Орхон аймгийнхан өвлийн хүлэмжийн дэвшилтэт технологи нутагшуулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр БНСУ-ын “Агротек” компанитай хамтран ажиллах санамж бичиг саяхан байгуулжээ. Үүний хүрээнд тус компанийн захирал Ли Сон Чун Монголд ирж, дөрвөн улирлын хүлэмжийн инновац хэрхэн нэвтрүүлэх талаар газар дээр нь ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд хүлэмжид жилийн дөрвөн улиралд тасралтгүй тариалалт хийх боломж бүрдэх төдийгүй эл чиглэлээр хүний нөөц ч бэлдэх аж.
Аймгийн хэмжээнд нийт 20 га газарт ухаалаг хүлэмжийн цогцолбор байгуулахаар төлөвлөж буйгаа ЗДТГ-аас мэдээлсэн. Уг цогцолборыг ухаалаг, үржүүлгийн хүлэмжээс гадна задгай талбайн тариалалт хосолсон бүтэцтэй байхаар тооцож барих гэнэ. Улирлын хамаарлыг үлэмж багасгах уг төслийг хэрэгжүүлэхэд “Агротек”-ийн дэвшилтэт технологи голлох нөлөө үзүүлнэ. Хү лэмжийн угсралт, ашиглалт, үйл ажиллагааг хариуцах инженер, техникийн ажилтнуудыг орхончууд орон нутагтаа шат дараатай бэлдэж буй юм байна. Одоогоор 300 орчим өрх, 13 аж ахуйн нэгж газар тариалан эрхэлдэг бөгөөд тэднийг төсөлд түлхүү хамруулах нь. Ингэхдээ сургалт, зөвлөгөө, технологийн дэмжлэг, БНСУ-д туршлага судлуулах зэргээр дэмжинэ гэдгээ аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр хэллээ.
О.Ундрах