
Нийслэлд хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед 15 салбар, чиглэлийн байгууллагын ажилтнууд QR код бүхий зөвшөөрлийн дагуу замын хөдөлгөөнд оролцож буй. Тэгвэл энэхүү журмыг жүжигчин А.Ганчимэг болон түүний дүү А.Батмандах нар зөрчсөн гэх мэдээлэл өнөөдөр /2021.01.07/ нийгмийн сүлжээнд тархсан.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас дараах мэдэгдлийг гаргажээ.
Хатуу хөл хорио тогтоож, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй энэ цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар салбарын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд Шуурхай штаб байгуулан ажиллаж байгаа бөгөөд агентлаг дээр ажиллах нэн шаардлагатай албан хаагчдын автомашинд QR код олгосон билээ.
Харамсалтай нь жүжигчин А.Ганчимэгийн төрсөн дүү нь өөр дээрээ авсан QR кодоо бусдад ашиглуулсан зөрчил гаргасан тул байгууллагын зүгээс тус ажилтанд хариуцлага тооцох болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Жүжигчин А.Ганчимэгийн төрсөн дүү нь тус газрын Захиргаа удирдлагын газрын мэргэжилтнээр ажилладаг бөгөөд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжээд буй энэ үед гамшгийн асуудлыг хариуцан ажиллаж байгаа билээ.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар