
ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам, Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг тэргүүтэй 26 хүнд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 06-ны өдрийн 09.00 цагт товлогдсон байсан.
Гэвч “Ковид-19” цар тахлын улмаас шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, хурлын товыг жич танилцуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас дээрх нэр бүхий хүмүүст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 1, 22.4 /Хахууль авах/ дүгээр зүйлийн 3, 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 /Хахууль өгөх/ дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн юм.