг. Цохиур, бөмбөг, хувцас хэрэгслээс гадна талбайд гарч бэлтгэл хийх, тэмцээнд оролцоход хүртэл үнэтэй. Намайг амжилт гаргуулахын тулд гэрийнхэн минь тал бүрээс дэмжиж, маш их сэтгэл гаргаж байгаа.
-Мэргэжлийн тамирчдаас хэний ур чадвараар бахархаж, давуу талаас нь суралцан тоглолтдоо хэрэгжүүлэхийг хичээдэг вэ?
-Гольфоор хичээллэж, амжилт гаргасан гадаадын тоглогчдоос БНСУ-ын тамирчин Сумин О-гийн ур чадвараар их бахархдаг. Бид насаар чацуу, үе тэнгийнх. Түүнийг гольфийн мэргэжилтнүүд дэлхийн шилдэг, ирээдүйтэй тамирчдын нэг гэж үнэлдэг. Олон улсын тэмцээнд тогтмол оролцдог тэрбээр туршлага хуримтлуулсныхаа хэрээр маш ухаалаг тоглодог. Хол зайд сайн цохидог ч бүх шийдвэр нь аюулгүй, эрсдэлгүй байдгаараа олон улсад алдартай. Түүний давуу талаас зөвхөн би ч гэлтгүй олон орны тамирчид суралцахыг хичээдэг. Мэргэжлийн тоглогчдоос “Токио-2020” олимпын наадмын алтан медальт, дэлхийн чансааг тэргүүлж буй АНУ-ын тамир чин Нелли Кордагийн гайхалтай тоглолтууд өөрийн эрхгүй сонирхол татдаг юм.