Залуу зохиолч Г.Барсболдын бүтээлийг энэ удаад онцолж байна. Г.Барсболд нь яруу найргийн “Өгөөмөр харцанд тань”, “Ялагдал”, “Балархай хүмүүс” түүвэр хэвлүүлсэн бөгөөд өөрийн анхны өгүүллэгийн ном болох “Хүлцэнгүйн арван дүр”-ээ уншигчдад хүргээд удаагүй байна. Тэрбээр “Tagtaa Prize-2022” утга зохиолын шагналын өгүүллэгийн төрөлд шилдэг гурван оролцогчийн нэгээр тодорч байв. Түүний “Хүлцэнгүйн арван дүр” бүтээлээс “Бага хар идээ” өгүүллэгийг уншигч танд хүргэж байна.
Бага хар идээ
(Өгүүллэг)
-Аав миний хөлийн шөрмөс татаад байна…
-Аав нь үлгэр яриад өгөх үү?
-Би жаахан хүүхэд байхаа больчихсон, өөр гоё түүх яриад өгөөч.
-Том эр байх нь ээ хэмээхдээ дотор минь шархийх шиг болов Сөөвгөр үр минь миний үгүйрч мартагдсан төсөөллийг сануулав. “Аав нь ярьж өгье өө”.
Оддын гэрэлд хоосон харанхуйгаас ялгарах хатсан дэрсийг андууран алдсан хонио мөн байх гэж итгэхдээ хар гүйхээрээ очиж үзсээр ядрахаа ч мэдэхгүй, зүгээ ч мэдэхгүй гүйж явлаа.
-Хэн?
-Гэсэр. Арван тав орчим насны л, нүүрээрх сэвхийг нь үргэлж бурзайсан хөлс нь далдалж явах хүү. Оройн цагаан гэгээ татаж ахуй бүгчим орой хонь нь салхидах зүг ч хайгаад олохгүй гэрээ тойрч байснаа харанхуй болохын хэрээр гэгээтэй цуг цааш одсоор алга шүү.
-Сар яасан юм бэ? Алиман ч болтугай сар нь?
-Алиман сар ч үгүй. Үүрээр л үзэгдсэн байх даа бодвол. Гэхдээ харанхуйгаас айгаагүй ээ. Гэр сахиж хоёул үлдээд ганцаараа ийнхүү харанхуй, хоосныг гэтлэн хонио бас итгэл найдвараа хайж явах... Гэртээ буй дүү нь л айдсаас өөр юу ч үгүй үлдсэн дээ.
-Хонь нь хаа байгаа юм бэ?
-Харанхуй, эд юмсыг харамчаас илүү нуудаг. Харин чимээг бол үгүй. Хүү хамаг тэнхээгээ цуцтал алхаж аснаа гэнэтэд зогтусвал мал тургих түүнд сонстоно. Өнгөрөөд явчхаж гэж бодохдоо харих зүгээ олоход нэг л итгэлгүй тургилах сүрэг рүү алхаллаа.
-Яаж харьсан бэ?
-Хүн таван од зүглээд гэрээсээ гарсан учир одоо долоон бурхны эсрэг М хэлбэр нь хэрхэн харсныг баримжаалаад тууж явна. Сэтгэл хэзээ ч тайван байж чадахгүй тийм л өчүүхэн оршихуйн “ач”-аар одоо ямар нэг далдын зөн совингоос айн, ширвээтэж эхэллээ. Араас нь морьдын хөлийн чимээ гарч “Аав аянаас эргэж ирээд намайг хайж” гэх бодол зурсхийх хүртэл айдас үргэлжлэв. “Аятай байна уу?” гэх мэндээр эцэг бишийг мэдээд эргээд өнөөх айдас хэд дахин нэмэгдэж хоньтойгоо цуг сүнс нь үргэх дөхөн “Аятай. Аятай байна уу?” хэмээхүйд хоолойн чичрэх нь цасны чийхрах дотоод чимээ шиг аж. “Хонио алдаа юу?” гэх асуулт нэг ёжлонгуй өнгөтэйгөөр сонорт нь тусахуй.
-Юу болчхов?
-Алдсан нь хонь нь биш ээ. Үл таних морьтонтой цуг (үгүй ээ ёс суртахуунтайгаа цуг) өнөөх сүргээ буцааж туугаад нэгэн хотын ингэн зэл хүрэхэд хүсээд байсан алиман биш алман сар чинь гийж байсан. Амарч аваад эрлээ үргэлжлүүлэхээр айлд ороход босго гишгэх зайгүй хөгшин хөвөө нь хоймроор, хүүхэд багачууд нь хатавчаар нойрсож байлаа. Чингээд үл таних морьтонтой гадаа ярилцсаар өглөө болгов. Өдөр болгов. Орой болгов. Маргааш болгов.
II.
Морьтон хүүг Дээдмандал гэдэг. “Чамайг эрэлдээ хатан хаяанаас хонь туугаад явахад чинь исэг бүлэх чимээ сонстоогүй юу? Уг нь хамгийн бага “урваач” дүүгийн ээлж байсан сан. Биеэр жижиг учир гэрт унтах зай олдож л дээ. Тэрнээс энэ гэрт шөнө бүр хоёр хүн багтахгүй гадаа хонодог юм. Нэг нь хонио манаж, нөгөө исэг бүлж шөнийг бардаг юм даа” хэмээхэд нь:
-Урваач гэдэг нь юу гэж байгаа юм?
-Энэ айлд бид нар бүгдээрээ урваж ирсэн юм.
-Яаж тэр вэ?
-Би лав энэ айлыг ядарсан хоёр хөгшин манай хажуугаар нүүж өнгөрөхөд нь цай хүргэж өгөх гэж ирээд л тэр чигтээ дагаад ирсэн юм даа. Дагаж явж байгаад эргээд харахад эмэг минь ухнын хөг гартаа барьчихсан намайг гараа эцтэл даллаж зогссон сон. Одоо гэгээ орохоор танай хонийг хамт хайлцаж өгье.
-Одны зүгээ баримжаалахад зүүн урдаас л ирсэн дээ. Ойр хавь хонь хоносон хэвтэр бол алга аа. Хонио олтол бусад дүү нарын чинь хэрхэн урваж ирснийг сонсож болох уу?
-Бусад нь надаас ялгаагүй дээ. Бүгд л ирсэн хойноо буцахыг нэг ч боддоггүй юм шиг байгаа юм. Хайланг урваад ирснээс хойхно аав ээж нь арга ядахдаа:
“Бууртай ингэний захад
Буйлтай тэмээ буйлна лээ
Бусдын хатавчинд нуугдах
Булцгар үрийгээ яана даа
Сүргээсээ хулжсан атандаа
Салхинд ургасан зэрэглээ нь хань даа
Саахалтдаа урвасан үрд минь
Сүүнд чанасан мах л амттай даа...
гэсэн дууг бадаг бадгаар нь нэг нэгээрээ уйлан уйлан дуулаад хаяанд минь хоол унднаас гарч хэд хоноод ерөөл тавиад л явсан даа.
-Хонь ч олдохгүй нь ээ. Магад би буруу зүг рүү эрсэн байж, буцъя даа одоо.
-Гэрээ хаана байгааг мэдэж байна уу. Хаваржааны ганц гэрээ сэтгэлээсээ ч эрээд олохгүй мартчихсан манайд ирж байсан хүү байдаг юм.
-Би нэг их хол яваагүйгээ мэднэ ээ. Гэхдээ шөнө явсан болохоор манайх энд нүүж ирээд удаагүйдээ ч тэр үү газрын баримжаа муу байна. Шөнө л хөдөлье дөө. Оддын баримжаагаа харвал магад харина байх.
Дээдмандал, Гэсэр хоёрыг эгэн ирэхүйд урвасан хүүхдээр дүүрэн айл уринд идүүлсэн улаан мах ундаанд чанасан идээгээр угтвай. Гэсэр бага хар идээнээс нэгэн хэсэг амсахуй гэрээ харанхуйд л олно гэсэн итгэл бага багаар харанхуйлж эхлэхийг үл мэдэрсэн ч дууны үгийг гэнэтэд саналаа.
“Саахалтдаа урвасан үрд минь
Сүүнд чанасан мах л амттай даа...”
Хутгаа түрийлээд үг дуугүй гарахуй махны амт араанд нь уусах мартагналын манантай ирж байв аа.
III.
-Хонь хааччихсан юм бэ?
-Гэрийнхээ зүүн урд хаяанд хоносон.
-Аав, дүү хоёроо санаж байгаа болов уу?
-Аав, дүү хоёр нь л мартаагүй дээ, хүү минь