Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар “Монгол Улсын түүх” (I-XXX боть) зохиох ажлыг 2027 оны гуравдугаар сард багтаан дуусгахаар Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийнхэн тэргүүтэй 150-иад түүхч шамдан ажиллаж байна. Түүх сөхвөл, анх Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бүрэн түүхийг 1954 онд нэг, 1966-1968 онд дэлгэрүүлэн гурван боть хэвлүүлснээ 1984 онд нэгтгэн шинэчилж нэг боть эрхлэн гаргасан бол хамгийн сүүлд 2003 онд “Монгол Улсын түүх” нэртэй таван боть эмхэтгэн хэвлүүлжээ.
Хорь гаруй жилийн дараа улсынхаа бүрэн түүхийг нарийвчлан тодруулж гаргах хүндтэй даалгавар авсан эрдэмтэн, судлаачид шахуу давчуу хугацаанд 30 боть зохиох гэж буй бөгөөд тус бүтээлийн ерөнхий редактор, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндоржтой ярилцлаа.
-Монголын түүхийг 30 ботиор зохиож, хэвлүүлэх шаардлага, үндэслэл юу байв. Богино хугацаанд ийм олон боть бичнэ гэдэг амаргүй байж таарна.
-Монголын түүхийн 30 боть зохиож, хэвлүүлэх Төрийн тэргүүний зарлиг хоёр жилийн өмнө буюу 2024 оны арваннэгдүгээр сард гарч, тухайн үеийн Засгийн газарт хариуцуулсан юм. Гэвч тодорхой эзэнгүй орхигдсон учраас энэ салбарын төв байгууллага болох ШУА-д 2025 оны сүүлчээр хариуцуулан эзэнжүүлж, 13 хүний бүрэлдэхүүнтэй редакцын зөвлөл байгуулсан. Мөн боть тус бүрд хариуцсан редакторууд томилсон байгаа. 30 ботийг Монголын эртний түүхээс Эзэнт гүрэн хүртэлх 10 боть, Их Монгол Улс болон түүнээс хойш XII зуун хүртэлх 10, Чин улсын эрхшээлээс өнөөг хүртэлх 10 боть гэсэн гурван үечлэлээр хуваан, 150-иад эрдэмтэн тус тусын чиглэлээр бичиж байна. Салбартаа, мэргэжлийнхэндээ хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байгаа гэж ойлгож болно.
Ардчилсан хувьсгалаас хойш манай түүхчид эх түүхээ эргэн харах, засаж залруулах, үзэл суртлын улмаас зориуд орхигдуулсан хэсгийг нь тодруулан гаргах, бодит судалгаа, сурвалжид тулгуурлан шинээр бичих үйл хэрэгт ханцуй шамлан орж, профессор А.Очирын удирдлага дор 2003 онд бүрэн түүхээ эмхэтгэн “Монгол Улсын түүх” нэртэйгээр таван боть хэвлүүлсэн шүү дээ. Түүнээс хойш манай түүхчид өөрсдийн чиглэл тус бүрээр хийсэн судалгааны шинэ ололт, амжилтуудаа нэгтгэн дүгнэж, агуулгуудаа нарийвчлан цэгцлээд, нэгдсэн байр сууриа дотоод, гадаадын түүх сонирхогчдод хүргэхийг арав гаруй жилийн өмнөөс л ярьж ирсэн. Энэ бол манай эрдэмтдийн санаачилга. Тиймээс миний бие 2021-2025 онд Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллахдаа монголчууд ер нь улсынхаа бүрэн түүхийг юу гэж ойлговол зохилтой вэ гэдэгт анхаарч, нэгдсэн байр суурьтай шинэчлэн бичих асуудлыг төр засгийн түвшинд хөндөн тавьж, ажил хэрэг болгоход анхаарсан. Яагаад үүнийг хийх ёстой вэ гэхээр нэгдүгээрт, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монголын түүхийн үе болгонд судалгаа гүнзгийрсэн, хоёрдугаарт, гадаад, дотоодод суралцсан мэргэжлийн түүхчдийнхээ шинэ сонин бүтээл, судалгааны ололтуудыг нэгтгэн дүгнэх цаг үеийн шаардлага байлаа. Гуравдугаарт, ард иргэдийн түүх, өв соёлоо сонирхох хүсэл, хандлага нэмэгдсэнийг дагаад мэргэжлийн бус хүмүүс түүхийг хэт өнгөц дүгнэж, дур зоргоороо тайлбарлан, олон нийтийг төөрөлдүүлэх, талцуулах явдал нэмэгдсэн учраас нэгдсэн байр сууринд хүрэх үндэслэл, шаардлагын үүднээс бүрэн түүхээ шинэчлэн бичиж байна.
-Түүхчид гэлтгүй, эрдэмтэн, судлаачид ер нь нэгнээ их үгүйсгэдэг шүү дээ. “Монгол Улсын түүх” (I-XXX боть)-ийг бичих эрдэмтдийн зөвлөлд ямар хүмүүсийг оруулсан бэ, судлаачид аль нэг талыг барилгүй шударга байж чадах уу гэхчлэн нийгмийн сүлжээнд аль хэдийн маргаад эхэлсэн байна лээ.
-Эрдэмтэн, судлаачид өөр өөрийн үзэл бодол, байр суурьтай байх нь зүйн хэрэг. Тэр мэтгэлцээн дундаас үнэн тодорно. Энэхүү 30 ботид Монголын түүхийн олон үе, чиглэлээр нарийн мэргэшсэн, мэргэжлийн шалгуур шаардлагыг хангасан, өндөр ур чадвартай мэргэжлийн судалгааны хүрээлэн, төв, музей, их, дээд сургуулийн нийт 150 шахам түүхч эрдэмтэн ажиллаж байна. Есөн академич, шинжлэх ухааны доктор (Sc.D) 19, доктор (Ph.D) 107, цөөн хэдэн магистрантыг техникийн туслахаар ажиллуулж байгаа. Судалгааны тус тусын чиглэл бүрээр л мэргэжлийн хүмүүсийг аль болох бүгдийг нь хамруулж, холбогдох ботиудад оруулсан. Монголынхоо бүрэн түүхийг бичих гэж байгаадаа манай түүхчид гүн хүндэтгэлтэй, ихэд хариуцлагатай хандаж байгаа. Судлаач хүнд нэр төр гэж чухал юм бий. Баталгаа, нотолгоогүй зүйлийг хэзээ ч оруулахгүй.
Монголын эзэнт гүрний түүхийн хэсэг өмнөх таван ботид агуулга нь арай дутуу дулимаг орсон тал бий. Одоо бол түүхийн үе болгоныг илүү нарийвчлан авч үзэж, шинэ судалгаагаар гүнзгийрүүлэн баяжуулж, зарим маргаантай байсан хэсгийг тодруулан нэг талд нь гаргаж, огт судлагдаагүй орхигдсон он цагийг ч нөхөж оруулах болсноороо ач холбогдолтой. Шулуухан хэлэхэд, Монголын түүхийн талаарх ерөнхий мэдлэг, ойлголт нэлээд дулимаг бүхэл бүтэн үе байна. Социализмын үеийнх шигээ санаад, түүхчдийг өнөө хэр үзэл суртлаасаа салаагүй мэтээр ой тойндоо суулгачихсан хүмүүс бишгүй. “Сайн дурын түүхч”-ийн бичсэн зүйлд автаад, “Манай түүхчид худлаа бичдэг” гэх мэтээр талцаж, маргаад байдаг. Гэтэл өнгөрсөн 36 жилийн хугацаанд манайхны судалгаа түүхийн үе болгон дээр илүү нарийсаж, гүнзгийрсэн гэдгийг дээр хэлсэн. Ядаж 2003 онд манай хүрээлэнгээс гаргасан таван ботиос эхлээд мэргэжлийн түүхчдийнхээ гаргасан сүүлийн үеийн судалгаа, ном бүтээлийг тогтож уншиж, харьцуулж байгаасай гэж хэлмээр санагддаг. Залуучууд бол өөр болсон.
Уншуулах ажлыг хийхгүй байгаа юм биш үү? -Тэгж бодохгүй байна. Хэрэв уншаад үздэг бол манай түүхийн сурах бичиг ч шал өөр болсон. Судлаач хүн алхам тутамдаа л шинийг эрэлхийлж, судалгаагаа ахиулахыг хичээдэг. Яах вэ, хийсэн судалгааны бүтээлээ олон нийтэд хүргэх тал дээр манайхан янз бүр л дээ.
-Таван боть түүхээ уншаагүй байгаа хүмүүс 30-ийг унших болов уу. Ихээхэн ажил болж хийсэн мэргэжлийн судлаачдынхаа бүтээлийг цаашаа олон нийтэд хэрхэн хүргэх вэ гэдэг асуудал урган гарна.
-Ер нь манай нийгэмд үл итгэх хандлага газар авчээ. Улс төрчдийн буруу үлгэр дуурайл ч их нөлөөлдөг бололтой. Түүхчид Монголын түүхийн 30 боть бичнэ гэнгүүт “Ард нь хэний захиалга байна вэ”, “30 ботийг хийсэн хүмүүс нь зараад баяжих нь” гэсэн хардлага ч гарч мэднэ. Бидний хувьд ашиг орлого битгий хэл, 30 ботио цаашаа хэрхэн хүмүүст хүргэх вэ гэж бодох сөхөөгүй, завгүй байна. Эхлээд бүтээлээ дуусгаж, хэвлүүлэх хэрэгтэй. Дараа нь олон нийтэд аль болох хүртээмжтэй байдлаар хүргэх, төрөл бүрийн хэлбэрээр мэдүүлэх шаардлага мэдээж бий. Ямар ч байсан 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн номын сангуудаар тараах нь дамжиггүй. Сонирхсон хүмүүс боть ботиор нь аваад унших боломжтой. Цахим орчинд үнэгүй байршуулах, цуврал подкаст хийх зэргээр хүргэж болно.
Ерөнхийлөгчийн зүгээс санаачлан бүтээлгэсэн өмнөх номуудаа цахим платформуудад үнэгүй байршуулсан байдаг юм билээ. Хүсвэл хэн ч ороод унших боломжтой. Тиймээс үүн шиг түүх, соёлоо үнэхээр сонирхдог хүмүүс чанартай, хэрэгтэй мэдээллийг хаанаас олж үзэхээ мэддэг, тодорхой байгаасай гэсэн үүднээс нэгдсэн платформ бий болгомоор санагддаг. Түүх, өв соёлоо анхаарч, сонирхдог залуус нэмэгдэж буй энэ цаг үед монголчууд өөрсдийн гол эх сурвалж болдог 30-аад бүтээлийг ядаж нэгдсэн цахим системд үнэгүй оруулмаар байна. Өнөөдөр ганц “Монголын нууц товчоо” л цахимд нээлттэй байдаг, бусад нь алга. Даанч өнөөгийн нөхцөлд бидэнд тийм санхүүгийн боломж үгүй юм даа.
-Манайхан сүүлийн үед хэн нэгний түүхэн ойг тэмдэглэхдээ аймаг, орон нутгууд өмчлөөд, үнэ цэн, ач холбогдлыг нь жижигрүүлэх эрсдэлтэй болсон. Та үүнд юу хэлэх вэ?
-Яг үнэндээ Монголын өнөөгийн нөхцөлд үүнээс өөр боломж, нөөц хомс. Төр, нийгмийн зүтгэлтэн олон. Монголын төдийгүй олон улсын хэмжээний алдар гавьяатнууд, баатрууд бий. Тэр болгоны түүхт ойг улс нэгдсэн байдлаар зардал гаргаад тэмдэглэх эдийн засгийн боломж, чадамж алга. Болдог бол Нацагдоржийгоо, Өндөр гэгээн Занабазарыг, Ринчен гуайг, Чойномоо улс даяараа л дурсаж, түүхэн ойг нь тэмдэглэмээр. Гэтэл үнэндээ тийм боломжгүй байгаа учраас аймаг, орон нутагт нь хариуцуулж, зардал мөнгийг нь шийдүүлээд түүхэн хүмүүсээ дурсаж байгаа нь их юм болчхоод байна. Ямар сайндаа би Ерөнхий сайд байсан Анандын Амарын 140 жилийн ойг Булган аймагт тэмдэглэх үеэр хэлэхдээ “Уг нь Амар бол Булганы хүн биш, Монголын төр, нийгмийн зүтгэлтэн. Энэ ойн арга хэмжээг Булганы Засаг дарга нээх биш, Монгол Улсын Ерөнхий сайд ирж үг хэлэх учиртай юм” гэсэн.
Өнгөрсөн жил Бямбын Ринчен гуайн 120 жилийн ой тохиоход бид Засгийн газраар тогтоол гаргуулсан ч тэмдэглэх санхүүжилт нь олдохгүй, арга ядаад Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай очиж уулзсан. Ринчен гуайн нэрэмжит монгол хэлний олимпиадыг зохион байгуулах зардлыг нь орон нутгаар шийдүүлсэн гэсэн үг. Үнэндээ бид санаатай түүхэн хүмүүсийн үйл хэргийг жижигрүүлээд байгаа юм үгүй. Улс төрчид бол нэг тогтоол, шийдвэр гаргаж өгөөд орчихдог. Тэр цаасыг нь бариад явхаар зардал, санхүүжилт шийдэгдэхгүй шүү дээ. Болдог сон бол түүхэнд үлэмж гавьяатай хүмүүсийнхээ ойг хамгийн тод томруунаар, өргөн хүрээнд зохиохыг л хүснэ. Одоо Батмөнх даян хааны ойг Өмнөговийнхон тэмдэглэх сурагтай байгаа. Тэр нь ч одоогийн нөхцөлд бараг зөв. Тэгээд ч болсон тэр хүмүүсийнхээ түүхэн гавьяаг дурсаж, мэдүүлж байх хэрэгтэй. Манай улсын төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нүүр царай л энэ.
-Сүүлийн үед залуучууд түүхэн кино бүтээл рүү хошуурдаг болж. Гэхдээ алдаа мадаг их байгааг шүүмжилдэг. Түүхчдээс зөвлөгөө авахгүй байна уу. Эсвэл түүхчид нь цааргалдаг юм болов уу?
-Ер нь манай кино уран бүтээлчид мэргэжлийн түүхчидтэйгээ хамтарч ажиллая гээд бидэнд хандах нь цөөн дөө. Заримтай нь таарахаараа “Асуучихгүй яав даа” гээд шууд хэлдэг. Хэрэв “Бид ийм кино хийх гэж байна, туслаач” гээд хэлбэл манай түүхчид хэзээ ч хойш суухгүй. Өөрөө амжихгүй байсан ч завтай, боломжтой хүмүүстэй нь холбоод өгнө. Түүхэн гэх тодотголтой орчин үеийн кинонуудыг харахаар яг үнэндээ ичмээр л байдаг. Гэхдээ залуус эх түүх рүүгээ өнгийж, эрсдэлтэй нөхцөлд ч гэсэн зоригтой алхам хийж байгаа нь сайн хэрэг. Түүхэн бүтээл гэдэг асар их зардал шаардана. Ийм нөхцөлд түүхчид уран бүтээлчдийг аль болох л дэмжих хэрэгтэй гэж би боддог. Бид түүхч хүн учраас энэ тал дээр чадлынхаа хэрээр туслахыг хүснэ. Тэглээ гээд киноны уран бүтээлчдээс мөнгө, төгрөг авахгүй. Үнэгүй зөвлөгөө өгөхөд манайхан хэзээд бэлэн.
Ганц нэг кинонд би зөвлөх маягаар ажиллаж үзсэн. Нэг асуудал нь бид зөвлөхөөрөө нөгөө киног нь уран сайхных биш, баримтат бүтээл болгочих гээд байдаг юм билээ. Юм болгон дээр нь “наадах чинь болохгүй, энэ нь хэрэггүй” гэнэ, эсвэл “Бодит түүхэнд хэзээ ч ийм юм болоогүй” гэж үгүйсгээд уран бүтээлийн эрх чөлөөнд нь халдаад, дургүйг нь хүргэчих гээд байх талтай биз. Масс буюу олон нийтэд зориулж хийсэн бүтээлд үзэгчдийн сэтгэлийг хөндөх уран сайхны хэтрүүлэг зайлшгүй байдаг юм билээ. Гэхдээ түүхэн баримтат үйл явдалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Ядаж түүхэн бодит хүн, бодит үйл явдлыг гажуудуулахгүйн тулд зөвлөгөө авдаг байгаасай. Төрийн наадмын нээлт, хаалтаар ч байсан биднээс зөвлөгөө авахыг хүсвэл бүрэн нээлттэй.
-Хүнээс юм асуухаар өөрөө доошоо орчих гээд байгаа шиг санадаг залуус бишгүй болжээ.
-Би энэ судлаач залуустаа ч их хэлдэг. “Хан Хэнтий налайж байна гэдэг шиг хажуугаар чинь өчнөөн мундаг доктор, профессорууд сууж байхад гүйж ороод юмаа асууж лавлаач ээ. Зөв, буруугаа ч мэдэхгүй, өөрөө нухаад байх юм” гээд. Хүн мэдэхгүй, чадахгүй байж болно. Мэддэг хүнээс нь асуухад юуны буруу байх билээ. Манай эрдэмтэн, судлаач нар хэзээ ч “Би наад сэдвийг чинь олон жил судалсан. Чи надад мөнгө өгөх ёстой” гэсэн хандлага гаргахгүй. Кино болоод дэлгэцэд гарахаас нь өмнө, судалгааны ажлаа ном болгож хэвлүүлэхээсээ урьдаар мэддэг хүмүүсээс нь асуугаад, засаж сайжруулбал өөрсдөд нь л хэрэгтэй. Хэлэлцүүлэг, семинарын үеэр ч хэлсэн зүйлийг тусгаж авах тал дээр манайхан учир дутагдалтай л байх юм.
“Тангадын хараал туссан юм шиг” гээд өвөө, эмээ нар маань хэлдэг байж билээ. “Бүү мэд, мэдсэн хүний үгэнд бүү ор” гэсэн утгатай. Өөрөө юу ч мэдэх хэрэггүй, тэгсэн хэрнээ мэддэг хүний үгэнд бас битгий ор гэхээр айхавтар байгаа биз. Мөнхийн харанхуй, мунхгаар явна гэсэн үг шүү дээ.
Л.Ганчимэг