Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уртын болон шог дууг олон янзаар нэрлэдэг

Захчин түмний “Тонжоо” наадамд оролцоод ирсэн соёл судлаач Д.Ганпүрэвээс явсан газрынх нь сонин сайхныг тодрууллаа. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд орон нутагт угсаатны соёлын наадам хийх болсон нь мартагдсаныг сэргээх, уламжлуулан дэлгэрүүлэх, хөгжүүлэх ач холбогдолтой” хэмээсэн. Үүний зэрэгцээ судалгааны явцад олсон мэдээллээсээ хуваалцсан нь сонирхол татав. Уртын дуу судлаач эрдэмтэн Г.Ренчинсамбуу 1959 онд хэвлүүлсэн “Монгол ардын дууны төрөл зүйл” номдоо шог болон уртын дууны талаар ийнхүү бичсэн байжээ. Шог дууг захчингууд хокир, дөрвөд, баядууд мактаар, торгуудууд харганайн дуун гэдэг байж. Тэгвэл халхууд завхай дуу гэж нэрлэдэг байжээ. Уртын дууны хувьд халхууд найрын дуу, уртын дуу, айзам дуу гэдэг. Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийн зарим сумд суман дуу ч гэх нь бий гэнэ. Дорнод болон өмнийн говийн болон төвийн аймгийн зарим сумд төрийн дуу гэж нэрлэдэг байсан аж. Боржигон овгийнхон уртын дууг төрийн, мөн хуримын хэмээн тодотгоно. Буриад, баргууд болохоор бэхлэг дуу гэх. Харин баруун монголчууд айзам дуу, шастир дуун гэдэг байна.