Маргааш буюу 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг бууруулж, тодорхой ААН-үүдийн үйл ажиллагаа нээж буйтай холбоотойгоор ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улс дотоодод халдвар гарснаас хойш хоёр сарын хугацаанд 1.2 сая хүнийг шинжилгээнд хамруулж, 1300 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчиллээ.
Халдвар гарсан аймгууд бүгд халдваргүй бүс болоход ойрхон байна. Сэлэнгэ аймаг, Замын-Үүд суманд халдвар гараагүй 18 хонож байна.
Улаанбаатар хотод нөхцөл байдал арай өөр байна. Маргаашнаас эхлэн хөл хорионы дэглэм суларч байгаа учир амны хаалтаа зүүж, гараа ариутгаж, зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөхийг хүсэж байна.
Өдөрт илрэх тохиолдлын тоо нэмэгдэж байхад дэглэмийг сулруулж байгаад зарим иргэд шүүмжлэлтэй хандаж буй тал бий.
Улаанбаатарт өнөөдрийн байдлаар нийт 603 тохиолдол бүртгэгджээ. Цаашид иргэд ковидтой үеийн амьдралын шинэ хэв маягт дасан зохицох хэрэгтэй болж байна" гэв.
