Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг дэмжлээ. Энэхүү төв нь эрсдэлийг урьдчилан илрүүлж, эрт сэрэмжлүүлэх, болзошгүй аюулыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэн, салбар хоорондын уялдаа холбоог хангах зорилготой юм. Тус төвийн үйл ажиллагааг энэ оны тавдугаар сараас эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Бид гал гарсны дараа гал унтраадаг тогтолцоотой байна. Галыг гарахаас өмнө буюу аливаа халдарт болон халдварт бус өвчин дэгдэхээс сэргийлж, эрт илрүүлдэг тогтолцоог бий болгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, аливаа өвчнийг урьдчилан таамаглах, төлөвлөх, Монгол Улсад бүртгэгдэж буй өвчлөлүүдэд тогтмол хяналт тавих нь дараа жилийн төсөвт аль өвчний эсрэг илүү анхаарч, дархлаажуулалт болон хамгаалалтын арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг тодорхойлох чухал ач холбогдолтой. Энэ нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах дархлааны тогтолцооны үндэс болно.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр “Digital First” бодлогын хүрээнд эмийн үнийн ил тод байдлыг хангах зорилгоор em.hdc.gov.mn цахим системийг нэвтрүүлсэн. Иргэд эмийн сангуудаар явахгүйгээр шаардлагатай эмийнхээ үнэ, олдцыг бодит цаг хугацаанд харах, харьцуулах боломжтой болсон. Ингэснээр иргэд хамгийн хямд үнэтэй эмийг сонгон худалдан авах, эмийн үнийн хөөргөдлийг хянах нөхцөл бүрдсэн. Эрүүл мэндийн даатгалаас ямар тусламж авснаа И-Монголиа-гаас хардаг болсон. Даатгуулагч иргэд сар болгон өмнөх сард ЭМД-аас ямар тусламж үйлчилгээ авснаа хянах боломж бүрдсэн. Ингэснээр ЭМС-гийн санхүүжилтэд иргэн өөрөө хяналт тавьж, эмнэлгүүд хуурамч нэхэмжлэл илгээх зэрэг сангийн хөрөнгийг хууль бусаар ашигласан зөрчил гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн.
Вакцинтай холбоотой иргэдийн эргэлзээ их байх шиг байна. Вакцины чанарт эргэлзэх хэрэг байхгүй. Тухайлбал, Улаанбурхан өвчний эсрэг вакцин Энэтхэгт үйлдвэрлэдэг вакциныг дэлхий даяар тараадаг учир чанартай вакцин юм" гэх мэдээллийг өглөө.