
Улсын Онцгой комиссын Шуурхай штабын хуралдаанаас гарсан шийдвэрийг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг танилцууллаа.
Тэрбээр "Цар тахлын улмаас БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийг авах тусгай үүргийн нислэг өнгөрсөн арваннэгдүгээр сард цуцлагдсан. Тэгвэл энэ сарын 15-нд БНСУ руу нэг удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр боллоо. Тус нислэгээр 11 сард эх орондоо ирэхээр тийз нь баталгаажаад байсан 150-160 иргэнийг авчирна.
Хилийн чанадад нутаг буцах хүсэлтэй 6,787 иргэн байгаагаас 4,000 гаруй нь БНСУ-д байна. Нутаг буцах хүсэлтэй иргэд Элчин сайдын яаманд ихээр ирж байгаа нь БНСУ-д мөрдөгдөж буй хөл хорионы дэглэмийг зөрчиж байгаа тул олноороо Элчин сайдын яам дээр очихгүй байхыг зөвлөж байна" гэлээ.