
Төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаа албан хаагчдыг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг шаардлагуудыг хангаж байгаа, эсэхэд Төрийн албаны зөвлөл хяналт шалгалт хийхээр болжээ. Тодорхой хэлбэл, Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдыг хүн нэг бүрд хяналт шалгалт хийхээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах албан хаагчид тавих нийтлэг шаардлагыг тодорхойлсон байдаг. Үүнд Монгол Улсын иргэн байх, дээд боловсролтой байх, гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээгүй байх, эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан байх, цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх зэрэг шаардлагууд хамаарна. Энэхүү шалгалтаар төрийн жинхэнэ албан хаагчдыг давхар иргэншилтэй эсэх, боловсролын баримт бичиг нь жинхэнэ эсэх, авлига албан тушаалын болон бусад гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан эсэх зэрэг асуудлуудыг шалгаж тогтооно.