Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт хөдөлмөрийн хөлснийхөөс давсаар буй нь япончуудын амьжиргаа, бодит орлогод дарамт учруулж байна. Улмаар тус улсад бодит цалингийн хэмжээ өнгөрсөн онд дөрөв дэх жилдээ дараалан буурсан талаар Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлжээ.
Тус яамнаас мэдээлснээр 2024 онтой харьцуулахад өнгөрсөн жил инфляцыг тооцсон дүнгээр хөдөлмөрийн хөлсний бодит хэмжээ 1.3 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, нэрлэсэн цалин өссөн ч үнийн өсөлтийг гүйцэхгүй байгааг уг үзүүлэлт харуулж байгаа юм. Тодруулбал, Японы ажиллагсад өнгөрсөн онд сард дунджаар 356 мянган иен буюу ойролцоогоор 2200 ам.долларын цалин авчээ. Үүнд илүү цагийн хөлс, төрөл бүрийн урамшууллыг багтаасан байна. Харин иенээр тооцсон буюу инфляцыг харгалзаагүй нэрлэсэн цалингийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.3 хувиар өссөн нь таван жил дараалан үргэлжилж буй өсөлт юм.
Статистик мэдээллээс харахад суурь цалин дунджаар хоёр, нэмэгдэл хөлс 3.8 хувиар тус тус нэмэгдсэн боловч хүнс, шатахуун, нийтийн тээвэр зэрэг өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт үүнээс давж, бодит худалдан авах чадварыг бууруулсан байна.
Японы Хөдөлмөрийн яам үүсээд буй нөхцөл байдлыг тайлбарлахдаа жил бүрийн хавар зохион байгуулдаг цалингийн асуудлаарх уламжлалт хэлэлцээний үр дүнд 2024 болон 2025 онд хөдөлмөрийн хөлс мэдэгдэхүйц нэмэгдсэнийг онцолсон байна. Мөн хүн амын хөгшрөлт, ажиллах хүчний хомсдол нь компаниудыг цалингаа нэмэгдүүлэхэд хүргэсэн гол хүчин зүйлсийн нэг гэжээ. Гэвч инфляцын дарамт өндөр хэвээр байгаа тул цалингийн өсөлт нь өрхийн бодит орлогыг сайжруулахад хангалтгүй байгааг шинжээчид анхааруулж байна. Үнийн өсөлтийг тогтворжуулах, бодит орлогыг хамгаалах бодлого хэрэгжүүлэхгүй бол иргэдийн худалдан авах чадвар цаашид ч буурах эрсдэлтэй байгааг тэд онцолжээ.
Э.Сүйлэн